Өдгөө Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдан суугаа Н.Батбаярын сэдэж санаачилсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын балгаар өнгө зүсээ алдсан алтны салбарынхан эргэн сэргэн мандах уу гэдэг асуулт анхаарлын төвд байгаа юм. Дээрх хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан гэхэд болно. Мэдээж цаасан дээр гэдгийг тодотгох байна. Учир нь 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгосон юм. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байсан гэхчлэн бичвэл багагүй зүйл бий. Нэг талаас энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид байдаг. Гэхдээ одоо тэр болгоныг тоочоод байлгүй, үнэхээр энэ салбарт өндийх боломж бий юу гэдгийг харах ёстой болж таараад байна. Тэрийг өгүүлэхийн тулд эхлээд Монгол Улсын эдийн засаг энэ онд ямар хүлээлттэй байгааг авч үзье. Дор өгүүлэх 5 тоо бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын тоонууд гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас тодотгож байна.
1 сая тонн – ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ
1 сая тонн – ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ
1 сая унци – АЛТНЫ ОЛБОРЛОЛТ
10 сая тонн – ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТ
30 сая тонн - НҮҮРСНИЙ ЭКСПОРТ
Тэгэхээр бид энэ удаад 1 сая унци алт гэсэн тоог тодотгон авч үзэх гээд байна. Энэ он гарсаар алтнаас бусад манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын ханш уналттай хэвээр байгаа. Түүнчлэн дэлхийн эдийн засаг сайжрах төлөвгүй байгаа энэ үед өөрийн орны эдийн засгийн өсөлтийг хангахад алтны салбарынхны үүрэг их гэх зүйлийг салбарын сайд нар хийгээд төв банкны ерөнхийлөгч хэлж байна. Монгол Улс энэ онд дээрх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, экспортолсноор манай зах зээл дэх валютын нөөц нэмэгдэж, ханшийн хэт өсөлт саарч, улсын эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамнаас эл зорилтыг тавин, холбогдох яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шамдаж буй гэв. Тэгвэл одоо 8.9 тонны үзүүлэлттэй байгаа алтны жилийн олборлолтыг 1 сая унци буюу 31 тоннд хүргэх нөхдүүдийн зорилт биелэх болов уу?
Алт олборлолтын 2014 оны төлөвлөгөөт дээрх тоог биелүүлэхийн тулд төрөөс хувийн хэвшлийнхнийг боломжит олборлолтын тооцоо, төсөөллөө ирүүлэхийг санал болгосонтой холбогдуулан Алт үйлдвэрлэгчдийн холбооноос тус салбарт одоо үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 11.4 тонн алт олборлоно гэх нэгдсэн дүн ирүүлжээ. Тэгвэл 30 орчим компани нийлж 11.4 тонн, Оюутолгой болон Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор энэ салбарт хүлээлгэсэн төлөвлөгөөт тоо биеллээ олох бүрэн боломжтой гэж бодлого тодорхойлогч яамны зүгээс үзэж буй юм байна. Тэгэхээр энд анхаарал татаж буй нэг асуудал байгаа нь нөөц нь дууссан гэгдээд байдаг Бороогийн алтны ордоос чамгүй хэмжээний алтыг гаргаж ирэх гээд байгаа бололтой юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд Бороо Гоулд компани нь 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлоод, нөөцийг нь барчихсан гэж ойлгогддог.Харин одоо бол Бороогийн уурхайгаас 35 км зайд орших Гацууртын ордоос олборлолт хийгээд эхэлчихсэн байх магадлал өндөр байгаа юм. Хэдийгээр “Бороо Гоулд”-д албан ёсны зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл байхгүй ч, толгой компани Сентерра Гоулдын ашиг нэмэгдсэн нь Киргиз дэх Кумторын уурхайн олборлолт болоод Монгол дахь Бороо гоулд компанийн үйл ажиллагааны тогтвортой өсөлттэй байдалтай холбоотой гэх албан ёсны мэдээлэл байгаа нь, тэднийг Гацууртыг уудлаад эхэлчихсэн үү гэж харахад хүргээд байгаа юм. Тэрнээс Бороогийн ордоос олборлосон алт улстөрчдийн тооцоод байгаа 31 тонн алт олборлох төлөвлөгөөг газарт буулгана гэдэг юу л бол.
За ямартай ч алт олборлогч компаниудын зүгээс өмнөхөө бодвол аятайхан үгс унагадаг болж. “Мон дулаан трейд” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Бүтэд Татварын хэмжээг бууруулсан нь том дэмжлэг болсон гэж байгаа бол “Монполимет” группын захирал С.Энхтуяа он гарсаар нөөцөд байсан алтаа Монголбанкинд тушаасан салбарын сайд болоод төвбанкны Ерөнхийлөгч нартай уулзсан уулзалтын үеэр хэлж байв. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан нөхцөлд 10 хувь байсан рояльтын татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь болгож бууруулсан. Улмаар олборлогч компаниудын алтаа тушаах сонирхол эрс нэмэгдэж, энэ он гарсаар Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх жилийн мөн үеэс нэмэгдсэн гэх урьдчилсан дүн байгаа юм. Алтны салбарынхан төрөөс 160 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч буй. Тэгвэл Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын сайдууд санхүүжилтийг олгоход асуудал үгүй, харин эргээд бидэнд харуулах үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөн, идэвхтэй ажиллах ёстой гэж байв. Тэгэхээр энэ эрчээрээ алтныхан 160 тэрбумыг ямар ч байсан төрөөс гаргуулж авах нь тодорхой байна. Нэгэн цагт энэ салбарыг мөлхүүлсэн гэгддэг сайд энэ удаа өгөөмөр загнах нь. Үр дүн нь хэрхэх нь одоогоор тодорхойгүй ч, хүлээлт бол үүсч таарах нь.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 7 )
Ene N.Batbayar gech ug helj baigaag sonsoh durgui hudal bolohoor ni burzurgiig ni harahaas dugui hurdeg tul setguulchid mini ene hunii hudal ugiig bichmeer bur dur chin hureed zagatnaad baival yadaj zurgiig ni bitgii taviach dee guij baina.
Ene N.Batbayar gech ug helj baigaag sonsoh durgui hudal bolohoor ni burzurgiig ni harahaas dugui hurdeg tul setguulchid mini ene hunii hudal ugiig bichmeer bur dur chin hureed zagatnaad baival yadaj zurgiig ni bitgii taviach dee guij baina.
ene butehgui nohroo songoson garuud ni butehgui ywaa shuu
Ene nokhoroos AN iinkhan com aikh yum daa.Oroldvol AN tarchikh geed baigaa yum bailgui dee.
Болиод өгөөч. Бас юун 160 тэрбум төгрөг төрөөс олгох вэ? Монголын ард түмний Алтыг ухаж аваад хил давуулж дамнасан хулгайч нарт шүү дээ. Энэ цагаандаа гарсан байна. Ичих нүүр гэж байна уу хаа хаанаа? Чөтгөр аваг. Хэлэх ч үг алга.
ene saihan shaadag joohon sum baij medeh nohor doo
www.brigad.mn -->Барилгын Бригадуудын Нэгдсэн Сайт