Жилээс жилд томрох учиртай Жижиг дунд үйлдвэрлэлийг тушигсад...

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

 

Дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тэдгээр нь ажил олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдаг. Тэгвэл манай тухайд жижиг дунд үйлдвэрлэлийнхэн гэж төрөөс аваад л байдаг нэртэй ч, нидэр дээрээ бодьтой дэмжлэгийг авч чаддаггүй бүхэл бүтэн нэг салбар байж байна. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хэлснээр бол Шинэчлэлийн гэх тодотголтой энэ Засгийн газар энэ салбар тийш ихээхэн мөнгө зориулахаар төлөвлөсөн, тооцсон гээд байгаа. Тухайлбал,  “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрийг 150 сая төгрөгөөс доошгүй, аймаг, дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-г 3 тэрбумаас доошгүй, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөс доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байхаар зорин ажиллаж байгаа гэх. Гэсэн мөртлөө гадаад зах зээлд “Чингис” бонд хэмээх өрийн бичиг гаргаж босгож ирсэн мөнгөнөөсөө энэ салбар тийш олигтойхон хялайлгаагүй. Хэдийгээр сурагчийн дүрэмт хувцсыг хийж байгаа үндэсний үйлдвэрүүдээ энэ мөнгөнөөс дэмжиж тэтгэсэн гээд байгаа ч,  гүйцэтгэлийг нь төрийн өмчит компаниуд хийчихсэн гэхээр юуных нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн болох вэ дээ.

 

Ер нь бол манайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ хүрэх ёстой, хүртээгдэх ёстой субьектүүддээ хүрч дийлэхгүй байгаагийн шалтаг шалтгааныг сайтар анзаарч байх ёстой юм. Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар гэхэд  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаар дамжуулан 14.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг байршуулан найман сарын байдлаар 12.1 тэрбум төгрөгийн 400 орчим төслийг санхүүжүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 48 тэрбум төгрөгийн зээлийг үе шаттай олгосон нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд цагаа олсон дэмжлэг болсон гэх мэдээллийг Хөдөлмөрийн яамнаас өгөөд байдаг. Гэтэл ингэж хэдэн арван тэрбумаар нь зээл олгогдоод байхад нөгөөх Жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжиж гавихгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн асуудал гарна.

 

Тэгвэл энэ салбарыг хөгжүүлэх зорилготой зээл нь арилжааны банкаар дамжихдаа зээлийн эдийн засагчдын үзэмжээр хуваарилагддаг жишиг хэдийнэ тогтсон гэдгийг хэлэх эх сурвалжууд бий. Мөн орон нутгийн тухайд аймаг, сумын засаг даргатай танил, ойр хүмүүс л зээлд хамрагдаж чаддаг нь хэдийнэ тодорхой болсон зүйл. Тэгэхээр энэ салбар тийш зүглэсэн дэмжлэг ийм буруу жишгээр явж байхад юуных нь хөгжил дэвшил байх юм бэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк, өртгийн сүлжээ, кластерын тогтолцоонд шилжүүлэх, стандартын шаардлага хангуулах. Инноваци нэвтрүүлэх, техник, технологио шинэчлэх боломжийг нь өргөжүүлж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх  гэхчлэн хэчнээн зорилтыг тавиад  хүрч дийлэх үү.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хамгийн сайн, шалгарсан төслүүдэд олгоно гэдэг ч хэрэг дээрээ хамгийн сайн танилтай, артай аж ахуй нэгжид л олгодог жишиг сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа нь, зээлийг яг хэрэгцээ шаардлагатай байгаа бүлэгт нь хүргэх тал дээр илүүтэй анхаарах шаардлагыг холбогдох нөхдүүдийн өмнө хурцаар тавигдахад хүргээд байна. Энэ салбарт хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгаа аж ахуй нэгжүүд зүгээр мөнгө гуйгаагүй. Хүүтэй зээл авахыг л хүсч буй. Тэгээд ч долоон хувийн хүүг нь  банк болоод сан хоёр хувааж авдаг шүү дээ.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь эрхэм зорилгоо  “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.” хэмээн тодорхойлдог юм билээ. Түүнчлэн:

 

ЖДҮ эрхлэгчдэд зориулж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох;

 

Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

 

ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх;

Төслийн гүйцэтгэл дээр хяналт тавих;

