Хөрснөөс их хэмжээний хүнцэл илэрлээ гэсэн мэдээлэл байсхийгээд гардаг. Хүнцэл гэж хэр аюул, хортой бодис болох талаар ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн захирал академич Д.Доржготов, тус хүрээлэнгийн Хөрс судлалын эрхлэгч доктор О.Батхишиг нартай ярилцлаа.
-Хүнцэл гэж тийм айхтар хортой бодис уу?
-Д.Доржготов: Хэнтэй ч маргахгүй нэг ойлголт бол үнэхээр хортой бодис. Хамгийн түрүүнд хор гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хортой байх хэлбэр нь өөр. Хүнцэл гурав, тав гэсэн хоёр янзын валенттай. Гурван валенттай нь хортой. Амьсгалын үйл ажиллагаа саатах хүртэл шинж тэмдэг биед илэрдэг. Таван валенттай хүнцлийн хоруу чанар нь арай бага. Байгаль дээр аль ч валенттай байж болно. Хүнцэл хоёр янзын нэгдэлтэй байдаг. Тэгэхээр хүнцлийг шууд хортой гэж ойлгож болохгүй. Дэлхий дээр хүнцэлгүй юм гэж байхгүй. Хамгийн наад зах нь ус, хөрс, цардас чулуулгад тодорхой хэмжээгээр агуулагддаг байх жишээтэй.Бидний хэрэглэдэг хүнсний бодист хүртэл их хэмжээний хүнцэл байдаг. Хамгийн их хүнцэлтэй нь загас. Загасан дотор агуулагддаг хүнцлийн хэмжээ хөрснийхөөсөө арав, хорь дахин их байдаг. Усныхаас гэхэд л 100 дахин их. Гэтэл хүн загас идээд хорддоггүй.
-Загаснаас өөр ямар хүнсэнд хүнцэл их агуулагддаг вэ?
-Нэг литр үнээний сүүнд усанд байдгаас гурав дахин илүү хүнцэл байдаг. Хэлбэр нь органик учраас хоргүй л дээ. Байгаль дээр хүнцлийн найрлагагүй юм ерөөсөө байхгүй гэж дээр хэлсэн. Хүний эрхтэн гэхэд бүгдээрээ хүнцлийн найрлагатай. Цус, уушги, бамбай булчирхай, салст бүрхэвчүүд, зүрх, хумс, арьс, үс гээд бүгдэд нь хүнцлийн хэмжээ усанд байдгаас их агуулагддаг. Хүнцэл хамгийн их агуулдаг нь арьс, үс. Арьс үсэнд байдаг хүнцлийн хэмжээ нэг кг-д 6000 мг. Хөрс, усанд байдгаас хэдэн зуу, хэдэн мянга дахин их гэсэн үг.
-Хүнцлийг хор болгож ашиглаж байсан тохиолдол хүн төрөлхтний түүхэнд өчнөөн байдаг. Одоо хор болгож ашиглаж байгаа салбар байгаа юу?
-Хүнцэл эрдсийн нэгдэлтэй байвал янз бүрийн хор хийж болдог эд. Хортон шавьж, метро гэх мэт газарт үүрлэсэн харх, ургамлын өвчин устгахад хүнцэлтэй найруулсан хор хэрэглэдэг байсан. Одоо бол хэрэглэхээ больсон л доо.
