Манай улс нефтийн бүтээгдхүүний өөр цоргуудыг эрэлхийлж, өмнөд хөрштэй жижиг хэмжээний тохироо хийгээд байгаа ч, үндсэн гол цорго нь хойд хөрш хэвээрээ л байгаа. Тиймээс ч Оросуудын зүгээс ирж байгаа мэдээллүүд бидэнд хамаатай янзаараа. Тэгвэл ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 3.7 хувь буюу 14,7 ам.доллараар буурч 386,3 ам.доллар болох гэж байна. Харин манай тухайд бензиний экспортын татвар одоо мөрдөгдөж байгаа 360,9 ам.доллараас 13.3 ам.доллараар буурч орж ирнэ гэсэн тооцоолол байгаа нь таатай зүгийн мэдээлэл юм. Түүнчлэн ханшийн эрсдэл гэхээсээ экспортын үнийн дарамтаас үүдсэн бэрхшээлтэй нүүр тулчихаад байгаагаа хэлэх болсон импортлогчдийн нуруун дээрээ үүрч байгаа алдагдал гэх ачааг тодорхой хэмжээнд хөнгөлөх болов уу гэсэн асуудал эндээс гарч ирж байгаа юм. Шатахууны компаниудын олдог ашиг нь 3-5 хувь байдаг. .Харин алдагдалгүй энэ хэмжээний ашигтай ажиллахын тулд одооны үнээр бол шатахууныг 50 төгрөгөөр нэмэгдүүлэхэд болж байгаа гэж байсан. Тэгвэл зарим компаниуд 40 төгрөгөөр нэмэгдүүлчихээд байгаа. Тэгэхээр нийт импортлогчдоо аваад үзвэл 10-50 төгрөгийн нэмэгдлийн асуудлыг шийдэж байж алдагдалгүй ажиллана гэсэн үг. Харин эхэнд өгүүлсэнчлэн экспортын татвар буурснаар нөхцөл байдалд нааштай нөлөөлж болох. Импортлогчдын ганц эх үүсвэр болсон Оросын тал өнгөрсөн намрын сүүлээр экспортын үнээ зуныхтай харьцуулахад нэмчихээд одоо эргээд буулгаж таараад байна.
Ер нь төр засгийн зүгээс бол шатахууны салбарыг сүрхий сайн дэмжсэн л гэдэг үгсийг л унагаж байгаа. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS” гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд 13 компанид 200-аад тэрбум төгрөгийн зээлийг 3,8 хувийн хүүтэйгээр олгосноос гадна 700-гаад тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж импортлогчдыг дэмжсэн гэж буй. Харин импортлогчид шатахууны үнийг валютын ханшийн хэлбэлзлээс хамгаалсан энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байхдаа буюу жилийн өмнө амжилттай хэрэгжиж байсан. Нөхцөл байдал одоо өөр байна гэж хэлэх болсон. SIFS хөтөлбөр гэх эргэлтийн хөрөнгөд зориулсан зээл нь тухайн компанийн эргэлийн хөрөнгийг 100 хувь хангадаггүй. Засгийн газраас мөнгө авсан ч, компаниуд арилжааны банкуудаас мөнгөө зээлсэн хэвээрээ бөгөөд өндөр хүүгээ төлж байгаа. Түүнчлэн экспортын үнэ нэмэгдэхээс гадна өндөр хүү төлж байгаа учраас долларын ханшийн хэлбэлзлийн эсрэг хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл сулраад байна гэж байсан.
Тэгвэл одоо хойд хөршийн зүгээс салхилсан ширүүн салхи харьцангуй намжих янз мэдрэгдээд эхэллээ. Шатахууны хамаарлын хувь хэт эмзэг мэдрэмтгий манай улсад ямар ээл дагуулах нь удахгүй тодорхой болох биз.
Сэтгэгдэл ( 0 )