“Ногоон”-ы ханш буурч эхэлжээ. Гэхдээ тогтворжсон гэвэл арай хэтийдсэн дүгнэлт болно. Ямар ч байсан сарын эхэнд Монголбанкны албан ханш 1741 төгрөг болсон нь угаас эдийн засагжих дуртай монголчуудыг сандаргаж, зарим нь “Онц эцэст нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэнэ” гэж барим тавим нотолж байлаа.
Харин өчигдрийн хаалтын ханшаар ам.доллар 1671 төгрөгтэй дүйцжээ. Хагас сарын хугацаанд 70 төгрөгөөр буурсан дүн. Төвбанкны эдийн засагчид зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, гадаад валютын хэрэгцээ шаардлага зэргийг судалсны дүнд “Тогтворжих төлөвтэй” гэж үзсэн гэнэ. Ингээд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар ам.доллар, юань нийлүүлсэнгүй.
Макро эдийн засгийн төлөв энэ гэж байна. Гэвч зах зээлд үнийн хөөс сагасаар. Ганц намрын дотор будаа, гурил, саван, шампунийн үнэ хэрхэн нэмэгдсэнийг хэн ч хэлж чадна. Найман хувьд баригдана гээд байсан инфляци одоо 12 хувиас давах санаатай тэр дээрээс даапаалж эхэллээ. Дотоод валютын хүчгүйдэл ямар салбарт хүчтэй илрэв гэхээр нэн түрүүнд мөнөөх хүнсний бараа, бүтээгдэхүүн тууж явна. Энэ төрлийн барааны үнэ дунджаар 61 хувиар нэмэгджээ. Хамгийн бүдүүн тоймоор тайлбарлавал, кг нь 1000 төгрөг байсан гурил ганц сарын дотор 1610 төгрөг болсон гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн жишээ төдий зүйл. Ямар ч байсан нэг айл сард гурил, будаа, элсэн чихэр, төмс, лууван гэх мэт хүнсэндээ 100 мянган төгрөг зарцуулдаг байсан бол одоо 161 мянгыг зарцуулах шаардлагатай болсон хэрэг. Харин орлого нь ийм хувиар нэмэгдээгүй гэдэгтэй мөрийцсөн ч болно. Тэгэхээр бусад хэрэглээгээ танаад хүнсээ авна, эсвэл хүнсээ танаад өмнөх шигээ амьдарна гэсэн хоёр сонголт л байна даа.
Инфляцийн хоёрдахь том “буруутан” нь хувцас, гуталны үнэ болжээ. Энэ сарын дундах байдлаар 12 хувиар нэмэгдсэн байна. Дундаж амьдралтай /ажилтай, тогтмол орлоготой ч хангалуун биш/ хүмүүсийн орлогоор жишээлүүлье. Бага орлоготой, эмзэг бүлгийнхэн угаасаа энэ үнийн өсөлтийн өмнө сөхөрчихсөн байгаа гэхэд буруудахгүй.
Иргэн А бол дундаж давхаргынхны тод жишээ. Сард 800 мянган төгрөгийн цалинтай. Гар дээрээ 648 мянган төгрөг авна. Өвлийн хувцсаа авахдаа, муугаар бодоход гутланд 250, гадуур хувцсанд /куртик, малгай, бээлий гэх мэт/ 300, бусад зузаан, дулаан өмсгөлд 150 мянгыг зарцуулахаас өөр аргагүй ба энэ сард байгууллагын шинэ жилд орох тул бас хөөрхөн хэдэн төгрөг зарлагадах шаардлага гарна. Мэдээж сар бүр хувцас авахгүй ч А-гийн хувьд бусад хэрэглээ нь хаягдах, эвгүй байдалд орох нь тодорхой болов.
Төгрөгийн хүчгүйдлийн хувийг 12-т хүргэх болсон дараагийн том шалтгаан нь тээврийн үнэ, хөлс. Автобус, троллейбусууд үнээ өсгөөгүй. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээнд иргэдийн сонголт өргөн бөгөөд “Таксинд 5000-ыг өгч тэнэгтэхээр 400 төгрөг төлөөд автобусаар явах нь яасан юм. Хохь чинь ээ” гэх нэгэн гарч магадгүй ч нийтийн тээврийн автобус хэр хангалттай билээ гэдгийг бодолцохоос өөр замгүй. Юутай ч таксинд суугсад бусдад хангалуун амьдралтай мэт харагддаг цаг үе нэг хэсэгтээ ард хоцрохгүй нь бололтой.
Эдгээрийг тоймлоод үзвэл зах зээлийн эрэлт их байх тусам тэнд үнийн өсөлт байдаг юм гэсэн хуурай үгээр тайлбар хийдэг толгой эдийн засагчид “Тогтворжиж байна” гэдэг үгээрээ гал унтраах төдий арга хэмжээ авч байгааг нь харж болно. Саяхан таньдаг эмээгийн тэтгэврийг 5000 мянган төгрөгөөр нэмж “буян үйлдсэн” ба бухимдсан тэрбээр бусад хөгшдөөс сураглахад 1200, 800, 2750 төгрөгөөр тус тус нэмэгдсэн гэх “таатай” мэдээг сонсжээ. Орой нь телевизээр тэтгэвэр нэмсэн гэж хундаг өргөх нь халаг юм болсон. Тэгвэл иймэрхүү балайрсан сенсааци үнийн хөөрөгдөлд нөлөөлдгийг эдийн засгийн ухаангүй нь ч хэлнэ.
Бас тэр төсвийн тодотгол, түшээдийн мөнгөний хэрүүл, цалин нэмэх ба эс нэмэх маргаан, оюутны 70, орон сууцны зээлийг зогсоож ч магадгүй гэж ам мэдэн бурсан эдийн засагч гээд инфляцийг өсгөж буй хүчин зүйлүүдийг хоолны үнийн хөөсрөлөөс тэргүүнд авч үзэх ёстой.
Гадаадын хөрөнгө оруулалтыг бас яана ч гэлээ. Үнийн өсөлтийн бодит таван хувь дундаж давхаргынханд 30 хувийн дарамт болдог бол эмзэг бүлгийнхэнд энэ нь 80 хувь болж дарамт үзүүлдэг. Харин түшээд зэрэг дээд давхаргынханд энэ өсөлт даанч нэг мэдрэгдэхгүй нь сайхан байх.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )