БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан: Хотын дарга өгч байгаа мэдээлэлдээ үнэн бодитой хандах ёстой

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.


Тэрбээр: Гуравдугаар сарын 13-ны өдөр буюу баасан гарагт Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн мэдээлэлд Баянзүрх дүүрэгтэй холбоотой таван асуудал гарсан. Нэгдүгээр асуудал нь жагсаал цуглаанд оролцож байгаа ажилтан, албан хаагчдад Баянзүрх дүүрэг 30 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон, оролцуулсан асуудал яригдсан. Би дүүргийн засаг даргын хувьд жагсаалд цуглаанд оролцсон буюу ИТХ-ын төлөөлөгчдөд ийм мөнгөн урамшуулал олгосон асуудал огт байхгүй гэж хариуцлагатай мэдэгдэж байна.

Хоёрт, 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа, нийгмийн баталгаатай холбоотой асуудал Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа. Тодорхой төрийн албан хаагчдад өгч байгаа. Гэхдээ хороодын засаг дарга нарт огт олгогдоогүй. Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-т төрийн албан хаагч орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүргийг төрөөс хүлээнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд байрны урьдчилгаа мөн тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мэргэжлийн, ур чадвартай боловсон хүчинд байрны урьдчилгаа болох 30 сая төгрөг олгох ажил хэрэгжсэн. Жил бүр нийслэлээс төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэг дээр ирж, энэхүү асуудал дээр хяналт тавьж ажилладаг. Хоёрдугаарт, АТГ ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамж, ажлын байран дээрх дарамт зэрэг асуудлаар судалгаа авдаг. Энэ хоёр төрлийн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд дүүрэг сайшаагдаж ирсэн. Дурдагдсан нэрстэй холбоотой 720 сая төгрөгийн асуудал мөн тавигдсан. Нийт 21 албан хаагчдад 30 сая төгрөгийн байрны урьдчилгаа болон тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр олгогдсон. Орон сууцны урьдчилгаа болон нийгмийн баталгааны хөтөлбөрийг жил бүр дүүрэг дээр баталдаг. Нийгмийн баталгаа, нэг удаагийн тэтгэмж, урамшууллын асуудал зөвхөн Баянзүрх дүүрэг дээр хэрэгждэг асуудал биш. Төрийн байгууллагууд, яам, агентлаг, тамгын газрууд, бусад дүүргүүд, нийслэл дээр ч гэсэн хэрэгжээд явж байгаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хэлэхэд нийслэл дээр сүүлийн хоёр жилд долоо орчим тэрбум төгрөгийн ийм зориулалттай зардал гарсан байгаа.

Түүнчлэн, 20 сая төгрөг олгогдсон гурван иргэний асуудал гарсан. ИТХ-аас жил бүр дүүрэгт тодорхой хэмжээний нөөц хөрөнгө баталж өгдөг. Нөөц хөрөнгийг гамшиг зэрэг онцгой нөхцөлд байгууллага, иргэдээс гаргасан өргөдөл дээр үндэслэн шийдвэрлэдэг. 2023 онд Баянзүрх дүүргийн Дарь эхэд их хэмжээний үер болсон. Энэ үеэр гамшигт өртсөн 365 өрхөд тус бүр таван сая төгрөгийн тусламж олгож байсан.

20 сая төгрөг олгосон иргэдийн хувьд, нэг нь гэр нь хийн дэлбэрэлтэд өртөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бол хамгийн их анхаарал татаж байгаа Пүрэвдорж иргэн бүсэлхийнээс доош мэдээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд дүүргийн засаг даргад хүсэлт гаргасны үндсэн дээр судалгаа хийж, тусламж олгох болсон. Тухайн иргэн босож явах чадваргүй тул ар гэрийнх нь хүсэлтээр тусламжийг шилжүүлсэн. Гуравдах иргэн нь Баянзүрх дүүргийн усан спорт цогцолборт ажиллаж байсан дүүргийн иргэн байгаа. Өрх толгойлсон эмэгтэйн том хүү нь дауны хамшинж эмгэгтэй. Амьдралын нөхцөл байдал хүнд, эмчилгээний зардал хүссэн өргөдөл гомдол ирсэн. Эдгээр иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлт, эмнэлгийн онош зэрэг нотлох баримтууд бүгд байгаа.

Ховд аймгийн иргэд олноор энэ дүүрэг дээр ажиллаж байна гэсэн асуудал мөн яригдсан. Дүүргийн засаг дарга тамгын газрын даргыг томилоод бусад албан хаагчид төрийн албаны дүрмээр ажилд томилогддог. Нийт дүүрэг, хороодод 450 ажилтан, албан хаагчаас 150 нь нийслэл, 37 нь Төв аймаг, бусад аймгийн иргэд та орчим хувь, Ховд аймгийн иргэд гэвэл 22 буюу 4.2 хувь байна. Тиймээс нэг аймгийн иргэд дийлэнх олонхоороо ажиллаж байгаа зүйл байхгүй.

Дараагийн асуудал нь найз нөхдийн барилгын компаниар дамжуулан албан хаагчдад орон сууц олгосон асуудал мөн яригдсан. Дүүргийн зүгээс нэг ч компани, аж ахуйн нэгжид төсвийн мөнгө шилжүүлээгүй. Нийгмийн баталгаа, тогтвортой ажиллуулах хөтөлбөрийн хүрээнд байрны урьдчилгаа авсан ажилтнууд хямд өртөгтэй орон сууцыг өөрсдөө санал болгож, танилцуулсны үндсэн дээр тэдгээр орон сууцыг богино хугацаанд ашиглалтад оруулахад дүүргийн зүгээс анхаарал тавьж ажилласан. Баянзүрх дүүргийн 37-р хооронд баригдсан Мөнх Ариун Булаг ХК-ий байранд манай ажилтнууд орсон байгаа. Байрны ашиглалтад орсон дүгнэлт бусад материалууд бүгд бий. Энэ байр 2024 оны есдүгээр сард ашиглалтад орж, нэг кв м-нь 1880000 төгрөгөөр ажилтнууддаа авах боломжоор хангасан.

Баасан гарагт болсон жагсаал цуглаанд Баянзүрх дүүргээс оролцоогүй. Зөвхөн Баянзүрх дүүрэгт 27.2 тэрбум төгрөгийг нэмж тавьсан. Бусад дүүрэгт нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй. Үүнийг шударга бус байна гэж ярьсан. Зургаан тэрбум төгрөгийн татаас аваад, 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж өгч байгаа гэсэн. Энэ бол бодит биш мэдээлэл. Учир нь 214 тэрбум төгрөгийн татварыг нийслэлд энэ онд төвлөрүүлнэ. Шинээр 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Үүнд замын ажлуудыг оролцуулсан байгаа.

Хотын дарга төдийгүй, албан тушаалтан гаргаж байгаа мэдээллүүдээ үнэн бодитой, цензуртэй хандах ёстой. Өнөөдөр Монгол Улсад 220 мянга орчим төрийн албан хаагч байна. Тэдний ар гэрийг оролцуулбал 800 мянга орчим хүний асуудал юм. Төрийн албан хаагчдын цалин, хангамж ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Бүх байгууллага, аж ахуйн нэгж ажилтан, ажилчдынхаа амьдралыг сайжруулах, дэмжихэд чиглэсэн хөтөлбөр, ажлуудыг явуулдаг. Мөн нутаг ус, жалга довоор ялгаварлан хандах нь Монгол Улсын үндсэн хуультай харшилж байна. Хоморголон ажлаас хална гэсэн айлган сүрдүүлэлт байж болохгүй гэж хариуцлагатай мэдэгдэж байна гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top