 

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор санхүүжилт, дүрэм журмыг бий болгож дотоодын болон гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах;

 

ЖДҮ  эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;

 

Зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх; гэхчлэн ихээхэн том том зорилтуудыг урдаа тавьсан байдаг юм билээ. Тэгвэл эдгээр зорилтууд дээрээ нэг чухал зорилтыг нэмж оруулах ёстой болоод байна. Жинхэнэ хийж бүтээх гэсэн, оюуны болон материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх гэсэн аж ахуй нэгжүүдэд тэр зээлийн хөрөнгө мөнгийг хүргэхэд анхаарах нь та бүхний ажлын нэг хэсэг зайлшгүй байх ёстой. Мөн энд зориуд нэг зүйлийг өгүүлэхэд бонд буюу өрийн бичиг гаргаж олж ирсэн мөнгөөр жижигхэн төслүүд санхүүжүүлж тарамдахгүй энэ тэр гэдэг зүйлийг манай том улстөрчид ярьцгаагаад л байсан. Тэгвэл олон улсын жишиг өөр байдаг. Тэр талаар тухайлан хүргэе.

 

Дэлхийн Хөгжлийн банкуудын 60 -аад хувь нь ЖДҮ-ийн зах зээлийг сонирхдог


Ер нь гадаад зах зээлээс босгосон, өр тавьж олж ирсэн мөнгөө бодит эдийн засагтаа өгөөжтэй зарцуулах нь гол асуудал.  Тэгвэл манай улстөрчид тэр  мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулахдаа Хөгжлийн банкныхаа зорилтот зах зээлийг, тодруулбал санхүүжилт хийх салбаруудыг оновчтой тодорхойлсон эсэх нь асуудалтай юм. Гадны жишгийг харахад Хөгжлийн банкуудын үүрэг болоод үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар хийгдсэн судалгаанууд байдаг. Тухайлбал, Канадын Бизнесийн хөгжлийн банк  2009 онд олон улсын жишиг тогтоохоор дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын Засгийн газрын хөтөлбөрүүд болон 373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалсан байдаг.  Санал болгож байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд баримтуудыг судалсны үр дүнд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээлийг тодорхойлсон байгаа юм. Тэдгээр нь: 1-  Бичил-бизнес/эхэлж буй, 2- Жижиг дунд үйлдвэр, 3-  Олон улсын худалдаа/даяарчлал, 4-  Орон сууцжуулалт, 5-  Дэд бүтэц, 6-   Хөдөө аж ахуйн салбар тус тус  байдаг юм.

 

Тэгвэл эдгээрээс Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл нь  жижиг дунд үйлдвэрлэл байдаг аж. Хөгжлийн банкуудын 60 -аад хувь энэ зах зээлийг сонирхдог. Дэлхийн жишгээр бол жижиг дунд үйлдвэрлэл гэж  5-250  ажилтантай үйлдвэрлэлийг хэлдэг байна. Гэтэл эдийн засгийн чухал  хөдөлгөгч энэ  хүчнүүдийг зах зээл адилаар авч үздэггүй.

 

Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлд тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн  хувьд дэндүү ахадсан,  хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог байгууллагын санхүүгийн загварын дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Энэхүү жижиг дунд үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтийн хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг тухай судлаачид бичсэн байдгийг бас хэлэх хэрэгтэй болов уу. Манайд ч ийм нөхцөл байдал байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бодит дэмжлэгийг авч чадахгүй байгааг бид бэлхнээ харж байгаа билээ. Засгаас энэ салбарыг дэмжих жил энэ тэр гэсэн сүржин уриа дэвшүүлдэг ч хийгдсэн ажлууд нь даржин гэдгийг хаа хаанаа мэднэ. Арилжааны банкуудын өндөр шаардлага, өндөр хүүг давах нь  ЖДҮ эрхлэгчдийн өмнө тээг болж байгаа том асуудал мөнөөс мөн билээ. Тэгэхээр том төслүүдийг дэмжиж гавьдаггүй Хөгжлийн банкны зорилтот зах зээлүүдийн нэг нь  яагаад энэ салбар байж болохгүй гэж. Тийшээгээ томоохон дэмжлэгийг үзүүлж яагаад болохгүй гэж гэсэн асуулт тавигдахад хүрч байгаа юм.

 

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top