Бизнесийн орчин гэж юмыг сайжруулъя, шинэтгэе гээд засаг дамнан л яригдаж байна. Бүр арван оныг Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад сүрхий их ажил хийхээр уртаа гэгчийн жагсаалт гаргаад байсан ч, дорвитой зүйлс хийгдээгүй гэдгийг нь МХАҮТ-ийн зүгээс хэлж яриад байдаг. Угаас ийм санаачлагыг засгийн нөхдүүд өөрсдөө гаргаагүй. Хувийн хэвшил, бизнесийнхний санал, хүсэлтийн дагуу хийсэн бөгөөд тэр хэрээрээ хариуцлагагүй хөнгөн хандлаа гэгдэж байсан юм. Тэгвэл энэ Засгийн газар ч бизнесийн орчныг сайжруулахаар чиглэлээр юм хийнэ гээд л том дуугарч байгаа. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төслөөс хамтран “Бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн хоёрдахь жилийн замын зураглал” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Хувийн хэвшилтэй зөвшилцөх замаар шинэчлэлийн эхний жилийн ажлыг дүгнэж, хоёрдахь жилийн замын зураглал буюу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаснаар Дэлхийн Банкны бизнес эрхлэхүй судалгааны зургаан салбарт шинэчлэлийн ажлыг гүнзгийрүүлэх зорилготой гэнэ. Ямартаа ч хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцож АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төсөлтэй хамтарч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад байгаа аж. Чухам юу хийснээ танилцуулаад байгаа нь мэдээж анхаарал татаж буй.
Уг нь энэ чиглэлд хийгдэж байгаа ажлууд залгамж чанараа бариад байвал тодорхой үр дүнд хүрч болох юм. Өмнөх засгийн үед зориод байсан ажлуудыг хийсэн бол Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөл байдлыг бий болгох, бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон чухал ахиц дэвшил гарах ёстой байсан гэгддэг.
Гэсэн хэрнээ ОУСК болон Дэлхийн банкнаас гаргасан илтгэлд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бизнесс эрхлэлтийг хялбарчилах талаар Монгол улс тэргүүлэх орнуудын нэг болж, бизнесийн зохицуулалтыг сайжруулж байгаа дэлхийн топ 10 орны эгнээнд орсон байдаг. Дэлхийн банкны группын Дэлхийн үзүүлэлт, дүн шинжилгээний Захирал Аугусто Лопез-Кларос хэлэхдээ ”Бизнес эрхлэлтийг хялбарчилах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн хувьд энэ жил Монгол улс дэлхийн топ 10 орны жагсаалтад орлоо” гэсэн юм.
Дэлхийн банкнаас гаргадаг илтгэл нь дэлхийн улс орнуудад бизнес эхлэн явуулах, бизнессийн үйл явц, хил дамнасан худалдаа, татвар төлөлт, хөрөнгө оруулалтын хамгаалалт зэрэг бизнесийн бүхий л мөчлөгт мөрдөгдөж байгаа зохицуулалтад дүн шинжилгээ хийдэг байна. Тэрчлэн Бизнес эрхлэх үйл ажиллагааг хэрхэн хялбарчилж байгааг 10 үзүүлэлтээр 185 орныг хамруулан хийсэн судалгаанд суурилан гаргасан байдаг. Бизнес эрхлэлт нь компаниуд эсвэл фирмүүдэд бизнесийн орчин ямар байгааг хэмждэггүй. Жишээ нь, санхүүгийн менежмент ямар байгаа, макро эдийн засгийн тогтвортой байдал, ажиллах хүчний чадвар эсвэл санхүүгийн тогтолцоо хэр бат бэх байгаа зэрэгт дүн шинжилгээ хийдэггүй. Бизнес эрхлэлтийн дүн шинжилгээний үр дүн ямар байгааг дэлхийн хэмжээнд бодлогын түвшинд авч хэлэлцдэг ба хийсэн судалгааны үр дүнд компаниудын түвшинд төрөөс мөрдөж байгаа зохицуулалт хэрхэн нөлөөлж байгааг авч үздэг юм.
Сэтгэгдэл ( 0 )