Монгол Улсын хувьд Давосын эдийн засгийн чуулганы хамгийн оргил үе нь энэ сарын 23-ны өдөр болсон “Монголын хөгжлийн хувилбарууд” судалгааны тайланг хэлэлцэх тусгай хуралдаан байлаа. Давосын форумын 44 жилийн түүхэнд анх удаа Монгол Улсын хөгжлийн асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлгээр танилцуулсан хөгжлийн хувилбаруудыг томъёолоход Монголын талаас 250 гаруй эксперт оролцож, Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран ажилласан байна. “Монголын хөгжлийн хувилбарууд” тусгай хуралдааны эхэнд Дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулалт хариуцсан захирал, удирдах зөвлөлийн гишүүн Эспен Барт Эйд үг хэлж, хуралд оролцогчдыг танилцуулж, “Монголын хөгжлийн хувилбарууд” тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор гардуулж өгсөн юм. Уг тайланд газрын хэвлий дороо зэс, коксжих нүүрс зэрэг байгалийн асар их баялагтайн дээр гол зах зээл болох Хятад улстай хаяа дэрлэн оршиж буйгаараа Монгол Улсын эдийн засагт хөгжлийн асар их потенциаль буйг юун түрүүнд онцолжээ. Гэвч хоёрхон гол түүхий эдтэй, ганцхан худалдан авагчтай нь Монгол Улсыг түүхий эдийн үнийн савалгаа бий болох, Хятадын эрэлт хэрэгцээ буурах шалтгаан болдгийг анхааруулж байна.
Дээрх эерэг, сөрөг талуудыг харгалзан 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн дараахь гурван зураглал, хувилбарыг томъёолжээ.
1. Бүс нутгийн сэргэн мандалт хэмээн нэрлэсэн эхний хувилбараар Зүүн Хойд Ази улс төрийн хувьд нэгдмэл, эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлттэй. Энэ нь Монгол Улсад гол ашигт малтмалуудаа боломжийн үнээр борлуулж, эдийн засгаа төрөлжүүлэн экспортын орлогоо ухаалгаар удирдсанаар эдийн засгийн хэт халалт, нийгмийн эмх замбараагүй байдлаас зайлсхийх боломжийг олгоно.
2. Хятад улс дэлхийд тэргүүлэхийн, зэрэгцээ нүүрснээс татгалзан экологид ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж, ногоон эдийн засгийг эрхэмлэсэн хувилбар. Энэ тохиолдолд Монголын экспортын дийлэнх орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдүүдийн эрэлт эрс буурах сөрөг талтай. Гэхдээ эдийн засгаа ногоон буюу байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр төрөлжүүлэх олон олон боломжийг нээж өгөх юм байна.
3. Харин сүүлийнх нь таагүй хувилбар. Геополитикийн зөрчил, хурцадмал байдал бүс нутгийн хөгжлийг хойш татан улмаар зөвхөн эдийн засаг төдийгүй, нийгэм, улс төрийн хувьд хүнд байдалд оруулна. Байгалийн баялгийг улстөрчдийн зорилгодоо хүрэх хэрэгсэл болгож ашигласнаар худалдааны асуудалд хүндрэл гарна. Энэ тохиолдолд Монгол Улс эрдэс баялгаа гаргах зах зээл, санхүүжилтийн төлөө нэлээд тэмцэх хэрэгтэй болохоос гадна эдийн засгаа төрөлжүүлэх боломжуудыг хайна. Энэ хувилбар Монголд дундыг баримтлагч, бусад улс орны хүндэтгэл хүлээсэн хөршийн үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно. Хувилбаруудыг танилцуулсны дараа Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр хуралдаан даргалж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Колумбын их сургуулийн Дэлхийн институтын захирал, дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Жеффри Сакс нар танилцуулга хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )