Чингисийн араас Самурай мөнгө дагуулж ирлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

 

Монгол Улсын Хөгжлийн банк Японы Самурай бондын хөрөнгө оруулагчдын хамгийн анхны уулзалтыг есдүгээр сард Токиод зохион байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр Хөгжлийн банк Япон улсын зах зээл дээр 30 тэрбум  иентэй тэнцэх “Самурай” бондыг арилжааллаа. Бондын хугацаа 10 жил, хүү нь 1.52 хувь байх аж. Тэгэхээр Самурай бондын хүү Чингис бондын хүүнээс хамаагүй бага байна. Манай Засгийн газар Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үед дэлхийн эдийн  засгийн нөхцөл байдал гэхчлэн олон хүчин зүйлээс хамаарч ийм хүүтэйгээр гаргасан бөгөөд тэр үед хамгийн хямд эх үүсвэр боллоо гэж байсан. Харин Самурай бондын тухайд манайхаас өмнө Тунис улс JBIC-ийн баталгаатай 220 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний Самурай бондыг 2.04 хувийн хүүтэй гаргасан байгаа. Хойд Африкийн улс төрийн маш их эрсдэлтэй улс ийм хэмжээний хүүтэй гаргаж байхад манай улс дор хаяж хоёр хувиас буухгүй болов уу гэж эдийн засагч хэлж байсанчлан хоёроос бага хувиар гаргаж чадсан байна.

 

Эдийн засагчид  “Самурай” бондыг гаргах болсон хэд хэдэн шалтгааныг тодруулахдаа одоогийн олон улсын санхүүгийн зах зээлд хамгийн хямд өртөгтэй нь болж байгааг хэлж буй. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “...Ам.доллараар бонд гаргахаас хамаагүй хямд болчихсон. Яагаад гэвэл ам.долларын зах зээл энэ оны гуравдугаар сараас эхлээд маш их өөрчлөгдсөн. Америкийн холбооны нөөцийн банкнаас явуулж буй бодлого эрс өөрчлөгдөх магадлал үүсчихсэн. Үүнд нь дэлхий даяар реакц үзүүлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ам.доллар багасч байна. Ам.доллар хөгжиж байгаа орнуудаас буцаад Америк руу явж байна гэсэн үг. Ингээд ам.доллар буцаад америк руу явахад хамгийн ойрын жишээ ханшид нөлөө үзүүлж байна шүү дээ. Зөвхөн Монголынх ч гэлтгүй Энэтхэгийн үндэсний валютынх нь ханш түүхэндээ хамгийн өндөр хувиар унасан. Дэлхий даяар хөгжиж буй орнуудын валютынх нь ам.доллартай харьцах ханш унаж байна. Тэгэхээр бидэн шиг орнуудын хувьд ам.доллар авах үнэтэй, ховор болж байна гэсэн үг. Ийм нөхцөлд бид эргээд Чингис бонд гаргаж болно. Гэхдээ өндөр зардалтай болчих гээд байгаа юм. Гэтэл яг хажууд нь ам.долларын зах зээлээс нэг их дутахааргүй иенийн зах зээл байна. Нөгөө талаас бидэнд одоо иенийн хэрэгцээ бодитойгоор нэмэгдэж байгаа юм. Нэгэнт улс төрийн төвшинд хоёр талаасаа хамтын ажиллагаагаа маш хүчтэй явуулж байна. Томоохон төслүүдийг хамтраад хэрэгжүүлэх шийдвэрт хүрчихлээ шүү дээ. Түүнчлэн хоёр орны эдийн засгийг харахаар бие биенийхээ дутууг нөхөөд, хамтраад ажиллах боломжтой байгаа юм. Японы талаас манайд юу байж болох вэ гэхээр нэгдүгээрт, өндөр технологи. Хоёрдугаарт, мэргэжлийн ур чадвар. Гуравдугаарт тэдэнд асар их хэмжээний хөрөнгө байна. Иен хэлбэрээр Японд байршчихаад байгаа нийт хуримтлалын хэмжээ Америкийн ДНБ-ээс дутахааргүй, Японы өөрийнх нь ДНБ-ээс гурав дахин том байгаа. Монголын талаас юу гарч болох вэ гэхээр нэгдүгээрт, байгалийн баялаг. Хоёрдугаарт, зах зээл. Энэ бол мэдээж Монголын зах зээл биш. Монголын зах зээл тодорхой хэмжээнд тооцогдоно, гэхдээ үүнээс илүү манай хоёр хөршийн зах зээл. Жишээ нь Япон улс Хятадтай улс төрийн хувьд таагүй байгаа энэ нөхцөлд Японы экспорт Хятадын зах зээл дээр Монголоор дамжиж гарах зэрэг хувилбар байж болно. Товчхондоо бол Японы хөрөнгө, технологи Монголд орж ирээд нэмүү өртөг үйлдвэрлэнэ гэсэн үг.” гэхчлэн тодотгон хэлсэн байгаа.

 

Ямартай ч Чингис бондоо дэлхийн зах зээлд гарган эхлэлээ тавьсан манай улс Самурай бондыг гаргалаа. 600 орчим сая ам.доллартай тэнцэх  “Самурай” бондын хөрөнгийг Монгол, Япон  хоёр улсын хамтарсан томоохон дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтын төслүүдэд зарцуулна гэж буй. Эхний ээлжинд мэдэгдээд байгаа төсөл бол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад ямар ч байсан оруулах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top