О.Батхишиг:-Монголчууд саяхныг хүртэл шүд өвдөхөд хүнцэл зууна гэж ярьдаг байсан даа. Хордуулах чанартай учраас органикийг үхүүлж байгаа хэрэг. Намайг хүүхэд байхад шүд өвдөхөөр хүнцэл гэж гашуу оргисон юм зуудаг байсан. Гэтэл хордлого энэ тэр нь аймаар шүү дээ. Бангладешт хүнцлийн онцгой хордлого болж олон зуун хүмүүс хордож байсан түүх бий. Хөрснөөс усанд орж ирсэн хүнцлийн агууламж өндөрссөнөөс хордлого болсон гэж тайлбарладаг. Химийн бохирдлын хордлогын вирусээс ялгаатай нэг онцлог нь удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд аажмаар хордуулдаг. Напеолон Бонапартыг хүнцлээс хордож үхсэн гэдэг. Үсэнд нь шинжилгээ хийгээд үзэхээр жирийн агууламжаасаа 13 дахин илүү хүнцлийн агууламж илэрсэн байдаг. Хоол унданд нь бага багаар хийсээр алсан байх магадлалтай гэсэн таамаг бий. Энэ мэтээр хүнцлийг хор болгож хэрэглэж байсан түүх дэлхийн түүхэнд зөндөө л дөө. Гэхдээ эсрэгээрээ хүн төрөлхтөн хүнцлийг эмээр хэрэглэж байсан түүх ч бүр эртнийх. 2400 жилийн өмнө хятадууд эмчилгээнд өргөн хэрэглэж байсан. Баруун Европод хүнцлийг арьс өнгөний гэх мэт өвчнүүдийг анагаахад хэрэглэсэн гэж ирээд яривал жишээ олон. Англид Элизабетын үед эмэгтэйчүүд нүүрээ цагаан болгох гэж хүнцэл хэрэглэдэг байсан баримт хүртэл байдаг.
Д.Доржготов:-Хүн төрөлхтөнд хамгийн анх эмчилгээнд нэвтэрсэн зүйл бол яах аргагүй хүнцэл л дээ. .
-Ер нь манайх дэлхийн хэмжээнд хөрс, усан дахь хүнцлээрээ хэр аюултай бүсэд ордог вэ. Дэлхий хүнцлийг аюултай гэж чухалчилж үздэг үү?
-О.Батхишиг: Хүнцэл бол дэлхий нийтийн том асуудал. Дэлхийн 70 орны 137 сая хүн хүнцлийн хордлоготой бүс нутагт амьдарч байна гэсэн статистик бий. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа л даа. Дэлхийн хэмжээнд усан дахь хүнцэл аюултай гэж үзэж байна. Шууд амьд организмд ордог учраас тэр. Хөрс бол арай өөр. Гэхдээ хөрсөөр дамжаад усаа бохирдуулах эрсдэл бий. Монгол дэлхийн хүнцэл өндөртэй улсад багтдаг. Дэлхийн газрын зураг дээр хүнцэл өндөртэй улсуудыг тусгай өнгөөр тэмдэглэсэн байдаг. Монголын газрын зургийг тийм өнгөөр тэмдэглэсэн байгаа. Тэр дундаа манай говийн бүсэд илүү өндөр байдаг. Говийн бүсэд уул уурхайн нөлөөгүй газрын усанд ч хүнцлийн хэмжээ өндөр гардаг. Зарим газар дэлхийн стандартаас хэт өндөр гарах нь бий. Монгол усан дахь хүнцлийн агууламж ихтэй гэдгээрээ ДЭМБ-ын анхааралд аль хэдийнэ орчихсон. Энэ чиглэлээр хийсэн тодорхой судалгаанууд ч байдаг. Усанд шинжилгээ хийхээр хүнцлийн агууламж ер нь их гардаг шүү. Монгол дахь хүнцлийн илүүдлийн асуудал ерөөсөө л чулуулгаас гаралтай. Дэлхий дээр байгаа бүх химийн бодисын гол эх үүсвэр нь чулуу. Энэ утгаараа хүнцэл металлын ашигт малтмалтай газарт тарчихсан байдаг. Монголыг ашигт малтмалаар баялаг гэдэг. Үүний нэг илрэл нь байгаль дахь хүнцлийн өндөр агууламж болчихож байгаа юм.
