Азийн наадмын аварга бөхчүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Азийн Олимпийн зөвлөлөөс дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “АЗИЙН НААДАМ”-д Монголын баг тамирчид 1974 онд Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан тэмцээнээс эхлэн оролцож эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш чөлөөт бөхийн төрлөөр 10 тамирчин алтан медаль хүртээд байна. Монголын баг тамирчид хамгийн анх оролцсон тэмцээнээсээ 2 алтан медальтай ирж байсан ба Чөлөөтийн бөхийн төрлийн 90 кг-ын жинд барилдсан ДАШДОРЖИЙН Цэрэнтогтох болон 100 кг-ын жинд барилдсан Хорлоогийн Баянмөнх нар жиндээ аваргалж байжээ. Тус тэмцээний 90 кг-ын жинд түрүүлсэн Цэрэнтогтох 8 жилийн дараа Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж Азийн наадмын медалиа ихэрлүүлж байсан түүхтэй. Харин 1978 онд Азийн наадам Тайланд улсын нийслэл Бангкок хотод явагдахад Дэлхийн хошой аварга Зэвэгийн Ойдов 68 кг-ын жинд түрүүлж төрийн далбаагаа мандуулж байв. Тэрээр тухайн жил ДАШТ-нд шагналт 4-р байранд шалгарч байсан билээ.

Азийн наадамд Чөлөөт бөхийн төрлөөр түрүүлж байсан бусад тамирчдыг танилцуулвал

Буяндэлгэрийн Болд- 1982 онд Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулагдсан тэмцээнд 68 кг-ын жинд түрүүлсэн /ДАШТ-ний хошой мөнгөн медальтай/

Зэвэгийн Дүвчин – 1982 онд Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулагдсан тэмцээнд 82 кг-ын жинд түрүүлсэн /1983 онд Украйн улсын нийслэл Киев хотод зохион байгуулагдсан ДАШТ-нд 82 кг-ын жинд зодоглож мөнгөн медаль хүртсэн. Өдгөө Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа/

Пунцагийн Сүхбат –1990 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан тэмцээнд 82 кг-ын жинд түрүүлсэн /Азийн наадмын аварга болсон жилээ Токиод болсон ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн бөгөөд Ази тивийн АШТ-нээс 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн/

Цэрэнбаатарын Цогтбаяр – 1994 онд Япон улсын Хирошима хотод зохион байгуулагдсан тэмцээнд 57 кг-ын жинд түрүүлсэн /1993 онд Канадын Торонто хотод зохион байгуулагдсан ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн ба тухайн жилээ Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос жил бүр олгодог “Шилдэг техник”-тэй бөх шагналын эзэн болсон/

Оюунбилэгийн Пүрэвбаатар – 2002 онд БНСУ-ын Пусан хотод зохион байгуулагдсан тэмцээнд 60 кг-ын жинд түрүүлсэн /ДАШТ-ний хошой мөнгөн медальтай/

Ганзоригийн Мандахнаран – 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан тэмцээнд 60 кг-ын жинд түрүүлсэн /ДАШТ-ний хүрэл медальтай бөгөөд Азийн АШТ-нээс 2 удаа мөнгөн медаль хүртсэн/

Гэлэгжамцын Наранчимэг - 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан тэмцээнд эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд түрүүлсэн /Оюутны дэлхийн аварга/

С.Болдгэрэл

Эх сурвалж: WWW.WRESTLING.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top