Монголын Хөрөнгийн биржийн тухай нэгэн нийтлэл “Businessneweurope.eu” /BNE/ сайтад энэ сарын 6-нд гарчээ. Хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа хөрөнгийн биржийг гадныхан юу гэж бичсэнийг хүргэе.
Монголын хөрөнгийн зах зээл цаашид амьсгалах эсэхийг шинэ хууль л мэднэ
“Улаанбаатарт байрладаг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны өрөөнүүд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр хоосон шахам байлаа. Бараг үд болж байхад ороход ийм байсан юм.
Ажилтнуудын ихэнх нь орой болох шинэ жилийн үдэшлэгт бэлдэхээр эрт явсан ажээ. Харин ажлын цагаар энд эзэнгүй ширээнүүд, биржийн самбар дээр анивчих Монголын хувьцааны үзүүлэлтүүд л байх аж.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай түүнийг огцруулах шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө BNE-д ярилцлага өгөхдөө “Энд хөрвөх чадвар ер алга. Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын радарт харагдаж байгаа. Гэвч хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хуулийн орчин нь үнэндээ маш их дутагддаг” гэж ярьсан.
Одоогоос хоёрхон жилийн өмнө Монголын Хөрөнгийн бирж хөгжиж буй зах зээлд найдвартай байх суурь эзлэх нэгэн томоохон түүхийг эхлүүлсэн юм. Улсын хөгжлийн гол үндэс болсон уул уурхайгаас дор хаяж 45 тэрбум ам.долларын хөрөнгө босох ба эдгээр нь хөрөнгийн зах зээлээр эргэлдэнэ гэсэн үг.
Гэхдээ бодит байдал арай өөр байсан юм. Монголын Хөрөнгийн бирж одоо ч гэсэн дэлхийн хамгийн жижиг, хөрвөх чадваргүй, хуулийн орчингүй бирж хэвээр байгаа. 2011 оны хоёрдугаар сард, цэнхэр самбарын индекс 50 хувиар буурснаар зах зээлийн нийт үнэлгээ нэг тэрбум ам.доллараар доошилсон.
Өнөөгийн байдлаар биржид бүртгэлтэй 262 компаниас цөөхөн нь арилжаанд оролцдог ба тэдний өдрийн арилжааны хэмжээ 150 мянган ам.доллараас давдаггүй. Гол нь одоо гадаадын хөрөнгө оруулагчид байхгүй.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нд Хөрөнгийн зах зээлийн хуульд томоохон өөрчлөлт оруулснаар Монголын Хөрөнгийн бирж зоригтойгоор эргэлт хийх боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг өөрчлөх боломж үнэхээр байсангүй юу.
Гэхдээ өнгөрсөн 2013 онд их тэсрэлт хийж чадаагүй ба 2014 онд ихээхэн найдвар тавьж байгаа. Угаасаа хөрөнгийн биржийн удирдлагуудыг хальж, сольж байх хооронд энэ байгууллагын ажил хаягдсан. Одоо үүнийг сэргээхэд бас л багагүй хугацаа орно. Дотоодын хөрөнгө оруулагчид өөдрөг төсөөлөлтэй байгаа аж.
Хөрвөх чадвар ба хөгжлийн түлхүүр
Монголын Хөрөнгө оруулалтын банк /MIBG/ “2009 оноос Монголын хөрөнгийн зах зээлд гарах хамгийн том өөрчлөлт 2014 онд тохионо. Яагаад гэвэл дотоодын валютын ханш 130 хувиар өсөөд байна” гэжээ.
Уг нь бол 2002 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь хөрөнгийн зах зээлийг нээлттэй, ил тод болгож, гадны хөрөнгө оруулагчдыг татахад чиглэгдсэн ч үнэндээ зорилгоосоо тэс өөр үр дүн авчирсан.
Х.Алтай энэ талаар “Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл кастодиан орчинг амалж чадахгүй. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдыг татах хамгийн найдвартай арга, уг нь. Үүнийг залруулах хамгийн найдвартай арга бол хуулийг өөрчлөх л явдал” гэсэн юм.
Монголын Хөрөнгийн биржийн өнөөгийн зорилго нь 2014 оны эхний хагаст багтааж төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх замыг дардан болгож, үнэт цааснуудын бодит үнэлэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр.
“BDSec” пүүсийн брокер Ник Касин “Хэрвээ гадны хөрөнгө оруулагчид 2014 онд багтаад Монголын хөрөнгийн зах зээлд орж ирж чадвал ТОП-20 индекс хоёр дахин өмнө” гэсэн.
Шинэ батлагдсан хуулиар үүсмэл болон баталгаат үнэт цаасны зах зээлийг өргөжүүлж, үнэт цаасны давхар бүртгэлийг бий болгож, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг ил тод болгосон.
Уг нь 2012 онд Монголын Хөрөнгийн бирж Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран шинэчлэл нэвтрүүлсэн. Цахим худадааны шинэ технологи нэвтрүүлсэнээр үр дүнд хүрнэ гэсэн өнөөдрийг хүртэл энэ өртөг өндөртэй ажлынхаа үр шимийг хүртэхгүй л байна.
Эдийн засгийн үзэлдэл хөрөнгийн зах зээлд нөлөөлөх нь
Одоогоор Монголын хөрөнгийн зах зээл санхүүгийн элдэв үзэгдэл, улстөрөөс шууд хамааралтай байгаа. MIBG-ийн ерөнхий менежер Крис МакДугалл “Монголын хөрөнгийн зах зээл улстөрчидтэй холбоотой. Хууль, эрхзүйн цаг үе, нүдээ олоогүй өөрчлөлтүүд хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлж, энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болдог. Нөгөөтэйгүүр хямралтай эдийн засагтаа шууд дарагдаж, сэхэл авахгүй удаж байна” гэжээ.
Энэ эрхмийн хэлж буй зүйлийн хамгийн том жишээ нь өнгөрсөн оны эхний гурван улиралд гадаад хөрөнгө оруулалт даруй 48 хувиар буурсан.
Ерөөс Монгол Улсын эдийн засгийн өсөлт гэдэг нь төсвийн хэт тэлэлт, үрэлгэн зардлыг хасаж чадаагүй улстөрчдийн тавьсан гадаад өр зах зээлд шууд орж ирсэнтэй холбогдон гарсан гэж хэлэх тал бий.
Мөн Монголын хөрөнгийн биржийн өсөлт хэсэг хугацаанд огцом өссөн нь ч үүнтэй холбоотой. Одоо эдийн засгийн уналттай зэрэгцэн хөрөнгийн зах зээл ч хумигдаж, индексүүд хэрхэн унаж байгааг арилжааны самбаруудаас харж болно”
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол хамгийн үнэн