Төрийн ордоноор дүүрэн гар барьж, инээд алдсан хээвнэг алхаатай хүмүүс хоёр хоног дайлуулж, цайлуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс хуваалцаж өнжлөө. Учир нь “Эдийн засгийн форум 2014” болж байгаа нь энэ. Энэ удаагийн эдийн засгийн чуулга нь "Монголдоо бүтээцгээе" гэсэн нэртэй. Монголдоо бүтээнэ л гээд байна. Ярьж бичсэн ажлаа ажил болгох л дутаад байгаа юм.
Үр ашиг нь тодорхойгүй, үрэлгэн Эдийн засгийн үе үеийн форумаас гаргасан төлөвлөгөө хөтөлбөрүүд цаасан дээрээсээ өндийж босдоггүй гашуун түүхийг гурван жил харлаа.
Энэ сүртэй форумын анхных нь 2011 онд болж байсан. Анхны эдийн засгийн форумын хуралдааны бүтэн нэг өдөр нь “Баялгийн хараал” сэдвээр өрнөж, Монгол Улсын хөгжлийн түүчээ гэж нэрлэгдэх болсон уул уурхайн салбарыг зөв зохистой хөгжүүлэх, Оюутолгой, Тавантолгойн үр шимийг хүртэх тухай ярьж, улмаар “Эрдэнэс тавантолгой” компаниас хувь хишиг хүртэх тухай ч яриад амжсан юм. Мөн ойрын жилүүдэд “хоёр” толгойгоо ашиглалтад оруулах, өмнийн говьд төмөр зам, дэд бүтцийг татах гээд өндөр ач холбогдол өгч болохуйц сэдвээр яриа өрнөж, төлөвлөж бодлогын баримт бичигтээ тусгасан. Өнөөдөр хоёр толгойн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, хүмүүс хувь хишиг хүртэж чадаж байна уу.
Харин 2012 оны Эдийн Засгийн форумаас юуг хэрэгжүүлэхээр төлөвлөв. Ганцхан жишээ сөхөхөд: "Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь" гэсэн сэдвээр нэг салбар хуралдаан өрнөж байсан. Түүнээс хойш даруй хоёр дахь форум болж байна. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээр хараат бус байх бодитой алхмууд хийж, тэр нь бага ч болов үр дүнгээ өгсөн үү. Одоогоор үр дүн байтугай хонгилын үзүүрийн гэрэл ч харагдахгүй байгаа.
2013 оны форумын тухайд "Монгол брэндийг хамтдаа" уриан дор зохиож засгийн газрын ордонд өнөө эсгийгээр хийсэн шатрын хөлөг, оньсон тоглоом зэрэг наадмаар жуулчдын нүдийг хужирладаг зарим нэг зүйлийг дэлгэж тавиад шоудсан. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн хөл дээрээ тогтсон "Говь", "Хаан бууз", цөөхөн архины үйлдвэрүүд л монгол брэнд бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлож байна. Харин ерөнхий сайдын яриад байсан өнөө жижиг дунд үйлдвэрлэгчид байрны хонгилд, банкны өндөр хүүгээр арай ядан үйл ажиллагаагаа эргэлдүүлж байгааг хэлэх нь зүйтэй бизээ.
Санхүүжилт бий болгох алтан боломжийг ийнхүү таван жил дараалан алдаж байна. Ашиггүй зарлага төсөвт нэмдэг байдлаа нэг бол халж, нөгөө бол өнгөрсөнийг тоочихоо болиод ирээдгүйгээ бодитоор харж төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэдгийг интернет хэрэглэгчид хэлж байна. Өнгөрсөн жилүүдийн форумын үр өгөөжийг дурьдах гэтэл уналтанд орсон эдийн засаг тэднийг шууд бариад өгсөн учир хэлэх үг тун цөөн үлдсэн.
Энэ оны "Эдийн засгийн форум" хоёр өдрийн турш Монгол улсын ирээдүй, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх цаашлаад дэлхийн эдийн засгийн форумын төслийн баг Монгол улсын хөгжлийн зураглалын хувилбаруудыг танилцуулах зорилготойгоор өрнөсөн ч урьд жилүүдийнхээс харьцангуй цөөн хүнтэй идэвхи сул байгааг харж болно. Уналтанд орсон эдийн засаг, зугтаж одсон гадны хөрөнгө оруулагчдыг энэ маягаар дуудах гэж оролдвол дараа жилийн форумын зохион байгуулалтын талаар яриад ч хэрэггүй. Үүний баталгаа бол эдийн засагчид, үе үеийн ерөнхий сайд нарын гашуун бөгөөд үнэн дүгнэлтүүд юм.
"Монголын эдийн засгийн форум"-ууд ийм л байдлаар өрнөсөөр уламжлал болчихлоо. Форумд оролцохыг хүссэн гадны төлөөлөгчдөд өндөр үнэтэй такс авахыг санал болгож оронд нь биелэлээ эс олох дэмий олон лекц сонсгодог нь дараа жил ирэх, хөрөнгө оруулалт хийх олон хүнийг цааш түлхэж байна. Хэлсэн ярьсан ажлаа хэзээ хэрэгжүүлж сурах юм бэ. Ам ажил хоёрыг аюултай зөрүүлээд байна шүү манайхаан.
Сэтгэгдэл ( 5 )
Намууд бие биеэ отоод хий дэмий ярьсахо он жилүүийг ардаа орхиж байна Монголыг урагшлуулах сонирхол лав МАН-д алгаа
Намууд бие биеэ отоод хий дэмий ярьсахо он жилүүийг ардаа орхиж байна Монголыг урагшлуулах сонирхол лав МАН-д алгаа
Mongol mini yana daa. hii hooson yariad l bna.Goe goe ner ogood huraldaad yariad
Бид 2016 оныг хүлээж байгаа