Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсан хэвээрээ байгаа энэ үед Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх, Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа. Тэгэхээр Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн нэгийг нь хөдөлгөөнд оруулсан гэсэн үг.
Мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулах төв банкны макро зохистой бодлогын хэрэгсэл болох Заавал байлгах нөөцөд хамааруулан “хадгалах” ёстой валютын тодорхой хэсгийг зах зээлд үлдээх арга хэмжээ авч байна гэсэн үг. “Заавал байлгах нөөцийн хувь хэмжээ” гэдэгт банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөс заавал байлгах нөөц тооцохоор Монголбанкнаас тогтоосон хувь хэмжээг ойлгодог юм. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байна гэж үзэж буй Монголбанкны энэхүү шийдвэр эдийн засагт ямар ээл дагуулах вэ гэдэг асуудал мэдээж тавигдаж байна.
Монголбанк хоёр жил шахмын өмнө Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаж байсан. Хэрэв манай эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэхээр прогнозтой байгаа бол заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь банкуудыг илүү их бэлэн мөнгөний нөөцтэй болгож өгнө. Цаашлаад орж ирж байгаа мөнгөнд гарч байгаа хөдөлгөөнүүдийг өөрийнхөө бэлэн мөнгөний нөөцөөр уян хатан удирдаад байх, тэр нөлөөллүүд нь зах зээл дээр хүчтэй доргио өгөхгүй байхад хамгаалалт болж өгдөг хамгийн зохимжтой хэрэгсэл гэж байсан юм. Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг харахаар наашаа чиглэсэн мөнгөн урсгал сайнгүй байгаа ийм үед гаднаас татсан валютын тодорхой хэсгийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөөд байгаа харагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )