Долоон жилийн өмнө Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөөгүй юм. Энэ хуулийн үр шимээр төрийн данс учиргүй дүүрээд, түмний амьдралд ч чухам нэмэр дүүргээд ирэх юм шиг хууль санаачлагч нь ч ярьж, бусад нь ч дэмжээд байсан. Тэгээд юу боллоо. Зэс, нүүрстэй зэрэгцэн төсвийн дансыг дүүргэж дийлэхээ больсон алтны экспортын мэдээ өнгөрсөн жилүүдэд уруудсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хууль батлагдсанаар балаг дагуулсан зүйл их. Алт тушаалт 2006 оноос эхлээд уруудсан байдаг. 2010 онд Монголбанк 2 тонн дөнгөж илүү гарах хэмжээний алт худалдаж авсан байдгаас үүнийг харж болно. Харин энэ татвар тэглэгдсэнээр алт тушаалтын хэмжээ даруй 1 мянган тонноор нэмэгдсэн байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийг нэг металлын орлогоос хамаарсан эмзэг эдийн засагтай болгож, улмаар найман оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бүсээ илүү чангалах нөхцөл байдал руу хөтлөсөн улстөрчид өдгөө хийсэн балгаа залруулах гэж байгаа янзтай байна. Учир нь “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төслийг ЭЗХЯ, Монголбанк, Уул Уурхайн яам хамтарч бэлтгэн Засгийн газар дээр нэгдсэн саналд хүрснээр УИХ-д өргөн бариад байна.
Манай улс 2005 онд буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад албан ёсны статистик мэдээллээр түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 24 тн алт олборлож байсан бол 68 хувийн татвар тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш алтны олборлолт жил дараалан буурч, өнгөрсөн онд 6 тн хүрэхээ больж, 4 дахин буурсан байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дэлхийн зах зээл дээрх алтны ханш муугүй байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь “Гэнэтийн ашгийн албан татварын хууль” батлагдсанаар татвараас зайлсхийвэл хууль бусаар олборлосон алтны хэмжээ нэмэгдсэн, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарч, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрөгч оны зургадугаар сарын 5-нд Засгийн газрын 194-р тогтоол гарснаар, энэ хуульд хамрах талбайн хэмжээ нэмэгдэж 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн 2011 оноос ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн ( роялти) тухай хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр авахаар болсон. Энэ нь ашгаас тооцвол 30 орчим хувь болох юм. Тэгэхээр энэ мэт байдлаас шалтгаалж татвараас зайлсхийх, банкинд барьцаалж орхих зэрэг сөрөг үзэгдлүүд бий болсон гэж байгаа юм. “Гэнэтийн ашгийн албан татварын хууль” батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн болон хүчингүй болсон 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан нь татвар өндөр байгаа тохиолдолд алтны далд наймааг газар авдаг юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа юм.
Тэгвэл “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийг батлуулахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар тооцох, үгүй бол 5 хувиар тооцох, хуулийн хэрэгжих хугацааг 5 жил байх ( энэ хугацаанд зэс хайлуулах уйлдвэр барих) зэрэг зорилготой “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар агуулгын хувьд "олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт нэмэгдэж, алтыг монгол төгрөгөөр худалдан авах боломж бүрдсэнээр гадаад валютын нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжиж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, хадгаламж, хуримтлалын хэмжээ өсч, мөн иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой өсөх, бодит эдийн засгийг хөгжлийг дэмжих мөнгө, санхүүгийн орчин бүрдэнэ гэж үзээд байгаа юм байна.
Гэхдээ энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор Оюутолгой ХХК-д хөнгөлөлт үзүүлэх гээд байна гэх хандлага байгаа. Харин албаны нөхдүүдийн хэлээд байгаагаар бол Оюутолгой ХХК бусад компаниудтай адилхан алтаа Монголбанкинд биет болон биет бус хэлбэрээр худалдвал 2.5 хувийн роялтийг хууль хэрэгжих энэ 5 жилийн хугацаанд төлөх аж. Монголбанкинд алтаа худалдахгүй тохиолдолд 5 хувийн роялти төлөөд явах гэнэ. Яагаад биет бус хэлбэрээр гэж байна вэ гэхээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн нэг "Futures" хэлэлцээрийг ашиглан зэсийн баяжмалтай хамт гарч байгаа алтыг биет бус хэлбэрээр худалдан авах боломж байгаа юм. Энэ хуулийн хэрэгжих 5 жилийн хугацаа дуусмагц бүх компаниуд 5 хувийн роялти төлөх аж. Гадаад орнуудын алтны нөөц ашигласны татвар бага байдаг. Тухайлбал, Хятад улс 2 хувь, Бразил 2 хувь, Энэтхэг 2.5 хувь, Индонези 4 хувь байдаг нь энэ салбарт татварыг зөв зохистой тогтоохын ач холбогдлыг илтгэж байгаа талаар ч ярьж байна.
Нэг зүйлийг тодотгоход, энэ хуулийн төсөл батлагдсан тохиолдолд улсын төсөвт жил бүр орох татвар, хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.доллароор буурах аж. Харин банкин дахь алтны болон валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна. Хууль хэрэгжих 5 жилийн хугацаанд 8.5-10.0 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоо гарчээ.Хөгжилтэй орнуудын алтны нөөц АНУ-д 8.1 мянган тн буюу 15.8 тэрбум ам.доллар, Герман 2.4 мянган тн буюу 3.4 тэрбум ам.доллар, Франц 2.6 мянган тн буюу 2.6 тэрбум ам.доллар, Хятад 1.0 мянган тн 0.6 тэрбум ам.доллар байна.
Ямартай ч хуулийн төсөлд Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нилээд чангатгаж тусгасан аж. Нөгөө талаас алтны салбарт халгаатай 68 хувийн татварыг санаачилсан Н.Батбаяр сайд Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байгаа энэ үедээ өнгөрсөнд хийсэн балгаа бусадтай хүч хавсран засч залруулах нь уу гэгдэж харагдаж буй юм. Түүний анх санаачилсан алт, зэсээс 68 хувийн татвар авах тухай хуулийн төслийг танхимын гишүүд нь дэмжсэнээр улсын эдийн засагт чамгүй мөнгө орж ирсэн гэж ярьдаг ч, нөгөө талаас нь харвал алтны үйлдвэрлэлийг ихээхэн хумигдуулж, улмаар Монгол Улсын эдийн засаг, Улсын төсөв нэг металлаас л хамааран хэврэгшсэн хамгийн том эрсдэлийг дагуулсан дүр зураг өнгөрсөн жилүүдэд харагдаж байсан юм. Энэ хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болохоо шахсан. Мэдээж тэр нь цаасан дээр л дээ. Учир нь 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгосон юм. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Нөгөөх Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч, манай Засгийн газар дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст ялагдаагүй ч, ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулсан гэдгийг бид мэдэх билээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )