Дэвшил өөд тэмүүлж буй улс орон бүр хөгжлийн бодлогоо урт, дунд, богино хугацаагаар төлөвлөн, түүнийхээ зүйл, зорилтуудыг даган биелүүлэхийн төлөө тууштай ажилладаг туршлага олон бий. Тэгвэл Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт хэрхэн явагдаж өнөөг хүрсэн бэ? Улс төрийн намууд, эрх баригчдын сонгуулийн дөрвөн жилийн хугацаандаа биелүүлэх аядаад мартагддаг амлалтад суурилсан төлөвлөлтийг бид улс орныхоо хөгжлийн бодлого хэмээн нэрийдсээр иржээ.
Үүний учир, Монгол Улсын хэтийн хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаагаар төлөвлөн, эрх зүйн зохицуулалтаар баталгаажуулж, үндэслэл, хугацаа нь ойлгомжтой, зорилтууд нь цэгцтэй, хэн хэрэгжүүлэх нь тодорхой хийгээд төрийн эрх мэдлийг аль нам хүчин барьж буйгаас үл хамаарсан Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг санаачлан Эдийн засгийн хөгжлийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2012 оноос эхлэн судалгаа, боловсруулалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар явуулан өнөөдөр үндэсний хэмжээнд хөгжлийн төлөө санал санаачилга бүхий эрдэмтэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллага, шинжээчид болон орон нутгийн төлөөллийн хүрээнд хэлэлцүүллээ.
Хуулийн төслийг нийт 7 бүлэг 32 зүйлтэйгээр боловсруулсан ба хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг улс, орон нутаг, салбар хооронд ханган, үр дүнгийн хугацааг мөн зааж өгсөнөөрөө онцлог болсныг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид сайшааж байлаа. Нөгөө талаас, эл хуулийг Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг холбогдох бусад хуультай уялдуулах нь зүйтэй гэсэн санал мөн гарч байсан. Герман, БНСУ, Малайз зэрэг зарим оронд хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцсан бие даасан, улс төрийн нам хүчнээс хараат бус бүтэц ажилладаг ба хөгжлийн бодлогоо төсвийн бодлогоос зааглан төлөвлөж, сонгуулийн үр дүн, түүнтэй холбогдох өөрчлөлтүүдээс үл хамааран, урт хугацааны туршид тууштай бодлого баримтлан ажиллаж, хөгжсөөр иржээ. Чухамхүү эл үндэс суурийг Монгол Улсад бат бэхжүүлэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн зорилго орших ба хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид гэхчилэн шат шатанд хэтийн төлөвлөлт тодорхой, ойлгомжтой болж, улс орны хөгжлийн бодлогод суурилан иргэд ч хувь хүний хөгжлийн бодлогоо эргэцүүлэн, төлөвлөх боломжтой. Цаашлаад ард иргэдийн төр, улс орныхоо ирээдүйн хөгжилд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Оролцогчдын зүгээс хуулийн төсөлд нухацтай авч үзэн, зохицуулалт хийгээрэй гэж захисан өөр нэг санал бол хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх хэтийн бодлого. Төвлөрлийг сааруулахын тулд хөдөөг хөгжүүлэх шаардлагатай, хөдөөг хөгжүүлэхийн тулд малчдад зориулан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулах нь зөв зүйтэй арга аж. Эл зохицуулалтыг бий болгосгоор ченж хэмээн нэрийдэх дамын худалдаачдаар түүхий эдээ дамжуулан борлуулах шаардлагагүй, амьдран суугаа сум, орон нутагтаа малынхаа үр шимийг хүртэн сайхан амьдрах нөхцөл нь бүрдэх юм. Энэ мэтчилэн улс орны бодлого, төлөвлөлт, хэтийн ирээдүйд Эдийн засгийн хөгжлийн яамны чадавх, эдийн засгийн төлөвлөлтөөр мэргэшсэн боловсон хүчний чадвар, онол хийгээд дадлага туршлага бүхий ажилтнуудын нөөц бололцоо чухал гэдгийг мөн онцолж байлаа.
Үндэсний хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг хуулийн төсөлд нэмж тусган, нэгтгэх ба УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )