Нэг үеэ бодвол Тавантолгойн зүүн, баруун цанхиас олборлолт хийгдэж, энэ төсөл харьцангуй хөдөлгөөнтэй байгаа харагдавч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг өсгөх тал дээр манай төр засгийн залгамжилсан тааруу бодлого тээг саад болоод өнөөдрийг хүрэв. Салбарын сайд Д.Ганхуягийн хэлсэнчлэн Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгойн”-н 1072 ширхэг хувьцаа гэх биет бус хөрөнгийг эзэмшиж байгаа гэх. Уг нь энэ том ордоо түшиглэн гаргасан хувьцаан дээрээ дөрөөлөн эдийн засаг, нийгэмд нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц өөрчлөлтүүдийг дагуулж болох тухай ярьцгаан Засгийн газар Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой пи эль си” гэж компани байгуулахаар болж байв. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх тул багтахын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах шаардлагатай гэж байв. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахад энэ нь тулсан шаардлага биш байсан нь илт болов. Ёстой нөгөө “саваа бэлдээгүй байж саалиа бэлдэнэ” гэдгийн үлгэрээр манай нөхдүүд асуудалд ханддаг болохыг эндээс харж болно л доо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалахад гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк, Голдман Сакс банкууд хувьцааны борлуулалтын ажилд БиЭнПи Париба, Маквэари банкууд, хуулийн зөвлөхөөр Hogan Lovells компани шалгаран ажиллаж, тэд зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр болоод л байсан. Гэхдээ эхлээд Лондонгийн бирж дээр гаргахаар шаламгай ажиллана гэж буй ч хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг ч эцэслэн үзэглэчихээгүй л байж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд хувьцааны 29 хувийг нь гадаад, дотоодын бирж дээр арилжаална гээд заачихсан байдгийг санахад илүүдэхгүй.
Харин салбарын сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар үе шаттайгаар хийж байгаа гэж буй. Нөгөө “Чалко” компанийнхаа өрийг энэ онд багтааж төлж дуусгах төлөвлөгөөтэй гэх. Мөн Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Тавантолгойн уурхайг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан станцад шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажлын бэлтгэлийг хангаад явж байна. Эдгээр ажлуудын ард гарсны дараа “Эрдэнэс Тавантолгой” компани үнэ цэнэд хүрнэ. Сайн олборлогч компанитай болж олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргасан тохиолдолд иргэдийн хувьцааны үнэ цэнэ өснө. Ер нь бол энэ асуудал зах зээлийнхээ жамаар л урагшлах байх гээд байгаа. Гэхдээ сайдын ярьсанчлан зах зээлийн жамаараа явж чаддаг бол өнөөдөр өөр өнгө төрхтэй байж болох байсныг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар намуудын иргэдэд амласан 1-1.5 сая төгрөгийн асуудал зах зээлийн жамыг гажуудуулсан хэрэг болсон гэдгийг бас сайд нь хэлээд байгааг тодотгох нь зөв болов уу.
Ер нь бол энэ компанийн хувьцаа эзэмшигчид хоёр хэлбэрээр үр ашиг хүртэх боломж бий талаар яригдаж ирсэн. Төр эхлээд анхдагч зах зээл дээр хувьцааг нь байршуулаад, өөрийнхөө хувьцааг худалдчихна. Харин иргэд хоёрдагч зах зээл эхлэхээр худалдах боломжтой болно. Учир нь хоёрдагч зах зээл эхлээгүй байхад ямар ч хүн хувьцаагаа зарах эрхгүй. Харин хоёрдагч зах зээл дээр хувьцаагаа худалдсанаар анх авсан үнэ, худалдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүүгээс ашиг олох боломж гарна гэнэ. Нөгөөх нь ноогдол ашиг. Гэхдээ ноогдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тодорхой бус. Компани орлогоо олоод өр зээлээ бүгдийг нь төлөөд, ашигтай ажиллаж эхэлсэн үедээ л ноогдол ашиг өгөх боломж нээгдэнэ. Тэгвэл өөр бас хувилбар бий. Эрдэнэс таван толгойн 15 тэрбум ширхэг хувьцааны 20 хувийг монголын иргэн бүрт хуваарилсан асуудалд эерэг талууд байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн дээрх ноогдол хувьцааг зээлийн барьцаа болгон ашиглах боломж гарч ирж болохыг ч зөвлөхүүд хэлдэг. Аливаа зүйл эрсдэлтэй ойр байдаг болохоор өмчлөх эрхтэй холбоотойгоор эрсдэл бий болно. Түүнчлэн ядуу иргэд хувьцаагаа зарж бэлэн мөнгөөр солих эрсдэлийг зогсоохын тулд дор хаяж 5 жилийн турш худалдах боломжгүй болгож болох юм. Гэсэн ч санхүүгийн мэдлэг давуу зах зээлд оролцогчид мэдлэг муутай иргэдээс худалдан авах эрхийг нь эртнээс авч хувьцааны хар зах үүсэх магадлалтай учир ийм байдал гаргуулахгүйгээр хэрхэн зохицуулах талаар сайтар судалж үзэх нь зүйтэй гэдгийг ч хаа хаанаа үл тоож болохгүй л дээ.
Хувьцаагаа барьцаалж зээл авсан иргэд хувиараа аж ахуй эрхлэх, өргөжүүлэх, их дээд болон мэргэжлийн сургуульд суралцахад ашиглах гэхчлэн олон боломжууд гарч ирэх дүр зураг харагдаад байгаа юм. Гэхдээ зээл авах боломжгүй иргэдийг энэ хэлбэрээр зээлэнд хамруулах ёстой гэдгийг судлаачид тодотгож байсан. Ер нь бол зөвхөн Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа гэлтгүй, өөр ноогдол ашиг, ирээдүйн уул уурхайн үйлдвэрийн ашгийг хувьцаа хэлбэрээр нэмж тарааж болох бөгөөд энэ нь банк болон бусад санхүүгийн байгууллагуудын хувьд хангалттай зээлийн барьцаа болно гэдгийг судлаачид хэлж байна.Ингэснээр зээл авагчдын тоог нэмэхээс гадна уул уурхайн баялгийг жижиг бизнесийн хэлбэрээр капиталын хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрт хэрэглэснээр хүн капиталын хөрөнгө оруулалтад чиглүүлэх улмаар бүтээмж дээшлэх гэсэн эерэг дам нөлөө гарах боломжтой. Мөн уул уурхайн баялгийг бэлэн мөнгө хэлбэрээр бус харин санхүүгийн хөрөнгө хэлбэрээр олгох учир нийт эрэлтийг бууруулж инфляцийн дарамтыг мөн намжаахад ч тустай байж болох аж. Түүнчлэн нийгэм дэх бизнес сэтгэлгээг дэмжиж үр ашигтай сайн төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт асуудалгүй байдаг тогтолцоо бий болох боломжтой. Ийм механизмыг Зээлийн батлан даалтын хуультай хамтран хэрэгжүүлж болно гэх зүйлийг хэлэх мэргэжилтнүүд байгаа.
Түүнчлэн баялгийг барьцаалах механизмыг ямар хэлбэртэй байлгах талаар судлахаар мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах хэрэгтэйг ч зөвлөж байна. Тэрхүү зөвлөл нь бичил зээл, нийтийн өмчийг хувьчлах тал дээр олон улсын туршлагыг судлах, үр ашгийн судалгаа хийх, санхүүгийн мэдлэг сайтай агентууд мэдлэгийнхээ давуу талыг ашиглан боломжийг хаах, барьцаалагдах хөрөнгийг удирдах, хуваарилах агентлагийн зохион байгуулалтыг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэх ч байр суурь бий. Эдгээрийг өгүүлэхийн учир нь бид зарим асуудлыг хавтгайруулан улстөржүүлэлгүйгээр зах зээлийн зарчимын шийдлүүдээр шийдвэрлэж чадвал эдийн засаг, нийгэмд нааштай өөрчлөлтүүд гарч болох юм гэдгийг тал талдаа харвал зохистой болов уу гэдгийг тодотгох гэснийх юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
Та санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Хэрэв та өөрийн бизнесээ өргөжүүлэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та том хэмжээний бизнес эхлэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та өөрийн амьдрал, таны одоогийн санхүүгийн байдлыг өөрчилж болно зээл хэрэгтэй юу? Хэрэв та зөв газарт зүйлийг тавих нь яаралтай, эсвэл яаралтай зээл хэрэгтэй юу? Бидний санал болгож байна 3% -ийн зээлийн одоо хэрэглэж танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина одоо и-мэйл: k.jloans01@gmail.com