V дугаар эх үүсвэр цаасан дээрээс газарт буух эхлэлийг тавих гэж хэдэн жил дуншиж байгааг бид мэднэ. Тиймээс ч “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн түншлэл V станцыг барих гүйцэтгэгчээр тодроод гараад ирэхэд нь алга ташихаа шахсан. Тэгээд ТЭЗҮ-ийн өөрчлөлт, төмөр замын байгууламжийн, нүүрсний чанарын болон бусад нарийвчилсан судалгааг өөрийн зардлаар хийхийг нь хүлээж байгаа. Гэтэл энэ шинэ эх үүсвэрийн гүйцэтгэх үүргийг нам дарсан станц Дундговьд босохоор болоод байгаа нь анхаарал татаж байна. V дугаар эх үүсвэрийн тухайд энэ оны 7 дугаар сард барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 2017 оны 7 дугаар сарын 1-нд эхний ээлжийн блокийг ашиглалтад оруулна гэгдээд байгаа. Тэгвэл арвандолоон онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэсэн 600 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орно гэдгийг “Могул Пауэр” компаниас албан ёсоор дуулгав. Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц гэх тодотголыг араасаа дагуулж байгаа тус станцыг 1 тэрбум гаруй ам.доллараар босгоно гэж байна. Харин хөрөнгө оруулагчид нь олон улсын компаниуд байх аж.
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 8-ны өдөр “Могул Пауэр” компанид станц байгуулах албан ёсны зөвшөөрлийг олгожээ. Гол нь Мандалговь хотоос баруун хойд зүгт 25 км-ийн зайд орших тус станц нь Улаанбаатар хот, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон томоохон уурхайдад эрчим хүч нийлүүлэх боломжтой гэдгийг “Могул Пауэр” компанийн зүгээс мэдэгдэж байна. Мөн станц бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайгаас жилд 3.6 сая тонн нүүрс ашиглана гэсэн тооцоо байгаа юм байна.Түүнчлэн түүхий эдийн хувьд нийлүүлэлтийн асуудал үүсэхгүй учраас үйл ажиллагааны доголдол, элдэв асуудал үүсэхгүй гэж “Могул Пауэр”-ын зүгээс мэдэгдэж буй.
Гол нь станцыг босгож ирэх хөрөнгө оруулалтыг гадны хөрөнгө оруулагчдаас татна гэдэг асуудал нь Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том станцын эзэд нь гадныхан байх нь гэсэн ойлголтыг агуулж байгааг хэлэх хэрэгтэй юм. Тэгвэл энэ нь стратегийн чухал салбарын хувьд хэр зохимжтой вэ гэдэг асуудал мэдээж тавигдаж байгаа юм. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 700-гаад ажилтан ажиллах бөгөөд тэдгээрийн 99 хувь нь Монгол ажилтнууд байна гэж байгаа ч, нөгөө талаас нь харвал стратегийн хамгийн чухал салбаруудын нэг болох эрчим хүчний салбарт гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай том тоглогчийг оруулж ирэх нь зөв үү гэдэг асуулт тавигдаж байна. Хойд хөршөөс эрчим хүчний хараат манай улс энэ удаа өмнөд хөршөөс хараат болох эхлэлээ үүгээр тавьж байгаа юм биш биз гэсэн асуулт ч сэрэмж дагуулан гарч ирж байна.
Уг нь салбарын яамны үйл ажиллагааных нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах байдаг бол үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцлийг хангахад оршино гэхчлэн асуудлууд бий. Тэгвэл төрийн зүгээс энэ салбарт баримтлаж байгаа бодлогыг харахад эргэлзээтэй зүйлс ч байгаа юм.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
худал гэдэг үгнээс гаралтай хулгайч гэдэг үгтэй дүйцэх сайдын шоу юм байна даа