“Чингис” бондоос үлдсэн мөнгийг он гармагц цацаж дуусгана
“Чингис” бондоос үлдсэн бүх мөнгийг үйлдвэрлэгчдэд өгнө гэнэ ээ. Үлдсэн бүх мөнгө нь 234 сая ам.доллар болж байгаа аж. Энэ мөнгийг Монгол Улсын экспортыг нэмж, импортыг төслүүдэд хувааж өгөх юм гэсэн.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүнийг танилцуулсан юм байх. За одоо ингээд “Чингис” бондын мөнгө ирэх оны хоёрдугаар сард дуусч санаа амраах нь бололтой.
Учир нь экспортыг нэмж, импорт орлох үйлдвэрлэлийн “шилдэг” төслүүдийг нэгдүгээр сарын 17-нд авч дуусах аж. Тэгээд тун удахгүй бондын үлдсэн мөнгийг Халхын хавтгайгаар тарааж цацна гэсэн үг. Гэхдээ тарааж цацсан энэ их мөнгө үр шимээ өгөөсэй билээ, ард түмний нуруунд үүрүүлсэн бас нэг өр шүү энэ чинь.
Бас нэг зүйл байна. Өнөөдрийг хүртэл “Чингис” бондын мөнгийг чухам яг юунд зарцуулсан юм бол. Яагаад 234 саяхан ам.доллар үлдсэн юм бол. Үр ашигтай хөрөнгө оруулалт хийж чадсан уу.
Нийт 1.26 тэрбум ам.доллар буюу хоёр их наяд гаруй төгрөгийг хааш нь хийчихэв. Ерөнхий сайд саяхан зарцуулалтын тайлан гэдэг нэг юм үзүүлсэн. Тэрбээр “Чингис бондын хөрөнгөөс авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбарын 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон” гэсэн.
Үүний дараа тус бүрээр нь тайлбарласан зарлагын баримтыг харвал Монгол Улсад нээрэн маш их зүйлийг энэ бондын хөрөнгөөр хийчихсэн мэт харагдах вий. Тухайлбал, Засгийн газрын 95, 124 дүгээр тогтоолоор орон нутгийн авто замын сүлжээг сайжруулах, шинэчлэх ажилд 570 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ингээд өнгөрсөн хугацаанд нийт 700 км замыг хучиж, 200 км-ын суурийг тавьсан гэж байна. За тэгвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Хамгийн сүүлд л гэхэд Эрдэнэт-Уньт-Мөрөнгийн хатуу хучилттай замын ажлыг Кувейтын тусламжаар барина гэсэн ч хөрөнгө мөнгө нь орж ирээгүй гэх шалтгаанаар хэдэн жил барьсан. Дараа нь бондын хөрөнгө оруулалтаар замын ажил ашгүй эхэлтэл гүйцэтгэлийн компаниуд нь ямаршуу ажиллаж байгааг харсан хүн бүр хэлнэ. Бусад чиглэлийн замын тухайд нийт өртөг нь 570 тэрбумд яавч хүрэхгүй гэхээр бонд эхнээсээ л тендерчдийн гарын салаагаар урссан.
Ерөнхий сайдын танилцуулсан дараагийн ажил нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй ноос, ноолуур, хүлэмж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 270.2 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон явдал. Сүүний холбооныхон гээд баахан хүмүүс жагсаал цуглаандаа тулан Засгийн газраас дэмжлэг шаардсан. Зөв л дөө. Импортын хуурай сүү биш цэвэр монгол сүү уувал хэчнээн сайхан. Гэтэл жижиг хэмжээний үйлдвэртэй хүмүүст энэ зээл олдоогүй гэсэн. Бас л монополийг дэмжих аян болж өнгөрсөн хэрэг.
Үүнээс гадна 263 дугаар тогтоолын дагуу Төрийн орон сууц корпорацийг байгуулах урьтал ажилд 100 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Сүржин нэртэй энэ байгууллагын сураг ажиг одоогоор таг. Буян-Ухаа хорооллын ажил гэж нэг юм эхлүүлсэн нь шав тавих ёслолоос нэг их хэтэрч чадаагүй. Корпораци байгуулах урьтал ажилд л 100 сая ногоон тавиад туучихаар, үйл ажиллагаа нь эхэлчихсэн хойно чухам хэдийг зарах нь тодорхойгүй. Энэ бол “Чингис” бондын зарцуулалт.
Ингээд 50, 100, 70 тэрбумаар нь “зарцуулсаар” одоо 234 сая нь л үлдсэн ба он гараад тараагаад дуусах гэж байгаа нь энэ. Засгийн газрын тэргүүн үүнийг бодитой зарцуулалт гэсэн. Мэдээж байгаа оноогүй ч тараасан нь үнэнээс хойш бодитой гэхээс яах вэ. Гэхдээ л Монгол Улсын нэрийн өмнөөс, баялгийн сангаа барьцаанд тавьж байж босгосон өрийг ийм байдлаар үнэгүйдүүлчихжээ. Дараа нь Самурай бондоор яах гэж байгаа бол...
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Авилгачдын халаасанд бус Ард түмний төлөө цац цац.
Авилгачдын халаасанд бус Ард түмний төлөө цац цац.