Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ оны эцэст дахин хоёр оронтой тоонд байхаар прогнозолсон ч, эрсдэлд өртөмтгий хэвээр байна гэх дүгнэлтийг хийснийг дуулгасан. Тэгвэл Нээлттэй Нийгэм Форумын судлаачид ирэх оны төсвийн орлого төлөвлөлтөд сэрэмжтэй хандаж байна. Тухайлбал, Төсвийн орлого тасалдах эрсдэл байсаар байгааг хэлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг харьцангуй бодитойгоор тооцсон боловч тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлогод ихээхэн эрсдэл учруулах магадлалтай. 2014 онд 31.4 сая тонн коксжих нүүрсийг экспортлож 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь уул уурхайн салбарын татварын орлогын 41%, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5%-ийг бүрдүүлэхээр тооцжээ. 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 18 сая тонн коксжих нүүрсийг экспортлохоор байна. Гэтэл экспортын хэмжээг 2014 онд даруй 80 орчим хувиар өсгөж төлөвлөсөн нь хэт өөдрөг төсөөлөл юм. БНХАУ 2014 онд нийт 75 сая тонн коксжих нүүрс импортлохоор тооцоолж байгаа бөгөөд түүний 40 гаруй хувийг Монгол улс дангаар нийлүүлэх зорилт тавьсан нь биелэх магадлал багатай байна. БНХАУ-ын Засгийн газраас хүнд үйлдвэрлэлээ цаашид хэт нэмэхгүй байх бодлого барьж байгаагаас болж нүүрсний экспортын хэмжээ буурах эрсдэл бий болохоор байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийн бараг 10%-ийг хэт өөдрөг тоо хэмжээгээр төсөөлсөн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай төлөвлөсөн нь төсвийн орлогод учрах эрсдлийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, коксжих нүүрсний экспорт 5 сая тонноор буурсан тохиолдолд төсөвт төвлөрүүлэх татварын орлого 100 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлтэй байна.
Эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг төсөөлжээ. Засгийн газар 2014 оны дотоодын нийт бүтээгдэхүний бодит өсөлтийг төсвийн төсөлд бусад байгууллагуудын таамаглалаас өндрөөр буюу 14.8% хүрнэ гэж үзжээ. Харин Монгол банкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д эдийн засгийн өсөлт 7,7% байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Үүнээс харахад эдийн засгийн бодит өсөлтийн талаархи Засгийн газрын таамаглал нь Монгол банкны таамаглалаас бараг 50% өндөр байгаа нь анхаарал татах асуудал бөгөөд сангийн болон мөнгөний бодлогын уялдаа сул байгааг харуулж байна гэж
Төсвийн тогтвортой байдлын хуулийн 11.1.3.а. болон 11.1.3.б. заалтын дагуу гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо Олон улсын валютын сангаас гадна “эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагууд”-ийн үнийн төсөөлөлд тулгуурлахаар заасан байдаг. 2014 оны төсөвт тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо олон улсын санхүүгийн 10 гаруй байгууллагын үнийн төсөөллийн мэдээллийг ашиглажээ. Харин эдгээр байгууллагуудын нэрсийн жагсаалтыг Засгийн газраас хуулийн дагуу баталсан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )