Илүүдэл мөнгө инфляци өсгөлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Оны эцэст инфляци 15-20 хувь болох магадлалтай байгаа тул Монгол банк мөнгөний бодлого чангаруулж, бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмэгдүүлж 11.5 хувь болголоо. Хэдийгээр энэ оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци сүүлийн 10-15 жил гарч байгаагүй махны үнийн бууралтаас шалтгаалж 7.6 хувь болсон таатай үзүүлэлт байгаа ч хэрэв хүнсний бүтээгдэхүүний гол барааг хасч суурь инфляцийг тооцвол 7.9 хувьтай байна. Энэ нь ерөнхий инфляцийн түвшингээс өндөр гэсэн үг. Суурь инфляци ийнхүү ерөнхий инфляцийн түвшингээс давж гарч байгаа нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс харьцангуй бага хамаарсан мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци үүсч буйг харуулж байна. Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 67 хувь буюу 1.98 их наяд төгрөгөөс өсч, цаашид ч өсөх хандлагатай байна. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү хурдтай өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн огцом тэлэлт, зээл өссөн нь нөлөөлсөн. Гуравдугаар сарын байдлаар санхүүгийн системийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 35 хувиар буюу 962 тэрбум өсчээ. Эдгээр шалтгаанаас үүдээд ойрын ирээдүйд учрах инфляцийн дарамтыг сулруулахын тулд Монгол банк бодлогын хүүгээ 11.5 хувь болголоо. “Манай улсын эдийн засгийн потенциал сэргэж амжаагүй, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүүлэлт хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байхад мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс болсон эрэлт огцом өсч байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөргөдөх нөхцөл байдал үүсээд байна” гэж Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан сэтгүүлчдэд хэллээ. Хэрэв Төв банк мөнгөний бодлогоо чангалахгүй бол “бид тун удахгүй дахиад санхүү, эдийн засгийн тогтворгүй байдалтай учирч, улмаар бас нэг хямралд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм” хэмээн Монгол банк сэрэмжлүүллээ. Монгол банк энэ шийдвэрээ зөвхөн өнөө маргаашийн нөхцөл байдлыг бус, харин урагшаа, алсыг харж гаргасан гэдгээ ч онцолж байв. Мөнгөний бодлогыг чангаруулсан нь нэгдүгээрт, эдийн засгийн хэт халалтаас үүдсэн үнийн өсөлтийг урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс шалтгаалан нэмэгдэж буй суурь инфляцийн их дарамтыг бууруулж дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилготой аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top