-Д.Доржготов: Усанд агуулагдах хүнцэл хэтэрвэл шууд хор болох эрсдэлтэй учраас улс орон бүр усанд агуулагдах хүнцлийн хэмжээгээ тодорхойлж тодорхой стандарт тогтоосон байдаг. Үүнээс ихэдвэл аюултай гэж. Тэр стандарт нь улс орон бүрд ялгаатай. Бангладеш, Энэтхэгт усанд агуулагдах хүнцэл их учраас стандартаа бусад улсынхаас илүү өндөр тавьсан байдаг. Гэтэл манайх хүнцлийн стандартаа илүү бага хэмжээгээр тавьсан байдаг.
-Ус, хөрсөн дэх хүнцлийн хэмжээ тэд байх ёстой гэсэн дэлхийн стандарт байдаггүй юм уу?
-О.Батхишиг: Ус илүү эрсдэлтэй гэдэг утгаараа дэлхийн хэмжээний усны стандартыг маш багаар стандартчилсан байдаг. Хөрсний хувьд дэлхийн стандарт гэж байдаггүй. Улс бүр онцлогоо бодож өөр өөр тоо тавьсан байдаг. Дэлхийн стандартаар бол нэг литр усанд байх хүнцлийн дээд хэмжээ 0.01 мг байх ёстой. Гэтэл манай улсын хөрсний стандарт зургаа. Усан дахиас зургаан зуу дахин ихээр стандартаа баталсан гэсэн үг. Гэтэл дэлхийн улсуудын хөрсний стандартаас бидний стандарт гэж тогтоосон хүнцлийн агууламж хэтэрхий бага л даа. Миний хувьд 20 байхад буруудахгүй санагддаг.
-Хүнцлийн хэмжээг стандартдаа ихэсгэж тавих ёстой гэхээр гайхаад байна л даа. Ингэхэд манайх хөрсний стандартаа ямар жишгээр тогтоосон байдаг юм бэ?
-Дэлхийн зарим улс хөрсний стандартдаа хүнцэл дээр бүр 30 гэсэн тоо бичсэн байдаг. Шинжлэх ухаан хөгжсөн, өндөр хөгжилтэй улс ийм тоо тавихаа хүнцэл энэ хэмжээнд бол эрсдэлгүй гэсэн үг. Гэтэл манай хойд хөрш стандартдаа хоёр гэсэн тоо тавьсан байдаг. Өмнө нь бүх юмаа Оросын жишгээр хийж байсан болохоор ярьж байгаад арай дөхүү юм гээд зургаа болгоё гэж тогтсон юм. Манай улсын говь, төв, зүүн бүсэд хүнцлийн агууламж 17 гэх мэтээр өндөр гардаг. Голдуу л бэлчээрийн зорилгоор ашиглаж байгаа хөрсөнд ийм хэмжээ илэрдэг. Уг нь арав гаруй гэдэг бол дэлхийн бусад орны стандарттай харьцуулаад харахад тийм айхтар аюултай зүйл биш. Монголын хөрсний стандартад тавьсан тооноос илүү гарч байгаа учраас л хүмүүст аюултай гэсэн мэдээлэл автоматаар хүрээд байна. Нарийн яривал манай цианитын стандарт хүртэл дэлхийн жишгээс хоёр дахин багаар тавигдсан байдаг. Практикаас харахад өндөр болгохгүй бол болохгүй байна л даа.
-Хүнцлийн аюул ямар хөрсөнд байгаагаасаа шалтгаалах уу, ерөөсөө л их тунгаар бол ямар ч хөрсөнд байсан аюултай юу?
-Хөрсний шинж чанараасаа шалтгаална. Айхтар шаварлаг барьцалдсан хөрсөнд өндөр агууламжтай хүнцэл байж болно. Учир нь ийм хөрсөнд агуулагдаж байгаа хүнцэл ус, ургамалд орох эрсдэлгүй. Харин барьцалдлагаа багатай, шаварлаг биш хөрс бол өөр хэрэг. Тийм хөрсөнд бага хэмжээний хүнцэл байсан ч урсаад ус, ургамал руу орчих эрсдэлтэй. Стандарт шинэчлэх ёстой гэсэн сэдэв дээр дахин нэг зүйлийг онцлоход хөрс гэдэг чинь жигд биш обьект. Ус, агаар бол жигд обьект. Хөрсний хувьд ганц хоёрхон цэгээс дээж аваад стандартаас гурав дахин их агууламжтай байна гэж дуулиан дэгдээх нь тийм чухал асуудал биш. Цианитийн хэмжээг дэлхийд 50 дотор байхыг зөвшөөрдөг бол манайд энэ тоог 25 гэж тогтоосон. Хөрсөнд химийн бүх элемент бий. Мөнгөн ус гэхэд хөрсөнд байж л байдаг.
