Улстөрчид “Тогтворжуулалтын сан”-г золигт гаргаж таарах нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

 

Манай улстөрчид нэгэн шинэ оны төсвийг батлав. Энэ үед ер нь төсөв гэдэг юмыг хуульчлах шалтгаан яагаад үүссэн бэ? гэдгийг дэлхийн улс орнуудын үүх түүхээс сонирхон авч үзэхэд зүгээр болов уу. Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож, хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм байна. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон нь ТӨСӨВ болон хуульчлан батлагджээ. Тэгэхээр нэгэнтээ түмний өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид иргэдээс авсан татвараа чухам юунд зарцуулж байгаагаа ил тод, нээлттэй байлгах, үр ашигтай зарцуулах үүднээс, тэрдундаа нийгмийн шаардлагын дагуу төсөв гэдэг юм дэлхий дахинд мэндэлжээ. Түүнчлэн албан тодорхойлолтоор бол  төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болдог.  Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэдэг.  Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэдгийг тодотгох нь зөв биз.

 

Тэгвэл манай хууль тогтоогчид ийм агуулгатай баримт бичгийг хуулийн хугацаанд нь ямар ч байсан батлачихаад байна. Хууль тогтоох танхимын гишүүдийн хувьд өөрсдийн эцэслэн баталсан төсөвт хандах хандлага харилцан адилгүй байгаа. Нэг хэсэг нь өмнөх онуудынхаас зарлагаараа илүү гарахгүй боломжийн төсөв баталчихлаа гэж байхад улстөрчдийн лоббидсон төслүүд олноор тусгагдсан гэх нь ч байна. Түүнчлэн төсвийн тодотголоор түр хойшлогдсон зардлуудыг эргүүлж оруулж ирэх талаар ч яригдаж байна. Ерөнхийдөө төсөвтэй холбоотой мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цөөнгүй гарч байгаа тул нуршаад илүүц. Тиймээс төсвийн Тогтворжуулалтын сантай холбоотой асуудлыг энэ удаад авч үзье.

 

Манай улс ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангахаар 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, хуулиараа  Тогтворжуулалтын санг байгуулсан. Тус хуульд заасны дагуу тухайн  жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар заасан юм. Тэгвэл ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батласан нь, өмнөх хоёр жилийнхтэй харьцуулахад тун бага мөнгө юм.

 

Тус хуулийн 16 дугаар зүйлийг нь тодруулбал: Төсвийн тогтворжуулалтын сан

16.1.Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Төсвийн тогтворжуулалтын сантай байна.

16.2.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна.

16.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байгаа юм.

 

Улирч буй 2013 онд нэг тонн зэсийг 8100 ам.доллароор авч тооцсон бол 2014 онд нэг тонн зэсийг 6200 ам.доллар, тонн нүүрсийг өмнөх онд  160 ам.доллароор тооцсон байсныг ирэх онд 110 ам.доллараар тооцжээ. Тэгэхээр төсөвт тооцсон үнэ болоод дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүү нь Тогтворжуулалтын санд орно гэж харвал бас ч гэж боломжийн дүр зураг харагдаж л байна. Гэхдээ хуримтлуулах мөнгөний хэмжээ ерөнхийдөө бага байгааг түрүүн хэлсэн. Учир нь 2011, 2012 оны төсвийн хуулиудыг харахад арванхоёр оны эцэс гэхэд тус санд нийт 542 тэрбум төгрөг орчихсон  байж байна гэсэн төсөөлөл манай нөхдүүдэд байсан юм шүү дээ. Тэгэхээр 14 оны хувьд 30 хүрэхгүй тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тусгасан хэрнээ тэнцвэржүүлсэн үнийн босгыг буулгаснаас үзэхэд манай улстөрчид бусад зардлуудаа тэндээсээ шийдэхээр шийдвэрлэж байгаа нь ойлгогдож буй юм.

 

Эргэн санахад, Тогтворжуулалтын санд хуримтлагдах мөнгөний хэмжээ 2012 онд 2011 оныхоос 100 тэрбумаар нэмэгдэж байв. Гэхдээ зэсийн тэнцвэржүүлсэн үнийн нь  босгыг өндөрсгөж оруулж ирсэн нь, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой гэхээс илүүтэй, 2011 оныхоос 2 их наяд гаруй илүү зарлагатай төсвийг баталсан улстөрчдөд үйлчилсэн алхам болж харагдаж байсныг бас санаж байна.

 

Ерөнхийдөө бол арвандөрвөн оны хувьд Тогтворжуулалтын санг золигт гаргаж байгаа дүр зураг эндээс харагдаж байгаа юм.

 

Э.Болор

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ghjghj(202.179.7.6) 2013 оны 11 сарын 15

hjghjghjgh

0  |  0
Top