Тэглэсэн татвар МИАТ-д ямар ээл дагуулах вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

 

 

Хойд хөрш газрын тосны экспортын татвараа  бууруулж байгаа нь манай тухайд   бензиний экспортын татвар одоо мөрдөгдөж байгаа 360,9 ам.доллараас 13.3 ам.доллараар буурч  орж ирнэ гэсэн тооцоолол дагуулж байгааг дуулгасан. Тэгвэл засгийн нөхдүүд түлшний салбар дотроо  иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг “0” хувь болгох шийдвэрийг гаргалаа. Манай тухайд хойд хөршөөс нефтийн  бүтээгдхүүний хувьд бараг зуун хувийн хамааралтай. Мэдээж онгоцны түлшний хувьд ч  ОХУ-аас 100 хувийн хамааралтай тул энэ нь аятайхан л мэдээ. Агаарын хөлгийн шатахууны хилийн үнэ тогтворгүй, байнга өсөн нэмэгдэж байгаа үед шатахууны үнийг тогтвортой барьж, үнийн огцом өсөлтийг багасгах татварын зохицуулалтыг хийх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн аж. Түүнчлэн тус боомтоор онгоцны шатахуун импортлохгүй явж ирсэн тул улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй бөгөөд агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар дотоодын агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тогтвортой байлгахад түлхэц болно гэж үзээд байгаа юм байна.

 

Ер нь бол  агаарын хөлгүүдийг сумлах шатахууныг олон эх үүсвэрээс авдаг болчихвол сайн хэрэг. Өнгөрсөн зун  МИАТ компани анх удаа БНСУ-аас шатахуун импортлосон нь хараат байдлыг халахын тулд авч байгаа эхний арга хэмжээ гэгдэж байсан. Гэхдээ санаан зоргоор асуудал шийдэгдчихгүй байгаа. Тухайлбал, 49-ээс доошгүй хувийг нь хувьчлах талаар сүүлийн үед улстөрийн хүрээнд тодхон яригдах болсон МИАТ-ийн хөлгүүдийн шатахууныг импортлох, хадгалах, түгээх худалдах, агаарын хөлгийн далавчинд сумлах ажиллагааг А-Жет, Сод Монгол гэх мэт цөөхөн хэдхэн компани монополь байдлаар хангаад өдийг хүрсэн. Түүнчлэн 1990-н оноос хойшхи шатахууны нийлүүлэлтийн байдлыг авч үзвэл экспортын борлуулалтыг ОХУ-ын Сибнефть, Юкос компаниуд, импортын нийлүүлэлт, Улаанбаатарт буулгах, хадгалах, Буянт-Ухаад тээвэрлэх ажиллагааг манай улсын НИК, Петровис, Шунхлай, Магнай трэйд компаниуд, Буянт-Ухаад шатахуун хадгалалт, агаарын хөлөгт сумлах ажиллагааг МИАТ, ИНЕГ -ын газрын үйлчилгээ, шатахууны байгууллагууд гүйцэтгэж ирсэн байдаг. Чухамдаа энэ үеэс төрөөс шатахууны бодлого зохицуулалт хийх ажиллагаа алдагдаж ирсэн гэгддэг. 2003 онд Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын шатахуун хангалтын үйл ажиллагааг онцгой эрхийн гэрээгээр хувийн хэвшлийн А-Жет компанид шилжүүлснээр хөрөнгө оруулалт,  Буянт-Ухаа дахь шатахуун хадгалах байгууламжийн хүчин чадлын давуу эрхийг эзэмшиж байгааг ашиглан монополь байдал тогтоон шатахууны үнийг хэт хөөрөгдөн өсгөсөн байна.

 

 Мөн энэ байдлаар дотооддоо үр ашиггүй хөрөнгийн өрсөлдөөн үүсч нефтийг импортолж байгаа давуу эрхээ ашиглан Сод Монгол компани Буянт-Ухаад өөрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийг буй болгосон нь шатахууны үнийг бууруулах бус монополийн өрсөлдөөн үүссэн нь агаарын тээвэрлэгчид болон гол шатахуун хэрэглэгч МИАТ ХК-ийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж ирсэн байдаг. Тэгэхээр монополийн өрсөлдөөнтэй иргэний агаарын тээврийн шатахууны асуудалтай холбоотой гаргасан засгийн шийдвэр нөгөө нийлүүлэгч нөхдүүдэд ямар байдлаар ээлээ дагуулах вэ гэдэг асуудал мэдээж гарна. 

Өнгөрсөн жилүүдэд МИАТ ХК шатахууны өртгийг буруулах боломжуудыг ашиглаагүй түүгээр ч барахгүй шатахуун импортлогч компаниудтай үгсэн тохиролцох байдал ч гарч байсан байдаг юм. 1990 оноос хойш өнөөг хүртэл агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны нийт зардлын 23-38 хувийг шатахууны зардал эзэлж байсан ба энэ хугацаанд шатахууны үнэ тонн тутамд 422 - 1800 ам. доллар болж өсжээ. Арваннэгэн онд Чингис хаан нисэх буудалд агаарын хөлгийн далавчинд сумлах шатахууны үнэ тонн нь 1530 ам.доллар байсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их юм. Олон улсын байгууллага ИКАО-ын мэдээллээр өмнөх арван жилд тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны нийт зардлын 12-14 хувийг шатахууны зардал эзэлж байхад  МИАТ-ийн үйл ажиллагааны нийт зардлын 23 хувийг эзэлж байсан бол одоо МИАТ компани болон дотоодын агаарын тээврийн компаниудын нийт зардлын 30-35 хувийг шатахууны зардал эзэлж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр төрөөс энэ чиглэлд нэгэнтээ анхаарсан бол үр дүн гаргах тал дээр ч бодитой анхаарах шаардлагатай байна.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top