Одоо дарж байгаад, 2016 оны сонгуулиар босгож ирэх вий!

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

 

Монгол Улсын иргэн бүр нэг ширхэг компанийн жижигхэн хувьцаа эзэмшигчид болоод он он дамнаж байгаа билээ. Гэвч нөгөөх  “Эрдэнэс Тавантолгой” компанийнх нь IPO буюу  хувьцаа гаргах асуудал арвантаван он руу шидэгдэхээс өөр аргагүй байр байдалтай байна. Уг нь  хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалахад  гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк,  Голдман Сакс  банкууд   хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба,  Маквэари  банкууд,  хуулийн зөвлөхөөр  Hogan Lovells  компаниудтай зөвлөлдөөд, зөндөө мөнгө зараад л байсан. Зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр боллоо л гэсэн. Хэрэв гурван хөрөнгийн биржид гаргачихвал хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ л гээд байсан. Гэтэл асуудал тийм дардан замаар замнаж чадахгүй байна.  Д.Ганхуягийн удирдаж байгаа Уул уурхайн яамны зүгээс IPO гацаад байгаагийн шалтгаан нь нүүрсний үнэ унасантай шууд холбоотой гэх мэдээллийг сүүлийн нэг жилийн хугацаанд өгсөн ч,  нөлөөлж байгаа үндсэн том шалтгаануудын нэг бол өр ширийн асуудал нь юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс өмнөд хөрш рүү өр дарах чиглэлээр урсаж байхад  олон улсын зах зээл дээр хувьцаа гаргах тухай асуудал үлгэр чигээрээ л яригдахаас өөр яахав. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшиж байгаа энэ компанийн хувьцааны ханш хэд байх вэ гэдэг асуудал анхаарал татсаар ирсэн. Албаны нөхдүүд 1072 хувьцааг 1.5-2 сая төгрөгөөр худалдах боломж бүрдэнэ гэж өнгөрсөн оны дундуур хэлж ярьж байсан бол 30-40 сая төгрөг хүрэх боломжтой талаар ч яригдаж байгаа юм.

 

За ямартай ч энэ Засгийн газраас Таван толгойн IPO-г  түр хойшлуулж, нүүрсний үнэ сэргэх хүртэлх хугацаанд төмөр замаа тавих шийдвэрийг гаргасан. Төмөр замаа тавьчихвал манай ашигт малтмал хэд хэдэн худалдан авагчтай болж, нүүрсээ дэлхийн зах зээлд ойрхон борлуулах боломж бүрдэж, Эрдэнэс Тавантолгой компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж ярьсан. Нүүрсний үнэ өсч эхлэх үед Эрдэнэс Тавантолгой компанийн  IPO хийх нь илүү ашигтай тусна. Харин IPO хийхийн өмнө иргэд эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа зарснаар илүү их орлого олох боломж бүрдэнэ гэж байх юм. Тэгэхээр энд анхаарал татсан нэг зүйл байгаа нь иргэд 1072 ширхэг хувьцаагаа IPO хийхийн өмнө зарж илүү орлого олох боломж үнэн хэрэгтээ байгаа билүү.  Уг нь 1 сая төгрөгөөр Засгийн газартаа худалдах тухай шийдвэрийг өмнөх засгийн үед гаргасан ч, тэр нь энэ засгийн үед бүрэн үгүйсгэгдсэн. Ерөөс хувьцаагаа  Засгийн газартаа худалдаж, мөнгө авна гэдэг нь өмнөх засгийн нөхдүүдийн боловсон дээрэм. Үүгээр дамжуулж Тавантолгойг харийнханд худалдах гэсэн далд санаа явж байсан гэсэн зүйлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлж байсан. Энэ нь нэг нь нөгөөгийнхөө байр суурийг үгүйсгэж байна гэсэн үг. Ер нь бол  ярих нэг хэрэг. Яриа нь үйлдэл болж өгөөжөө дагуулах нь чухал байна. Зүй нь Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсын бирж дээр гарч үнэд хүрсний араас  улс орны хөгжилд, иргэдийн амьдралд гэрэл тусах учиртай. Харин хувьцаа эзэмшигч иргэн тус бүрийнхээ эрх ашгийн үүднээс аваад үзэхэд тус компанийн хувьцаанаас хоёр хэлбэрээр үр ашиг хүртэх боломж бий.

 

Эхэнд өгүүлсэнчлэн IPO хийхийн өмнө зарж их орлого олох боломж байх ёсгүй.Үр ашгийг нь хүртэх боломжуудын тухайд төр эхлээд анхдагч зах зээл дээр хувьцааг нь байршуулаад, өөрийнхөө хувьцааг худалдчихна. Иргэд хоёрдагч зах зээл эхлэхээр худалдах боломж гарна. Хоёрдагч зах зээл эхлээгүй байхад ямар ч хүн хувьцаагаа зарах эрхгүй. Харин хоёрдагч зах зээл дээр хувьцаагаа худалдсанаар  анх  авсан үнэ,  худалдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүүгээс  ашиг олох боломж гарна гэнэ. Нөгөөх нь  ноогдол ашиг. Гэхдээ  ноогдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй. Уурхайнууд бүрэн  ашиглалтанд ороогүй. Ашиглалтад орсон нэгээс нь тонн нүүрс 70 ам.доллараар үнэлэгдэн, Чалко-руу өр дарахаар зөндөө л явлаа. Энэ ашиггүй шийдвэрийг эргэн харах талаар ашгүй нэг яригдаж байгаа. Тэгэхээр ийм байдлаар дүлэгнэж байгаа Эрдэнэс Тавантолгой орлогоо олоод өр зээлээ бүгдийг нь төлөөд,  ашигтай ажиллаж эхэлсэн үедээ л иргэн  танд  ноогдол ашиг өгнө гэхээр хувьцаагаараа дамжуулан авах үр ашиг нэлээд хугацааны дараа сая нэг дөхөж мэдэх биз ээ. Гэхдээ улс орны урт хугацааны хөгжил дэвшилд үр ашиг авчрах нь чухал гэдэгтэй таны санаа нийлэх болов уу.

 

Гол нь  “Эрдэнэс Тавантолгой” IPO-ний гацаа хэдийг хүртэл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн урьдчилсан прогнозоос гадна голчлон нөлөөлж ирсэн олон асуудлууд бий. Ерөөс энэ компани өнөөдрийг хүртэлх хугацаанд дотоод засаглалын асуудлаа ч шийдвэрлэж чадаагүй байгаа юм. Тухайлбал,  “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гээд хуульчилчихсан тул  ямар ч тохиолдолд 20 хувийг эзэмшигч 2.7 сая иргэдийн төлөөллийг хангасан эрхмүүд нь хараат бус гишүүд л байхаар харагдаж байгаа. Гэтэл өнөөдрийн тухайд энэ компанийн хараат бус гишүүд нь албан ёсоор бүрдээгүй л байна. Энэ нь ч “Эрдэнэс Тавантолгой”–н  IPO-г гацааж байгаа олон шалтгаануудын нэг болж байгааг ч албаны эрхэм хэлж байсан.

 

 Түүнчлэн Хонконг болон Лондоны биржээс тавьсан  шаардлагуудыг  монголын “Эрдэнэс Тавантолгой” биелүүлэхэд хүндрэлтэй асуудлууд  байгааг ч эх сурвалжууд хэлдэг байсан. Хүндрэл үүсгэж  ирсэн тэдгээр асуудал  нь юу болохыг дуулгахаасаа өмнө IPO гаргана гэдэг нь энгийнээр хэлэхэд хувьцаагаар буюу хамгийн бага зардлаар хөрөнгө босгохыг хэлээд байгааг  тодотгох нь зөв биз. Харин Эрдэнэс Тавантолгой компани бага зардлаар 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгохын  тулд засаглалын үзүүлэлтүүдээ сайжруулах ёстой. Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах л гэж байгаа бол  компанийн засаглалаа сайжруулахгүйгээр амжилтанд хүрч чадахгүй. Хамгийн наад зах нь компанийн ил тод нээлттэй байдал сайн байх ёстой гэсэн шалгуурын өмнө Эрдэнэс Тавантолгой нүүр бардам зогсож дийлэхгүй хэвээрээ л байна.

 

Хонконгийн бирж рүү гарахад гацаа болж байсан нэг зүйл нь тэдний талаас тавьсан нэг шаардлагыг манай тал биелүүлж чадахгүй байсан. “ТУЗ-ийн гишүүдээс хоёроос доошгүй нь Хонконгийн харьяат байна” гэсэн шаардлагыг тэдний талаас тавьсан бөгөөд манай компани тэрийг нь дагаж чадахгүй учраас Хонконгд гарч чаддаггүй юм аа гэхэд Лондон руу аль боломжит хэлбэрээр  гарах гарц үлдсэн. Гэсэн ч Монгол дахь Эрдэнэс Тавантолгой Лондоны биржийн олон шалгуурыг хангаж дийлэхгүй байгаа учраас Лондонд төвтэй “Эрдэнэс Тавантолгой Пи Эль Си” гэдэг компанийг байгуулахаар шийдсэн ч, тэр нь бас л үлгэр болчихсон. Уг нь  “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг FTSE индекст багтаахын тулд гэхээсээ илүүтэй биржийн шаардлагад нийцүүлэхийн тулд Лондонд төвтэй компани байгуулах тухай санал анх гарч байв.

 

Ерөөс эргэн харахад энэмэтчилэн дандаа л хойшлуулсан, болж бүтэхгүй тал руу нь чиглүүлсэн асуудлууд торж харагдаад байгаа юм. Чухам цаашлахдаа юу болохыг одоо хэлэхэд бүрхэг. Магадгүй, 2016 оны сонгуулийн онцгой сэдвүүдийн нэг нь болж дахин анхаарлын төвд орж ирж болох юм.

 

Б.Итгэлт

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top