Эдийн засгийн форум эхэллээ. Төрийн ордонд хөл тавих ч зай алга. Монголын санхүүг хэрхэн залах форум жил ирэх бүр өргөжин тэлж, гадны томчууд хувийн онгоцоороо Улаанбаатарт хөл тавин тэмүүлэх болов.
Форумыг эхлүүлж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж “Хориг саадыг арилгах бодлого хэрэгжүүлнэ” гэлээ. Зөв, хориг саадыг арилгах хэрэгтэй. Гэхдээ эрхэм ЕС-ын хэлсэн уртаас урт үгэнд энэ хориг саад нь чухам яг юу вэ гэдгийг тодорхойлсон ганц ч өгүүлбэр байсангүй.
Өнгөрсөн жил, тэрний өмнөх жилүүдэд хийсэн форумуудаас гарсан алт шиг санаанууд хаана, яаж хэрэгжсэн билээ. Эдгээрийг ажил болгоход учирсан саад тотгорууд өнөөдөр ч бий. Цаашид ч байсаар байх болно.
Адгийн наад зах нь, 2013 оны Эдийн засгийн форумыг “Монгол брэнд” нэрийн доор өнөр өтгөн, үрэлгэн гэж жигтэйхэн хийсэн. Тэр үед Монголын чадалтай, оюунтай залуус брэнд гаргах үйлдвэрлэлийн санал, санаачилга олныг гаргаж, төсөл хөтөлбөрийг нь ч танилцуулсан. Тэд нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийн тулд төрөөс мөнгө гуйгаагүй. Орчин нөхцөл, хуулийн зохицуулалт л хүссэн. Харамсалтай нь брэнд гаргах байтугай, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр чиглэлээ нэгэнт алдаж, хэдэн эсгий таавчиг, модон хүүхэлдэйний дүрсээр өнгөлсөн төслийн мөнгө уух ажиллагаа болон хувирсан нь худлаа биш.
Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгийг маш ихээр шаарддаг. Тэр хэрээр үндэсний үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, томруулах боломж нь хомс. Энэ нөхцөлд бизнес эрхлэгчдэд мөнгө босгох гарц нь хөрөнгийн зах зээл болдог. Гэвч хөрөнгийн зах зээл ч бас Монголд төдийлөн хөгжиж чадаагүй байна. Товчхондоо Монголд бизнесхөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжтой зах зээл аль аль нь алга. Ийм нөхцөлд брэнд байтугай жижиг, дунд хэмжээний үйлдвэрлэл ч хөл дээрээ тогтоход хүндхэн байгаа гэдгийг хэн хүнгүй л хэлнэ. Гэтэл өнөөдрийн жижиг, дунд үйлдвэрлэл нь маргаашийн корпорацийн эхлэл байдаг. Өөрөөр хэлбэл, бидний ярьж, хэлээд байгаа “Монгол брэнд”-ийн эхлэл нь жижиг, дунд үйлдвэрлэл юм. Жижиг, дунд үйлдвэрлэл томорч байж, яваандаа монгол брэндийг бий болгох учиртай.
Яг үнэндээ Засгийн газар брэнд мрэнд ярихаасаа өмнө хориг саадыг арилган бодлого хэрэгжүүлэх ёстой байсан юм.
Тэгвэл үр ашиг нь тодорхойгүй, үрэлгэн заралган Эдийн засгийн үе үеийн форумуудаас гаргасан төлөвлөгөө хөтөлбөрүүд цаасан дээрээсээ өндийж боссон уу. Огтхон ч тийм зүйл болоогүй.
Тухайлбал, форум анх 2011 онд зохион байгуулагдаж байжээ. Анхны эдийн засгийн форумын хуралдааны бүтэн нэг өдөр нь “Баялгийн хараал” сэдвээр өрнөж, Монгол Улсын хөгжлийн түүчээ гэж нэрлэгдэх болсон уул уурхайн салбарыг зөв зохистой хөгжүүлэх, Оюутолгой, Тавантолгойн үр шимийг хүртэх тухай ярьж, улмаар “Эрдэнэс тавантолгой” компаниас хувь хишиг хүртэх тухай ч яриад амжсан байх юм. Түүнчлэн ойрын жилүүдэд “хоёр” толгойгоо ашиглалтанд оруулах, өмнийн говьд төмөр зам, дэд бүтцийг татах гээд өндөр ач холбогдол өгч болохуйц сэдвээр яриа өрнөж, төлөвлөж бодлогын баримт бичигтээ тусгаж байжээ. Өнөөдөр хоёр толгойн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, хүмүүс хувь хишиг хүртсэн үү. Ерөөсөө ч тийм зүйл болоогүй.
Харин 2012 оны Эдийн Засгийн форумаас юуг хэрэгжүүлэхээр төлөвлөв. Нэгхэн жишээ дурьдъя. "Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь" гэсэн сэдвээр нэг салбар хуралдаан өрнөж байжээ. Түүнээс хойш даруй хоёр дахь форум болж байна. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээр хараат бус байх бодитой алхмууд хийж, тэр нь бага ч болов үр дүнгээ өгсөн үү. Одоогоор үр дүн байтугай хонгилын үзүүрийн гэрэл ч харагдахгүй байгаа.
Монголын эдийн засгийн форумууд ийм л байдлаар өрнөж ирсэн. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд маань хориг саадыг арилгана гэж байна. Суурийг нь тавиагүй байж барилга барихаар зүтгэдэг шиг. Хэзээ хойно, хамаг ажил баларсан хойно сая нэг хориг саад арилгана гэнэ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )