Цогтцэций салхин цахилгаан станцыг 2016 онд ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

 Дэлхий нийтээр хүлэмжийн хийн хэмжээг бууруулах арга зам, механизмуудыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шинэ арга замуудыг хайж байна. Монгол орны салхины арвин их нөөцөд түшиглэн дотоодын эрчим хүчний тодорхой хувийг хангах, цаашид эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнуудад цахилгаан нийлүүлэхэд шаардлагатай загвар боловсруулах зорилгоор “Цогтцэций салхин цахилгаан станц” төслийн судалгааны ажил өнгөрөгч оноос эхлэн хийгдэж байна. Энэхүү төслийг Японы судалгааны институт, Ньюком групп, Клин Энержи Ази ХХК-тай хамтран хэрэгжүүлэх аж. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 7.290 га газрыг 2008 оноос түрээслэн авч, 50 метрийн өндөртэй 3 ширхэг салхины хэмжилтийн автомат станцаар салхины нөөцийн нарийвчилсан судалгааг олон улсын түвшинд 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа юм. Салхины нөөцийн судалгаан дээр үндэслэн ТЭЗҮ хийж, 50 МВт чадалтай салхин цахилгаан станц барих боломжтойг тогтоосон байна. Уг цахилгаан станцыг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Цогтцэций салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жил бүр 172.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж, дулааны цахилгаан станцаас гарах цахилгаан үйлдвэрлэлтэй харьцуулахад 230.0 мянган тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, 180 мянган тонн нүүрс,1.2 сая тонн ус хэмнэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top