Дэлхийн банк: Монголын улстөрчдөд чанга бодлого хэрэгтэй...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Монголын  эдийн засгийн өсөлт энэ арвангурван онд дахин хоёр оронтой тоонд байхаар байгаа боловч эрсдэлд өртөмтгий хэвээр байна гэх дүгнэлтийг Дэлхийн банкнаас хийжээ. Ерөнхийдөө манай улстөрчдөд хандан Монгол улсын эдийн засгийг тогтвортой байдалд хүргэхийн тулд эдийн засгийн бодлогоо чангатгахыг уриалав. Харин ирэх оны төсвийг баталчихаад байгаа манай улстөрчдийн хувьд чангалах гэдэг дээр тал талын байр сууринаас хандаж буй. Ер нь бол эдийн засгийн өсөлтийн тухай тоон мэдээллээс илүүтэй иргэдийн амьдралд гарч мэдрэгдэж байгаа бодит өөрчлөлт юу байна вэ гэдэг нь гол. Иргэдийн хувьд тулгамдаж ирсэн ажлын байрны бодит өсөлт, бараа үйлчилгээний үнийн тогтвортой байдалд анхаарал хандуулах нь чухал.

 

Харин Дэлхийн банкны зүгээс үзэж буйгаар ийм үр дүнг наашлуулахын эдийн засгийн хатуу бодлогыг хэрэгжүүлэх ёстой гээд байгаа. Ер нь бол тэд бидэнд өмөн нь  төсөв, мөнгөний бодлогыг аль алийг нь чангатган уялдуулах ёстой гэх зөвлөгөөг өмнө нь  өгч байсан. Хамтарсан засгийн газрын үед нийгмийн халамжийн бодлого газар авлаа гэгдэж асан үед тэд ийм шүүмжлэлийг манай улстөрчид рүү олонтаа илгээсэн юм. Тэгэхээр энэ засгийн үед ч бодлого сул хэвээрээ үргэлжилж байна гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ.

 

Ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг харахад гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ гээд байгаа.

 

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфляцийг хязгаарлах, мөнгө, төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. Эдгээрийн үр дүнд дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална.Гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ гэхчлэн олон зорилгыг өмнөө тавьжээ.

 

Тэгвэл ийм үр дүнд хүрэхийн тулд энэ оны нөхцөл байдал суурь болж өгнө. Тэр үүднээс нь харвал Дэлхийн банк манай улсын  дөрөвдүгээр сарын эдийн засгийн тоймын үед хийгдсэн таамаглалаа (13 хувь) бууруулж 2013 онд 12.5 хувь болгон, БНХАУ-ын өсөлт суларсан, уул уурхайн салбарт сэргэлт таамаглаж байснаас удаан байгааг илэрхийлэн өөрчилсөн байна.

 

Инфляцийн тухайд  нэг оронтой тоонд хадгалагдаж байгаа боловч сүүлийн саруудад инфляцийн дарамт өсч байгааг тодотгож буй. Энэ оны эхэнд үндэсний хэмжээнд инфляцийн түвшин тогтвортой байсан боловч 8 дугаар сард 9.4 хувьд, 9 дүгээр сард 9.9 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй байна.

 

Төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал хэвээрээ байгаа бөгөөд Чингис бондын орлогын томоохон хэсэг нь төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг, голчилон Хөгжлийн банкаар дамжуулан хийж байна.Томоохон хэмжээний төсвөөс гадуурхи зарцуулалтын улмаас төсвийн бодлого 2013 онд хүчтэй тэлэх хэвээрээ байгаа ч төсвийг сайжруулах төлөвлөгөө гаргасан нь илүү тогтвортой төсвийн зам руу чиглэсэн эерэг алхам болсныг харин тэмдэглэжээ.

 

Тэгэхдээ мөнгөний бодлогын удирдлагууд энэ оны эхэнд зээлийн өсөлт сул байсныг даван гарах зорилгоор 2013 онд мөнгөний хүчтэй сулруулах бодлогыг хэрэгжүүлсэн нь сүүлийн саруудад зээлийн өсөлтийг хурдасгаж байна, ялангуяа барилга болон орон сууцны салбарт өссөн байна.Зээлийн өсөлтийн одоогийн энэ огцом өсөлтөд мөнгөний бодлогын удирдлагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.

 

Гадаад салбарын тухайд төлбөрийн тэнцлийн дарамт улам нэмэгдэж байгаа нь ГШХО-ын урсгал буурч байгаа, уул уурхайн экспорт сул хэвээрээ байгаа энэ эдийн засагт улам том асуудал болж байна.Валютын ханшны саяхны огцом хэлбэлзэл нь төлбөрийн тэнцлийн нэмэгдэж байгаа дарамтыг бууруулах, хөрөнгийн шинэ дотогшлох урсгалыг татахад чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого хэрэгтэйг илэрхийлж байна гэж үзэв.

 

Түүнчлэн, Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед одоогийн суларсан эдийн засгийн бодлогууд нь тогтвортой бус бөгөөд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.

Монгол улсын эдийн засаг нь гадаад эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдалд өртөх байдал улам нэмэгдэж байх талтай.

Өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогуудыг эдийн засгийн тогтвортой байдалд чиглэсэн болгон өөрчлөх шаардлагатай байна.

Төсвийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн чангалж, төсвийн орон зайг дахин бүрдүүлж эхлэх хэрэгтэй.

Төсвийн бодлого “сайн зарцуулахад” чиглэгдэх ёстой.

Мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой.

Банкны тогтолцооны хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын орчинг үргэлжлүүлэн сайжруулах гэхчлэн зөвлөмжүүдийг манайханд хандан өгөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top