Д.Эрдэнэчимэг: Хяналтын орон нь данс андуурах эрсдэлийг 95 хувь хүртэл бууруулдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Хяналтын орон нь данс андуурах эрсдэлийг 95% хүртэл бууруулдаг 

 

Төрийн банкнаас харилцагчиддаа эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэхээр “Check digit” буюу хяналтын оронг нэвтрүүлсэн байна. Энэ талаар Төрийн банкны Мэдээлэл технологийн газрын захирал Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-     Төрийн банкнаас check digit буюу хяналтын оронг нэвтрүүлжээ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-     За, Төрийн банкнаас check digit буюу хяналтын орон нэвтрүүлсэн нь харилцагчийн данс андуурч гүйлгээ хийх эрсдэлийг хаах зорилготой юм. Хяналтын орон нь аливаа гүйлгээний дугаарлалтыг гараар бичихэд гаргаж болох механик алдааг илрүүлэх, шивэлт зөв эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг. Тухайлбал; Та бидний сайн мэдэх барааны бар код, ISBN - номын дугаар зэрэг нь хяналтын оронтой, түүгээрээ шалгагддаг. Банкны хувьд дансны дугаар, картын дугаар зэрэг олон оронтой дугаарлалтад хяналтын оронг өргөн хэрэглэдэг бөгөөд данс андуурах эрсдэлийг дор хаяж 95% хүртэл бууруулдаг ач холбогдолтой.

 

-     Ингэхээр Төрийн банкны дансны орон нэмэгдэнэ гэсэн үг үү?

-     Тийм ээ. Дансны дугаарын ард хяналтын 1 орон нэмэгдэж 12 оронтой болж байгаа. Ер нь банкны  салбарт дансны цифр андуурч гүйлгээ хийгдэх тохиолдол нилээд хэмжээгээр гардаг ба үүнээс сэргийлж Дэлхий нийтэд хэрэглэдэг арга бол хяналтын оронг нэвтрүүлэх явдал. Хяналтын орон нэвтэрснээр банк хоорондын гүйлгээ, АТМ-н шилжүүлэг, ялангуяа интернэт банк, мобайл банк зэрэг цахим үйлчилгээгээр данс андуурч гүйлгээ хийх эрсдэлээс харилцагчийг хамгаалж байгаа юм.

 

-     Тэгэхээр Төрийн банкны харилцагчдын хуучин ашиглаж байсан данс руу гүйлгээ хийж болохгүй гэсэн үг үү?

-     Тийм, гэхдээ харилцагчиддаа хяналтын оронгоо мэдэх боломж олгох үүднээс эхний ээлжинд бид 11 оронтой болон 12 оронтой дансуудаар аль алинаар нь үйлчилгээ үзүүлэх тул одоо ашиглаж байгаа 11 оронтой дансандаа саадгүй гүйлгээ хийх боломжтой. Харин 2014 оны 7 сарын 1-нээс хойш зөвхөн Хяналтын орон бүхий 12 оронтой дансаар гүйлгээ хийх юм. Тиймээс харилцагч таны төлбөр тооцоо саадгүй явахад чухал ач холбогдолтой хяналтын оронг ашиглаж эхлэхийг анхааруулж байна.

 

-     Нийт харилцагчиддаа энэ тухай мэдэгдсэн үү?

Тийм ээ, өдөр тутмын сонин, сайт зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас, facebook хуудсаар энэ тухай мэдээллийг харилцагчиддаа хүргэсэн.

-     Хяналтын оронгоо яаж мэдэж болох вэ?

-     Хяналтын оронгоо Төрийн банкны аль ч салбар, тооцооны төвөөс мэдэж болохоос гадна манай банкны www.statebank.mn  вэб сайт, интернэт банкны сайтдаа байрлуулсан хяналтын орны тооцоолуурыг ашиглан мэдэх боломжтой. Мөн Төрийн банкны лавлах 1800-1881-ээс лавлан хяналтын оронгоо мэдэж болно.

 

-     Хяналтын оронгоо харилцагч өөрийн хүссэн цифрээр өөрчлөх боломжтой юу?

-     Боломжгүй, учир нь хяналтын орон нь дансны цифрүүдээс, тусгай алгоритм ашиглан автоматаар тооцон гаргасан цифр бөгөөд бид давхардал үүсгэхгүй байх зорилгоор хамгийн сүүлийн үеийн, алдааг хамгийн нарийвчлалтайгаар шалгах алгоритм ашигласан.

 

-     Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-     Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, эрсдэлгүй хүргэхийг үргэлж зорин ажилладаг. Энэ удаа ч Харилцагч та хяналтын оронтой болж байгаа нь аливаа эрсдлээс сэргийлэх нэг арга зам болж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(103.26.194.12) 2014 оны 03 сарын 14

Butexgui

0  |  0
1(203.91.119.18) 2014 оны 03 сарын 12

1

0  |  0
Top