“Хар Ирвэс”-ийн араас Португал даяар гурав хоног гашуудал зарлав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд “Хар Ирвэс”, “Анхны африк гаралтай агуу хөлбөмбөгч” нэрээрээ танигдсан Португалын алдарт тамирчин Эйсебио да Силва Феррейра 71 насандаа өчигдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

 

Түүнийг таалал төгссөн гунигт мэдээг Португалын телевизээр зарлахдаа гурав хоногийн турш гашуудал зарлаж буйг мөн мэдэгджээ. Цагаан арьст ангол аавтай, хар арьст мозамбик ээжтэй Эйсебиогийн араас бүтэн улсаар тогтохгүй хөлбөмбөгийг ойлгодог, дэмждэг хүн бүр гашуудаж байна.

 

Тэртээ 1960 онд Мозамбикийн хөлбөмбөгийн “Спортинг” багт тоглож эхэлсэн хар арьст хүүг дэлхийн хэмжээний од болон гялалзаж, сая сая шүтэн бишрэгчтэй болчихно гэж төсөөлөхийн аргагүй байж.

 

1960 оны зун Бразилын “Ферроварио” баг Африкийн зарим улсуудаар аялан тоглолт хийж, орон нутгийн багуудтай хүчээ үзжээ. “Ферроварио”-г Бразилын шигшээд гялалзаж явсан хөлбөмбөгч Карлос Бауэр тухайн үед дасгалжуулдаг байлаа. Бауэр Бразил руугаа буцахаас өмнө хуучны анд Белу Гутмантай уулзахаар Португалын Лиссабоноор дайрчээ. Гутман “Бенфика”-г дасгалжуулж буй тул тэдний яриа өндөрлөхийн өмнөхөн Бауэр Мозамбикийн нийслэл Лоренс-Маркишт харсан нэгэн залуу хөлбөмбөгчийн талаар дурьджээ.

 

“Тэнд нэг хүү байна лээ. Байдлыг ажвал нутгийнхныхаа хайр талархлыг хүлээсэн тун дажгүй хөлбөмбөгч болчихоор харагдсан. Гэхдээ манай баг тэр хүүгээр яахав. Бразилд хөлбөмбөгт дуртай хөвгүүд өчнөөн байхад би тийшээгээ чирж яваад хэрэггүй биз. Харин чи тэр негр хүүг нэг хараадхаач” гэж Карлос Бауэр Гутманд хэлжээ. “Хммм, чи өөрөө голж байгаа байж надад санал болгоод байхдаа яахав дээ. Тэгээд нэрийг нь хэн гэдэг юм бэ?. Тэр ер нь хэн юм бэ тэгээд?” гэж Гутманыг асуухад Бауэр инээмсэглэн “Хэн ч биш” гэснээ “Одоогоор тэр хэн ч биш. Гэхдээ Лоренс-Маркиш даяар хүүг андахгүй юм билээ” гэж хэлсэн гэдэг.

 

Ингээд хэдэн долоо хоногийн дараагаар Лиссабоны “Бенфика”-д зэрлэг бүдүүлэгдүү гэмээр нэгэн хар арьст залуу хөлбөмбөгчөөр ирсэн нь Эйсебио да Силва Феррейра байжээ.

 

Үмх талхны мөнгө олж, гэртээ үлдсэн найман ах дүүгээ тэжээх найдлага өвөрлөн Эйсебио Лиссабонд ирсэн нь энэ.

 

“Би Эйсебиог хэрхэн тоглож байхыг хараад эхэндээ аль болох л олон удаа талбайд гаргахыг хичээх болсон. Өөрөөр хэлбэл, түүний өмнө элдэв хориг, горим тавиагүй. Талбайд үүссэн нөхцөл байдалд өөрийнхөөрөө л тоглож сургахыг би хүссэн. Багийнхантайгаа хөлөө олж, авьяасаа хөгжүүлэхэд тэр өөрөө өөртөө л тусалсан” гэж хожим Гутман өгүүлсэн байдаг. Харин хэдэн сар эрх дураар нь тоглуулсныхаа дараагаар Гутман сая Эйсебиод “Бенфика”-гийн тоглолтын арга барил, талбайд хэрхэн тоглох ёстойг нь хэлж өгчээ. “Би түүнд эхлээд өөрийнхөөрөө тоглох эрх чөлөөг хангалттай олгосон болохоор Эйсебио өөрийн гэсэн тэр онцгой чадвараа хадгалж үлдэж чадсан байх” гэж Гутман ярьсан удаатай.

 

Гэлээ ч Эйсебио “Бенфика”-гийн төлөө анхны тоглолтдоо гарахдаа гялалзаж чадаагүйгээс гадна хэвлэлээр хүртэл шүүмжлүүлээд авчээ. “Гутманы тэжээгээд тордоод байгаа Эйсебио “Бенфика”-гийн төлөө анхны тоглолтоо хийлээ. Түүний тоглолтыг харвал тэр хэн ч биш чигээрээ үлдэх нэгэн байна” гэж хэвлэлд муулжээ.

 

Гэвч хэдхэн сарын дараагаар өнөөх хэвлэлд Эйсебиог Пелетэй зүйрлэдэг болчихсон байж. Түүхийн хуудаснаа Пеле, Эйсебио хоёр бие биенийхээ эсрэг тоглосон анхны тоглолт бол “Бенфика” Бразилын “Сантос”-ыг хүлээн авсан тоглолт байдаг. Пеле эхний үед талбайд хаанчилж, “Сантос” өрсөлдөгчөө ямар ч найдваргүй болтол нь 0:5-аар хожиж явлаа. Гэтэл хоёрдугаар үед Эйсебиог талбайд гаргамагц 20 минутын дотор Бразилын багийн хаалганд хет-трик хийчих нь тэр. Хэдийгээр энэ тоглолтод Пелегийн “Сантос” 6:3-аар ялалт байгуулсан ч гэсэн Эйсебио талбайгаас гарахдаа хэвлэлийнхнээс аль хэдийнэ “Хар ирвэс”, “Мозамбикийн сувд” гэх мэт хоч авчихсан байлаа.

 

20 насандаа Эйсебио хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа баттай эзэлж, хүндлэлийн эзэн болсон юм. Алдарт Мадридын “Реал”-ын дараалсан олон түрүүг Эйсебио л зогсоосон. Хэдийгээр “Бенфика” хожигдож явсан ч Эйсебиогийн ур чадвар, хоёр гоол тоглолтын хувь заяаг эргүүлж, 5:3-аар Лиссабоны баг ялалт байгуулсан түүхтэй.

 

1966 оны Дэлхийн аваргын нэг хэсэгт Португалын шигшээ Ардчилсан Солонгостой таарч, 0:3-ээр хожигдож яваад 4:3-аар хожиход гол үүргийг Эйсебио гүйцэтгэснээрээ түүхэнд мөнхөрсөн байдаг. Тухайн Дэлхийн аваргад Эйсебио 9 гоол оруулж, Португалын шигшээ хүрэл медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Эйсебио ид үедээ 175 сантиметр өндөр, 73 кг жинтэй байж. Эйсебио 1965 онд Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг гардсан бол 1962, 1966 онд “Мөнгөн бөмбөг” буюу Европын шилдэг хөлбөмбөгчийн жагсаалтын хоёрт бичигдсэн байдаг.

 

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх агуу 10 хөлбөмбөгчийн тоонд багтсаар ирсэн Эйсебиогийн тухай цухасхан өгүүллээ.

 

Болоргэгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top