-Цианитын дэлхийн стандарт 50 байхад яагаад 25-аар тогтоосон юм бэ?
-Анхны санал 50 гэдгээр явж байсан. Стандарт баталсан 2007, 2008 он чинь Хонгорын дуулиан ид дэгдсэн үе. Тэгээд 25-аар баталчихсан. Сүүлдээ хөрс, усанд нь шинжилгээ хийгээд үзэхэд ихэдсэн юм гараагүй л дээ. Аргаа бараад гадны шинжээч авчирсан, мөн л гараагүй. Цианит 40 гарвал судлаачийнхаа хувьд тэр үзүүлэлтийг би хордлого гарах үндэслэл биш гэж үзнэ. Стандартаа хэт чанга тавьчихаар уул уурхайн компаниудаас эхлээд бусад салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажлаа хэвийн явуулахад төвөгтэй болчихож байгаа юм. Тэр хэрээрээ хөгжилд саад болдог тал бий. Хэмжээг нь стандарт-даа дэлхийн орнуудын жишгийг харж байгаад бодитоор нь тусгаад өгчихвөл цаг алдах асуудал гарахгүй шүү дээ. Хятад гэхэд л хөрсний бохирдол ихтэй. Хэт чанга тоо тогтоочихоор эдийн засагтаа нөлөөлнө гэдгийг айхтар мэддэг улс. Мэдээж нөгөө талдаа судалгаагаа сайн хийж, яахаа мэддэг.
-Та түрүүн манай хөрсөн дэх хүнцлийн агууламж өндөр гэж ярилаа. Хамгийн ихдээ хэд гарч байсан бэ?
-300-500 гарах тохиолдол бий. Гэхдээ тэр чигээрээ тийм биш.
-Одоо бидний хэрэглэж байгаа юманд хүнцлийн аюултай нь гэвэл юуг онцлох вэ?
-Д.Доржготов: Бидний хэрэглэж байгаагаас хүнцэл хамгийн их агуулдаг зүйл бол хүрэн нүүрс. Гэр хорооллынхны түлдэг нэг кг хүрэн нүүрсэнд 2000 мг хүнцэл агуулагд-даг. Дэлхийн бүх нүүрс ялгаагүй ийм хэмжээний хүнцэлтэй. Хүрэн нүүрсэнд байгаа хүнцэл нүүрс байгаа үедээ хор багатай. Харин түлээд үнс гараад ирэхээрээ хортой. Тэгэхээр нүүрсний үнс, дутуу шатсан, цогшсон үнсний хаягдал их аюултай. Гэтэл бид нөгөө хортой үнсээ шалан доороо дэвсэж, байшингаа дулаалж, блок хийгээд бүр орох оронгоо барьж байна. Фосфорын бордоо гээд ярьдаг даа. Фосфорит нүүрснээс дутахгүй хэмжээний хүнцэлтэй. Боловсруулах явцад мөн л эрсдэл гарч ирнэ гэсэн үг.
-Хүн өдөрт хэчнээн мг хүнцэл хэрэглэх ёстой вэ?
-Хүний авах хэмжээ нэг өдөрт нэг кг-д нэг мг гэсэн стандарт бий.
Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж “Өдрийн сонин”
Сэтгэгдэл ( 4 )
hursund bhad bol horgui, usand bol hortoi geh yum naad hursnuus chine us ruu ordog yum bgaa biz dee.
erdemted gej malnuud bdag yum bna daa
erdemted gej malnuud bdag yum bna daa