Тяньжиний боомт манай улсад дэлхийн зах зээлийн үүдийг нээнэ гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

 

Дэлхийд далайд гарцгүй 44 орон байдгийн нэг нь манай улс. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй байх нь далайн баялгийг ашиглах, гадаад худалдаанд чухал үүрэгтэй далайн тээвэр эрхлэх боломж хаалттай гэсэн үг. Далайд гарцтай орон л олон улсын зах зээл хэмээх тэнгист жинхэнэ тоглогч нь байж чадна. Харин далайд гарцгүй бол хаалттай хаалганы цаана л үлдэж хоцрохтой адил.  Түүхийг эргэн сөхвөл улс орнууд далайд гарцтай орон гэсэн чухал статусыг олж авах гэж үргэлж хоорондоо сөргөлдөж байжээ. Тухайлбал одоогийн Конго улс далайд гарцтай болохын тулд зэргэлдээ орших Ангол улсын газар нутгийг хоёр хэсэг хуваах шийдвэрийг 1985 онд болсон Берлиний хурлаар гаргуулж байсан аж. Мөн Номхон далайн дайны дараа Боливи улс далайн цор ганц гарцаа Чилид алдсан түүх бий. Бидэнд ойрхон жишээ дурдвал манай хойд хөрш ОХУ өмнө нь зөвхөн Хойд мөсөн далайд гарцтай байсан нь өвлийн улиралд хөлдөж тээвэр хийх боломжгүй болдог учраас газар нутгаа Балтын тэнгис, Хар тэнгис, Номхон далай хүртэл тэлсэн байдаг. Ийнхүү хүч чадалтай нь бусдынхаа өмнүүр орж далайд өөрсдийн гарцыг нээж байр сууриа дархалж байжээ.

 

Манай орны хувьд хэдийгээр хоёр их гүрний дунд оршдог ч  далайд гарах гарцыг нээх боломжийг эрэлхийлсээр ирсэн байдаг. Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх худалдааны тухай конвенцид манай улс 1965 онд нэгдэж далайд гарцгүй орны статусаа олж авчээ. Үүний дараа 1991 онд Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар байгуулж байсан. Улмаар 2009 онд Хятад улсын Тяньжин хотын Бинхай дүүргийн Дунзян чөлөөт худалдааны боомтод газар авах боломжтой болсон. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дөрвөн жилийн өмнө байгуулсан Тяньжинд газар эзэмших санамж бичгийг өдий хүртэл ажил болгож чадаагүй байв.  Харин энэ онд “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 152 дугаар тогтоол гарч Тяньжин хотын Бинхай дүүрэгт Хятадын талтай хамтран тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ бол далайд гарц нээж дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа олох эхний бодит үр дүн бөгөөд Хятадын талтай хамтран тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэн гүйцэтгэх үүргийг  “Монголын төмөр зам” ТӨХК-д өгсөн байна. “Монголын төмөр зам” ТӨХК энэхүү Тээвэр ложистикийн төсөлд хөрөнгө оруулалт хийх чадамж, сонирхол бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийг урих төслийн урилгыг энэ сарын 14-ний өдөр адар тутмын сонингуудаар нийтлэсэн бөгөөд 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл саналыг хүлээн авах юм байна.

 

Дээрх төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улс Тяньжин хотын Бинхай дүүргийн Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмших, ачаа эргэлт нэмэгдэх, бараа бүтээгдэхүүнээ  дэлхийд экспортлоход татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

 

Тяньжиний боомт нь хүчин чадал болон ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт, Азид гуравдугаарт ордог бөгөөд дэлхийн 180 оронтой 400 гаруй далайн тээврийн чиглэлээр холбогддог. Мөн Хятад улсын 10 мужийн таван сая км квадрат газар нутгийг хамран, 10 хотод өөрийн  «Усгүй боомт»-ийг байгуулсан. Энд Хятадын өмнөд болон зүүн мужуудын хэрэглэгчдээс гадна Япон, Австрали, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг орнууд ч энэхүү боомтын хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог байна. Тиймээс Тяньжиний боомт бол манай орны өмнө дэлхийн зах зээлийг нээж буй үүд нь болж байна.

 

Төслийн гол ач холбогдол нь Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохион байгуулах. Улмаар Ази Европыг холбосон ложистикийн нэгдсэн систем бий болгох юм. Үүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох, Монгол Улс руу ачигдаж буй барааны тээврийн зардлыг бууруулах гээд дээр дурдсан маш олон давуу тал, боломж, бололцоо бүрдэх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
toriin nereer deerem hiih.(123.121.216.57) 2013 оны 11 сарын 21

Huviin hevshliinhniig bie daaj oroltsuulval sain. Hervee toriin omchid komranid tovloruulbel nohoin zamaar ornoo. Toriin nereer busdiin horongoor togloh ni todorhoi.

0  |  0
toriin nereer deerem hiih.(123.121.216.57) 2013 оны 11 сарын 21

Huviin hevshliinhniig bie daaj oroltsuulval sain. Hervee toriin omchid komranid tovloruulbel nohoin zamaar ornoo. Toriin nereer busdiin horongoor togloh ni todorhoi.

0  |  0
Top