Тав дахь удаагийн “Монголын эдийн засгийн чуулган-2014” өнөөдөр эхэллээ. Төрийн ордны Их танхимд нийтдээ 800 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид, эдийн засагчид Монголын эдийн засгийн асуудлаар хоёр өдрийн турш хэлэлцэнэ. Улмаар энэхүү чуулганаас тодорхой сэдвээр зөвлөмж гаргаж, зөвлөмжийн дагуу төр засгийнхан ажиллахыг хичээдэг уламжлалтай.
Энэ жилийн эдийн засгийн чуулганыг “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулж буй. Яг нэг жилийн өмнө зохион байгуулсан чуулганаар “Монгол брэнд”-ийг буй болгох талаар төлөөлөгчид хэлэлцэж байсан. Харин энэхүү “Монгол брэнд”-ийн санаачилгыг ажил хэрэг болгож, цаашид илүү өргөн хүрээнд брэнд бий болгохын тулд Монголдоо бүтээх зайлшгүй шаардлага байгаа юм. Тийм ч учраас энэ удаагийн сэдэв “Монголдоо бүтээцгээе” болж байгаа аж. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хангахад Монголдоо бүтээж, үйлдврлэдэг байх нь хамгийн чухал.
Бараг 30 гаруй гадаадын компани, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд Монголын эдийн засгийн чуулганд оролцож байна. Өнгөрсөн жилээс үүдэлтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт өнөөдрийг хүртэл бүрэн сэргэж амжаагүй байна. Ийм үед эдийн засгийн чуулган болж, түүнд гадаадын хөрөнгө оруулагчид олноороо оролцож байгаа нь бас нэгэн онцлог болж байна. Түүнчлэн цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэх хүлээлтийг ч үүсгэж буй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )