Арвангурван онд гарцаа тодорхойлж чадсан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

 

Түлшний хараат байдал дор олон жилийг үдэж байгаа манай улс газрын тосоо дотооддоо боловсруулах тухай яриа халуунаа хадгалсан жил ард үлдэх гэж байна. Харин бодит байдлыг харахад дотооддоо боловсруулахаас өмнө тосоо экспортлогч орон гэх тодотголыг албан ёсоор авах нь урьтал алхам болох янзтай.  Ямартай ч Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгаас гаргасныг Уул уурхайн яамнаас онцолжээ. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, мөн Японы “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барьж байгуулахаар техникийн зураг төслийг үндсэндээ хийж дуусаад байгаа. Тус  үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, мазатыг 100 хувь тус тус хангана. Үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж байгаа гэж буй.


Тухайлбал, өөрийн улсад олборлосон тосны хэмжээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд худалдааны SWAP нөхцлийг хэрэглэх, мөн Японы Марубэни корпорацийн Оросын Роснефть компаниас худалдан авдаг хэмжээн дээр өөрийн хэрэгцээг нэмж авах зэрэг асуудлаар холбогдох талуудтай яриа хэлэлцээ явуулж байгаа аж. Дээрхи үйлдвэр баригдсанаар нэмүү өртгөөр гадагш чиглэсэн мөнгөний урсгал 700 орчим сая. ам. доллараар буурах гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгч байгаа юм.

 

Мөн Петрожамп ХХК Швейцарийн Ганвор компанитай хамтран газрын тос боловсруулах бага оврын үйлдвэрийг мөн Дархан хотод барьж байгуулахаар ажиллаж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 15 сая ам.доллар гэж төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Тус үйлдвэр нь Евро-3 стандартын АИ-92, 95 автобензин үйлдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд А-80, ДТ үйлдвэрлэх боломжтой. Хүчин чадлын хувьд сардаа 830-1330 тонн шатахуун үйлдвэрлэх ба өргөтгөл хийснээр үйлдвэрийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой гээд байгаа.

 

За мөн үндэсний аж ахуйн нэгжүүд болох Монголын алт корпораци, М-Си-Эс, Цэцэнс майнинг, Монголын аж үйлдвэрийн корпораци зэрэг компаниуд дотоодын нүүрсний эх үүсвэртээ тулгуурлан нүүрснээс шингэн болон хийн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа дуусган төслийг хэрэгжүүлэх шатандаа орж байгаа аж. М-Си-Эс компанийн боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжсэн бол Монголын алт корпорацийн ТЭЗҮ-ийн хувьд шинжээчдийн баг томилон хөндлөнгийн экспертиз хийлгэж байгаа юм байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслүүдийг дэмжих зорилгоор технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны зургадугаар сард батлуулаад байгаа юм. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр цаашид Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон болох боломж бүрдэж байгаа хэмээн салбарын нөхдүүд хэлээд байна. Хэрэв үнэхээр тийм бол Монгол Улс экспортлогч орон болох гарцаа зөв тодорхойлж чадсан гэсэн үг. Гэхдээ шууд дүгнэхэд эрт байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top