Хөгжингүй орнуудын эдийн засагт сэргэлт бий болох, мөнгөний тэлэх бодлого эргээд хумигдах нөхцөл байдлын нөгөө талд хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл ихсэх эрсдэл байгааг АНУ-ын Холбооны нөөцийн банкны зүгээс мэдэгдэж байсан билээ. Ямартай ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч, зарим хөгжингүй орнуудад сэргэлт ажиглагдаж байгаа юм. Макро эдийн засгийн тогтвортой байдлаа харьцангуй хадгалж үлдсэн бүрэлдэж буй эдийн засагтай болон хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, хөгжингүй орнуудаас эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлого нь дэлхийн санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад эерэгээр нөлөөлж байгааг шинжээчид хэлж буй. Хөгжингүй орнуудын төв банкууд эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөнгөний бодлогын хүүг байж болох хамгийн доод түвшинд хүртэл шат дараатай бууруулж, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж ирсэн нь арваас арваннэгэн онуудад бүрэлдэж буй эдийн засагтай болон хөгжиж буй орнуудад их хэмжээний хөрөнгийн орох урсгал бий болгож, улмаар макро эдийн засгийн бодлогын хувьд тодорхой сорилтууд бий болгосон юм. Ийм нөхцөл байдалтай уялдан бондын зах зээлийн хүү өсч, эхэнд хэлсэнчлэн бүрэлдэж буй эдийн засагтай болон хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл хүчтэй ажиглагдаад байгаа юм. Улмаар тэдгээр орнуудын үндэсний валютын ханш огцом суларсан нийтлэг хандлага бий болсон. Ийм орчинд хөрөнгө оруулагчид урсгал тэнцлийн алдагдал өндөртэй орнуудыг илүү эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Хэдийгээр АНУ-ын Холбооны нөөцийн банкны өнгөрөгч оны сүүлийн улиралд хийсэн мэдэгдлээр тус банк актив худалдан авалтаа ойрын хугацаанд бууруулахгүй байхаар шийдвэрлэсэн хэдий ч, цаашид хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэж, түүнийг дагаад мөнгөний зөөлөн бодлого нь чангарсан нөхцөлд дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл чангарах, хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт татрах, зардал өсөх зэрэг эрсдэл байгааг анхаарах шаардлага байсаар байна. Эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ буураад байгаа билээ. Энэ нь ч манай улстай ижил анхдагч түүхий эд экспортлогч орнуудын хувьд үндэсний валютын ханш сулрах нийтлэг шалтгаан болсон бөгөөд ОУВС-гийн 2012 оны эцсийн байдлаар хийсэн судалгаагаар Австрали, Канад, Бразил, Өмнөд Африк, Чили12 зэрэг орнуудын бодит ханш урт хугацааны тэнцвэрт түвшнээсээ илүү үнэлэгдсэн гэсэн үр дүн гарсан байна.
Уул уурхайн эрдэс, түүхий эд экспортлогч дээр дурдсан орнуудын үндэсний валютын бодит ханш 2010-2012 оны хооронд хамгийн ихдээ 7 хувиар суларч, 12.6 хувиар чангарсан бол төгрөгийн бодит ханш мөн хугацаанд 30 гаруй хувиар чангарсан байна. Оны эхнээс тооцвол 2013 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар валютын нэрлэсэн үйлчилж буй ханш Австралид 11.4 хувь, Канадад 4 хувь, Бразилд 8.3 хувь, Өмнөд Африкт 12.4 хувь, Чилид 4.1 хувиар тус тус суларчээ. Дээр дурдсан орнуудтай харьцуулахад эрдэс, түүхий эдийн экспортоос 2-4 дахин өндөр хамааралтай, нээлттэй, жижиг эдийн засагтай Монгол Улсын хувьд төгрөгийн нэрлэсэн үйлчилж буй ханш мөн хугацаанд 9.5 хувиар суларсан байгаа нь макро суурь нөхцөл, түүний өөрчлөлттэй нийцтэй байгаа гэх дүгнэлтийг эдийн засагчид хийж буй.
Дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүн түүхий эдийн эрэлтэд өндөр жин эзэлж буй Хятадын эдийн засгийн төлөв байдал, хөгжиж байгаа орнуудаас эрдэс, түүхий эд авах Хятадын сонирхол нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх гол гадаад нөхцөл юм. Арвангурван оны 1-р улиралд Хятадын эдийн засгийн идэвхжил удааширч, тоон үзүүлэлтүүд төсөөлж байсан түвшинд хүрээгүй тул 2013 оны Хятадын ДНБ-ий өсөлтийн төсөөлөл 8.1 хувиас 7.8 хувь болж буурсан байгаа. Хөгжингүй орнууд дахь эдийн засгийн таагүй нөхцөлөөс шалтгаалан Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байсан экспортын эрэлт буурч эхэлсэнтэй уялдан Хятадын эрх баригчид эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Гэсэн хэдий ч Хятад улсын хувийн хэрэглээ мөн л шинжээчдийн таамгаас бага үзүүлэлттэй гарч байна. Түүнчлэн, бүрэлдэж буй эдийн засагтай болон хөгжиж буй орнуудад Хятадаас хийх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан хандлага үргэлжлэхээр байгаа юм.
Тэгэхээр ийм маягаар гадаад эдийн засгийн орчин төдийлөн өнгө засахааргүй байгаа нөхцөлд Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан сөрөг хандлага үргэлжилж болзошгүй эрсдэл дэргэд байсан хэвээрээ л байна. Энэ тохиолдолд экспортын үнэ буурах, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөхгүй байх эрсдэл байсаар байх тул экспортын өрсөлдөх чадварыг сайжруулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага гарсаар байна. Нөгөөтэйгүүр, бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын орчин таатай бус хэвээр байгаа нөхцөлд Монгол Улс хөрөнгө оруулалтын дотоод өрсөлдөх чадвараа сайжруулж, эрх зүйн орчинг шинэчлээд байгаа. Гэвч хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэхийн сацуу эдийн засагт үлэмж нөлөө бүхий, хөрөнгө оруулалтын цар хүрээ ихтэй томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хөрөнгө оруулагч талтай үүссэн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага байгааг тодотгох хэрэгтэй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )