Ирэх гуч, дөч, тавин онд Монгол хаа хүрэх вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

 

Баялаг хийгээд боломж байсаар атал бид “гуйлгачин” гэж таагүй тодотголоосоо үнэндээ  ангижирч чадаагүй байна. Их эвтэйхнээр бол “алт сандайлсан гуйлгачин” гэдэг л дээ. Гэсэн ч ялгаа юу байхав. Гуйлгачин л бол гуйлгачин, муухай үг. Боломжоо ухаалгаар залаад урагштай байгаад байвал бидний түвшин ахих л учиртай. Уг нь бид эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг ч, нөөц боломжоо бүрэн ашиглаж чаддаг бол таатай тодотголыг дагуулж чадах юм. Түүнчлэн  иргэн бүр нь үр ашиг хүртсэн хөгжлийн асуудал чухал. Ер нь бол манай шийдвэр гаргагч болоод хэрэгжүүлэгч түвшний нөхдүүд энэ талаар ярихгүй биш яриад байдаг. Гэхдээ энэ талаар ярилцдаг хүрээлэл, түвшин нь дэлхийн хэмжээнд хүрлээ.

 

Тун тодорхой хэлбэл Швейцарийн Давост эхлэж байгаа, “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтаар манай төлөөлөгчид чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлт, ус, уул уурхай, авлигын эсрэг түншлэл, ухаалаг төрийн асуудлаарх хуралдаан, арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг албан ёсоор танилцуулах гэж байгаагаараа онцлогтой болоод байна. Мөн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэнэ гэгдэж байгаа.

 

Түүнчлэн энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол Улс ер нь хаашаа явж байна вэ гэдгийг ярилцах гэж байгаад бид анхаарал хандуулах л ёстой. Монголын эдийн засгийн хэтийн талаар даацтай үгсийг хэлдэг Эдийн засагч Б.Бямбасайхан энэ талаар хэлэхдээ  “...Сүүлийн хэдэн сарын хугацаанд Монгол Улсын эдийн засаг 2020 он гэхэд тийм хэмжээнд хүрнэ гэж хангалттай ярилцлаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн стратегитэй болох хүрээнд хувийн салбарынхан маш идэвхтэй оролцож байна. Үүн дээр үндэслээд 2030, 2040, 2050 онд бид ийм хэмжээнд хүрнэ, үүний төлөө Монголын бүх бизнесүүд хамтарч ажиллах дүр зураг гараад ирчихлээ. Үүнийгээ чуулга уулзалтын үеэр тайлбарлаж, ярилцвал хөрөнгө оруулагчдын бидэнд итгэх итгэл улам сайжрах байх. Монголд хөрөнгө оруулбал хэн хэндээ ашигтай бизнес болно гэдэг дүгнэлтэд хүрэх байх.” гэж байна. Мөн тэрбээр Монгол Улс цаашид өсөлтийг дэмжсэн бодлоготой байх хэрэгтэй. Өсөлт гарч байж та бидний амьдрал сайжирна. Өсөлтийг бий болгохын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний тулд том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай эдийн засгийн хамгийн гол сул тал нь дэд бүтэц гэж үзэж байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд анхаарах нь зүйтэй. Үүн дээр хөрөнгө босгохын тулд уул уурхайн салбарт ийм өндөр боломж байна, бидэнд хөрөнгө оруулбал нэг талаас дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлж нөгөө талаас уул уурхайн салбараа хөгжүүлье гэсэн асуудал бий. Ингэснээр гурван тэрбум хүний зах зээлд өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн гаргах зорилттой байгаа. Бидний хувьд стратегийн өндөр боломж, байршил зэрэг давуу талууд бий шүү дээ.” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

 

