Бас юун бонд хаанаас гараад ирэв гэж уншигч та бодож байж болох. Юм л бол өр төлбөрөө бонд босгож аргацаадаг Монгол Улс арай өөр утгаараа “Бонд” болчихлоо. АНУ-ын засаг захиргаа “Визний бонд” гэдэг хөтөлбөр зарлаж. Зарласан энэ хөтөлбөрт хөгжиж буй 62 орон багтсаны дотор Монгол Улс ч байна. Бонд гэдэг учир нь Монголоос гадна өөр бусад 61 орны иргэн АНУ-д зорчих виз мэдүүлэхдээ 15 мянган ам.доллар хүртэлх дүнтэй барьцаа байршуулах юм. Ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын В1/В2 ангиллын визийн бүх шаардлагыг хангасан иргэд виз олгогдохоос өмнө консулын зааврын дагуу барьцаа байршуулсан байх ёстой.
Энэ юу гэсэн үг вэ гэж үү. Бидэнд итгэхгүй байна гэсэн үг. АНУ-д очоод визний хугацаа хэтрүүлэн харладаг болохоор дэнчин тавьж байж АНУ-д ир гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн үг. Бид Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д бадар бариад гүйгээд орсон ч итгэж өгөхгүй л байна гэсэн үг. Г.Занданшатарын Засгийн газар, Сангийн сайд нь зээлжих зэрэглэл сайжирлаа гээд пологдтол сэвсэн ч АНУ итгэхгүй л байна гэсэн үг. Бид эндээ 14 мега төсөл санаачлаад, метротой болно оо гээд цээжээ дэлдсэн ч итгэж өгөхгүй л байна гэсэн үг.
АНУ-ын санаачилсан "Визний бонд" хөтөлбөрт Монгол Улс багтлаа. Өөрөөр хэлбэл АНУ-д зорчих эсвэл аялах гэж байгаа бол 15 мянган ам.долларын барьцаа байршуулна гэсэн үг.
Бонд гэснээс АНУ-ын өдөөсөн дайнаас болоод манай засгийн газрын бондуудын ханш навч уначихаад байгаа. Цаашид ч унана. Бүтээлч үйлдвэрлэлийн үнэр байхгүй манай улсын нэг зовлон нь гадаад зах зээлд жижиг чулуу үсрэхэд л манай эдийн засагт доргио үүсгэдэг явдал. Уг нь МАН, АН-ынхан мөрийн хөтөлбөртөө хүслийн жагсаалтаа биччихээд сонгууль бүрээр гаргаж ирдэгтэйгээ адилаар хийдэг байсан бол өнөө бид гаднаас хэт хамааралтай байхгүй л байсан юм. Трамп Иранд дайн өдөөснөөс хойш манай улсын Засгийн газрын бондууд өөд нар үзсэнгүй. Ердөө ганцхан жишээ татахад 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш гуравдугаар сар гарсаар нэг орчим хувиар буураад байна. Уг нь Засгийн газар олон улсын зах зээлээс 5.95% хүүтэй, 500 сая ам.долларын бондыг амжилттай босгосон юм. Гаднын 94 хөрөнгө оруулагч захиалсан гээд байгаа. Гэтэл хөрөнгийн зах зээлийн савлагаа, геополитикийн эрсдэлээс шалтгаалж хөрөнгө оруулагчид бонд биш, “хатуу юм” сонирхох болж алт зэрэг үнэт металын эрэлт өслөө. Цаашид ч өснө.

Сэтгэгдэл ( 0 )