Н.Алтанхуяг нар өмнөх шигээ гал унтраах арга хэрэглэж болох ч...

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

 

Өнөөдөр Газрын тосны газрынхан шатахуун импортлогчидтой нүүр тулсан уулзалтыг хийж байна. Ер нь бол тэд уулзалдахгүй биш уулзалддаг. Ярилцахгүй биш ярилцдаг. Энэ удаад импортлогчид байр суурь дээрээ хатуу зогсож, түлшний үнийг 90 биш юмаа гэхэд 50 төгрөгөөр нэмэгдүүлэх тал дээр “зөвшөөрөл” авах зорилгыг өвөртлөөд байгаа аж. Импортлогчдын  хувьд өнгөрсөн намар үнэ нэмэх үед Засгийн газар дайрч орж ирээд, хүчээр буулгасан шиг үйл явдал давтагдах вий гэсэн болгоомжлол  байгаа нь дамжиггүй. Н.Алтанхуягийн удирдаж байгаа Засгийн газар ч импортлогчдын зөрүү занг хэрхэх вэ гэдэг дээр санаагаа чилээж суугаа нь лавтай. Уг нь түлшний үнийн өсөлт, бууралттай холбоотой асуудлууд дахь төрийн оролцоог үгүйсгэхийн аргагүй ч, тэр оролцоо нь хаашаа чиглэсэн бөгөөд ямар хэмжээнд байх вэ гэдэг нь асуудал юм. Ерөөс төр энэ салбарыг хүчээр шантаажлан барих бус, үнэ тогтворгүйтэх гээд байгаа урхаг шалтгаантай л тулж ажиллах шаардлага байгааг энэ Засгийн газарт анхааруулан хэлээд байхад, сэхээрэх шинж байна уу, үгүй юу.

 

Ингээд хэлэхээр “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS” гэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, 13 компанид 192 тэрбум төгрөгийн зээлийг 3,8 хувийн хүүтэйгээр олгосон.703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж шатахуун импортлогчдыг дэмжсэн л биз дээ гэж магад. Тэгтэл импортлогчид энэ зээл нь тухайн компанийн эргэлийн хөрөнгийг 100 хувь хангадаггүй, арилжааны банкуудаас мөнгөө зээлсэн хэвээрээ байгаагийн сацуу өндөр хүүгээ төлж ирснээ хэлээд байдаг. Энэ нь төр засгийн зүгээс урт хугацаандаа үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх ёстой байгааг л сануулаад байгаа юм. Импортлогчдын үзэж буйгаар ямартай ч  түлшний үнийг 50-90 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага байна гэж буй. Ер нь импортлогч компаниуд 3-5 хувийнхаа ашгийг хийхийн тулд АИ-92 түлшний литр тутмын үнийг 130 төгрөгөөр нэмэх шаардлага байна гэж байгаад өнгөрсөн намар 50 төгрөгөөр  нэмсэн. Тэр үед Газрын тосны газрын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ үнэ нэмэх асуудлыг ер нь бол ярьж байгаа, гэхдээ импортлогчид яаран сандран нэмчихлээ гээд байсан. Харин өдгөө талууд хэрхэн тохиролцох вэ гэдэг нь анхаарал татаж байна.

 

Гадаад нөхцөл байдлыг харахад ОХУ газрын тосны экспортын татвар тонн тутамд  14,7 ам.доллараар бууруулж,  386,3 ам.доллар болгож байгаатай холбоотойгоор манай  бензиний экспортын татвар 13.3 ам.доллараар буурч  орж ирж байгааг хэлээд буй. Эндээс харахад экспортын үнийн дарамт импортлогчдод ойрын хугацаандаа хүндрэл учруулахгүй байж болохоор. Гэтэл нөгөө талд манай эрх баригчид, Засгийн газар, Төв банк хэчнээн эвсээд ам.долларын ханшийн чангаралтыг барьж чадахгүй байгаад байдаг. Ханшийн чангаралт нефтийн салбарт хэрхэвч таатай үр дүн дагуулахгүй. Өнөөдөр гэхэд Монголбанкны албан ханшийг харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш  1,744.10 байна. Арилжааны банкны авах ханш  1733, зарах ханш 1754 төгрөг байна. Энэ эрчээрээ 1 ам.доллар  1800 монгол төгрөгтэй тэнцэх нь байна. Монгол төгрөг ам.долларын эсрэг ийм янзаар сулраад л байвал, нөгөөх импортлогчид алдагдлаа нөхөхийн тулд ханшаа нэмэгдүүлэх гээд үзэж л таарна. Хэдийгээр Н.Алтанхуяг нар өмнөх удаагийнх шиг хүч хэрэглэж, буулгаж болох ч, тэр нь эцсийн дүндээ иргэдийн амьдралд л сөрөг үр дагавар дагуулна, урт хугацаандаа бол...

 

Б.Итгэлт

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.26.193.13) 2014 оны 02 сарын 12

Байгаа юмаа гадагшаа биш байгаа юмаа гаднаас авах биш олон жил яриж рекламдах биш бодитоор улсаа бодож хийж чадвал Монголын ард тумэн АН-д итгэх болно. Чадахгуй бол бусадтайгаа адил гадны гар хол гэж узэх болно. Сэтгэлээ гаргаад хийвэл наад тулшний ченж компаниуд томорч чадахгуй. Тор хучгуйдэхгуй л дээ уг нь

0  |  0
Top