Шивээ хүрэн боомтын төмөр зам, туузан дамжуургын бүтээн байгуулалтыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 01

Уул уурхайн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болж байна гэж салбарын яам үзэж байгаа аж. Сайдынх нь тодотгож буйгаар өнгөрсөн олон жилийн турш яригдсаар ирсэн “Төрөөс эрдэс баялгийн талаар 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” болон “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, мөн шинэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, олборлох, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг харилцаатай холбогдсон эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх нэмэгдүүлэх зорилгоор “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг тус тус УУЯ-наас боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.


Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний импортын худалдаанд нэгдсэн бодлогыг баримтлах, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд, улмаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, Газрын тос боловсруулах, нүүрс болон занаараас шингэн тулш гаргах зэрэг үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гааль, нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулиуд батлагдан гарсан.

 

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, угааж баяжуулсан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортолж байгаа нүүрсэнд НӨАТ ногдуулахгүй байх, нүүрсний ангилал бий болгож өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортлох, Шивээ хүрэн боомтын төмөр зам, туузан дамжуургын бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, газрын тосны олборлолтын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан хоолойгоор тээвэрлэх зэрэг асуудалд анхаарал тавьж байгаа гэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top