Ам.доллар төгрөгийг дэвсэж хаячихаад Америк руу зугатаад байна уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

 

Манай улстөрчид улсын төсөвтөө ам.долларын монгол төгрөгтэй харилцах ханшийг 1400-аас доогуур тооцож оруулсан нь дэндүү гэхэд дэндүү өөдрөг төсөөлөл байсныг бодит нөхцөл байдал харуулж байна. Монголбанкны сүүлчийн дуудлага худалдаагаар 1737 төгрөгийн хаалтын ханшаар 53.5 сая ам.доллар, 284.70 төгрөгийн хаалтын ханшаар 141.5 сая юанийг арилжааны банкуудад худалдаад байна. Арилжааны банкуудын ханшийг 9-ний өдрийн байдлаар харахад ХААН банк ам.долларыг 1702 төгрөгөөр авч 1742 төгрөгөөр зарж, Худалдаа хөгжлийн банк 1692-оор авч мөн л  1742 төгрөгөөр зарж байна. Ерөнхийдөө ам.долларын ханш 1750 руу дөхсөн дүр зурагтай байгаа юм. Ер нь Монголбанк интервенц хийлээ хийлээ гээд ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 300 гаруй төгрөгөөр уруудуулна гэсэн асуудалд итгэх шаардлага угаас байхгүй. Тийм боломж байхгүй гэдгийг бодитоор харсан нь өлзийтэй гэдгийг хэлчихмээр байна. С.Дэмбэрэл гишүүн төсвийн тухай хууль хэлэлцэгдэж байх үед “Валютын ханшийн  ирэх жилийн төсөөллийн талаар төрийн институци өөр, өөр байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн байр суурь бол Монголбанкинд олон жил валютын ханшийн төсөөллийг хийдэг бүтэц бий.  2013 онд ам.долларыг 1450-иар тооцож байсан. Төсвийн төсөлд ам.долларыг 1384-өөр тооцсон нь үнэхээр хариуцлагагүй явдал, ийм байдлаар төсвөө явуулж байгаа. Цаашид Монголбанк, Засгийн газар валютын ханшийн талаар ард иргэд болоод УИХ-ын гишүүдийг  төөрөгдүүлж болохгүй, энэ тухай тодорхой зааж өгөх ёстой” гэж байсан. Тэгсэн ч төсөв батлагдахад мөнөөх  1384 төгрөг гэсэн тооцооллоо тэрчигээр нь оруулаад баталчихсан л юм.Тэртээ тэргүй ханш чанга байсаар байтал, эдийн засагчид ч ханш сүйдтэй буурах прогнозыг хийж чадахгүй байсаар атал ийм төсөөллөө хуульчилсан нь, эдийн засагт эрсдэлтэй гэдгийг хэлэх гишүүд байгаагүй биш байсан. Тэрдундаа манай валютын өр нэмэгдэж байгаатай зэрэгцэн ийм шийдвэр гаргана гэдэг нь бөөн эрсдэл шүү гэсээр байтал төдийлөн тоогоогүй юм. Ерөөс яавал ч яаг гэсэн байдлаар улстөрчид энэ чухал асуудалд хандсан гэсэн үг.

 

Тэгсэн ч харалган гэмээр шийдвэрийг давж харж, цаашид яах вэ гэдэг асуудалдаа илүүтэй анхаарах нь чухал болоод байгааг хэлэх хэрэгтэй юм. Төрөөс ханшийн өөрчлөлтөөс хамааран үнэ нь тогтоогдож байдаг барилга, шатахууны салбарыг тогтворжуулахын тулд  хэдэн  тэрбумаар нь мөнгө зарцуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Үр өгөөж нь тодорхой хэмжээнд байсныг үгүйсгэж болохгүй. Харин одоо нөхцөл байдал өөр. Тохирсон бодлого, үйлдлийг шаардаж байгаа.

 

Өнгөрөгч оны наймдугаар сараас хойш ам.долларын ханш хүчтэй өсөлтийг үзүүлж ирсэн. Есдүгээр сарын 5-ны өдөр гэхэд Монголбанкны  ам.долларын зарласан ханш  1,653.72 төгрөг,Хаан банкны ам.долларыг авах ханш 1658 төгрөг,  зарах ханш  1678 төгрөг байсан. . Харин үүнээс нэг сар шахмын өмнө буюу наймдугаар сарын 7-ны өдөр 1 ам.доллар 1589 монгол төгрөгтэй тэнцэж байсан билээ. Монгол төгрөгийн тогтвортой байдлын төлөө ажиллах учиртай Монголбанк 47 удаагийн интервенц хийж, 830 орчим сая долларыг эргэлтэд оруулсан ч, ханшийн өсөлтийг хазаарлаж дийлэлгүй, энэ хэмжээнд хүргэсэн нь төв банкны валютын зах дахь оролцоо оновчтой бус байна гэж харахад хүргэсэн юм.  Түүнчлэн улам нэмэгдэж байгаа ам.долларын ханшийн өсөлтийг хумихын тулд Монголбанкны интервенцийн тухай мэдээллийг харж, хүлээхээс илүүтэй, эдийн засагт дунд хугацаанд нааштай үр дүн дагуулах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байгааг нөхцөл байдал харуулсан. Тухайн үед эдийн засагч Д.Жаргалсайхан хэлэхдээ “...валютын дотогшлох урсгалын сааралтаас гадна, Монголбанк оны эхнээс  855 сая долларыг эдийн засагт эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын ханшид нөлөөлж байна гэж байсан. Мөн манай улсын төлбөрийн урсгал дансны алдагдал  1.6 тэрбум ам.доллар,  тэрдундаа  гадаад худалдааны алдагдал 1 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа нь нөлөөлж байна. Эдийн засагт ДНБ-ий 10 хувьтай тэнцэх ачаалал өндөр байгаа ханшийг чангаруулахад нөлөөлж байгааг хэлж байсан юм. Уг нь  Засгийн газар Чингис бонд нэртэй өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум ам.доллар босгосон ч, бондын мөнгөнөөс 200-300 саяыг нь л эдийн засагт оруулж, бусдынх нь зарцуулалт, тэндээс хүртэх өгөөжийн асуудал бүрхэг өнөөдрийг хүрсэн нь одоо энэ ам.долларын ханшийн өсөлтөөс ч харагдаж байна гэсэн зүйлийг хэлж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрөгч оны сүүлээр Япон улсын зах зээл дээр 30 тэрбум  иентэй тэнцэх “Самурай” бондыг арилжаалсан нь нэг талаас ам.долларын нөлөөллөөс ангид байхад үр ашиг дагуулах боловч, эсрэгээрээ ам.долларын ханшийн чангаралтад нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгааг бас өгч чадахгүй юм.

 

Ам.долларын зах зээл өнгөрөгч  оны гуравдугаар сараас эхлээд маш их өөрчлөгдсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Америкийн холбооны нөөцийн банкнаас явуулж буй бодлого эрс өөрчлөгдөх магадлал үүсчихсэн. Үүнд нь дэлхий даяар реакц үзүүлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ам.доллар багасч, хөгжиж байгаа орнуудаас буцаад Америк руу явж байна гэсэн үг. Ингээд ам.доллар буцаад америк руу явахад хамгийн ойрын жишээ ханшид нөлөө үзүүлж байна шүү дээ. Зөвхөн Монголынх ч гэлтгүй Энэтхэгийн үндэсний валютынх нь ханш түүхэндээ хамгийн өндөр хувиар унасан. Дэлхий даяар хөгжиж буй орнуудын валютынх нь ам.доллартай харьцах ханш унаж байна. Тэгэхээр бидэн шиг орнуудын хувьд ам.доллар авах үнэтэй, ховор болж байна гэсэн үг. Ийм нөхцөлд бид эргээд Чингис бонд гаргаж болно. Гэхдээ өндөр зардалтай болчих гээд байгаа юм. Гэтэл яг хажууд нь ам.долларын зах зээлээс нэг их дутахааргүй иенийн зах зээл байна. Нөгөө талаас бидэнд одоо иенийн хэрэгцээ бодитойгоор нэмэгдэж байгаа юм хэмээн Хөгжлийн банкны удирдлага байр сууриа илэрхийлж байсныг энэ дашрамд өгүүлэх байна.

 

Түүнчлэн шинэ шинэ юм ярих дуртай энэ Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууддаа анхаарал хандуулж чадаж байна уу гэдэг асуудал энэ ханшийн асуудалтай тунчиг холбоотой. Манай улсад хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85  орчим хувь нь эрдэс баялгийн салбар луу ирдэг бол нөгөөх стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуулиас үүдэн эдийн засагт бэрхшээл үүссэн тухай улстөрчид, эдийн засагчид өмнө нь ярьж байсан. Тэгвэл одоо хөрөнгө оруулалтын орчноо хуулийн талаас нь өөрчлөөд байгаа. Уг нь хөрөнгө оруулалтын дотогшлох их урсгалыг даган төгрөгийн ханш чангардаг жишээг бид бэлхнээ харж байсан. Төгрөгийн ханш 2010, 2011 онуудад чангарах чиглэлтэй байсан нь гадны хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн, мөн гадаад худалдаанаас валютаар олох орлого ихэсч байсантай  холбоотой байсан юм. Гадны хөрөнгө оруулалт ба экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн  ханшийг нь сулруулж байв. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад ам.долларын ханшийн өсөлтийн хурдыг сааруулахын тулд өөр арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болчихжээ.

 

Манай улсад 2008-2012 онд 8,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний  7,1 тэрбум ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж байсан. Харин  үлдсэн 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 4 жилд хувааж үзэхэд жилд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн үзүүлэлт байдаг. Тэрчлэн Оюутолгой зогсчихвол улсын эдийн засаг будаа гэдэг ойлголт хаа хаанаа бат бэх суучихаад байгаа. Ядаж байхад нөгөө хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцоогүй том асуудлууд байгаад байдаг. Гэхдээ яг энэ жилийн тухайд авч үзэхэд Оюутолгой  зарцуулах хөрөнгө мөнгөнийхөө хязгаарыг тогтоочихсон байгаа. Тэгэхээр энэ оны хувьд ам.долларын ханшийг хааш нь залж чадах эсэх дээр Засгийн газар, Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд л илүүтэй анхаарлын төвд байх ёстой юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top