Тэгвэл Давосын чуулганаар Монгол Улсын Хөгжлийн Стратегийн хувилбаруудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан улстөрийн хүрээнээс ч байр сууриудаа илэрхийлж байна. Тухайлбал, МУНН-ын дарга Б.Батболд дараах зүйлийг хэлж байна. “Монголын хөгжлийн стратеги нь нөхөн сэргээгдэх баялаг дээр суурилсан эдийн засгийн суурь бүтцийг бий болгож, Монголын давуу тал ,Монгол хүний чаддаг зүйл дээр тулгуурлаж хийгдэх ёстой.Өнөөдөр дэлхий нийтээрээ экологийн тухай, экологийн цэвэр хүнсний тухай ярьж энэ чиглэлд шилжин байршиж байхад бид 45 сая малтай.  Монгол мал өөрөө байгалийн бараг зэрлэгээрээ шахуу амьтан. Экологийн цэвэр мах, сүүн бүтээгдхүүн... Асар баялаг түүхтэй, түүнээ дагаад аялал жуулчлал хөгжих өргөн боломж байх... Уул уурхайн бүтээгдхүүнээ зөвхөн галт тэргээр л зөөх боломжтой. Тэр нь хоёр  хөршөөс хамааралтай. Ялангуяа Хятад улсаас хамаарал их. Тэд нутаг дээрээ замын тарифаа өсгөхөд л бид ашиг гэдэг юм харахгүй амь зогоосон байдалтай л хамаг баялгаа бараад түүхий эдийн бааз л байна.  Үүнээс өөр ирээдүй байхгүй. Харин экологийн цэвэр хүнсээ сайн маркетинг хийгээд дэлхийн зах зээлд онгоцоор аль ч улсад хүргэх өндөр боломжтой. Ажлын байр ч энэ салбаруудыг дагаад ихээр нэмэгдэнэ. Улаанбаатарт  шаваад байгаа байдал ч арилна. Газар нутагтаа тархан байршиж чадна гээд стратеги тактикийн их боломж бидэнд байна.Засаг харин зам харгуй, цахилгаан станц цэвэрлэх байгууламж мэтийн дэд бүтэцийг нь шийдээд санхүүжилтийг нь шийдээд өгвөл бид 10 жилийн дотор ард олныхоо амьдралыг бодитоор дээшлүүлж чадахаас гадна бодит хуримтлал бий болгож бусад шинжлэх ухаан, техникийн салбараа, батлан хамгаалах хүч чадлаа нэмэгдүүлээд явах үндсэн нөхцөл бүрдэнэ. Залуусаа болсон болоогүй дээд сургууль нэртэй юманд аваачиж цагийг нь барж байхаар хилээ мануулж эхний ээлжинд тэсвэр хатуужилтхай эр хүн болгох хэрэгтэй санагддаг.Тэгээд ч энэ нүүдлийн мал аж ахуй маань Монголчуудыг 2000 гаран жил тэжээгээд зогсохгүй 5 эзэнт гүрэн байгуулсан аж ахуй юм шүү дээ. Малчны хүүхдээ боловсрол олгоно нэрийн дор хот суурин газар суурьшуулж бэртэгчин болгож байгаа нь угтаа буруу. Малчны хүүхэд 10 наснаасаа л орлого олоод амьдралаа аваад явах тэр нөхцөл бололцоог хангах тогтолцоо руу явах ёстой. Эцсийн дүндээ амьдралаа өөрөө аваад явах л чухал юм даа...” гэж байна.

 

Тэгэхээр Монголын ирээдүйн төлөө санаагаа чилээсэн хэн бүхний дэвшүүлж байгаа санаа оноо чухал. Гол нь бүгдэд хамаатай үр ашигт хүрэх ёстой. Тиймээс ч Давос хотноо чуулж байгаа дэлхийн улстөр, бизнесийн томоохон төлөөллүүд Монголын хөгжлийн талаар санаа оноогоо нэмэрлэж байгаад анхааралтай хандаж, авах бас гээхийн ухаанаар хандах ёстой юм.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top