Монголын эдийн засаг “халуун”-тай байгааг Азийн хөгжлийн банкныхан хэлж байна. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд сул, гадаад зах зээлээс хараат улсынхаа хувьд Монголын төр засаг зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол өвчин улам хүндрэх магадлал өндөр байгааг сануулав. “Азийн хөгжлийн төлөв-2014” тайланг Эдийн засгийн хөгжлийн сайдын тайвшруулах эмэнд хууртах хэрэггүй болжээ гэдэг тодорхой байна. Төлбөр тэнцлийнхээ алдагдлыг багасгаж, хэдэн их наядаар тоологдох төсвөө багасган, үр ашигтай төсөлд зарцуулахыг урьтал болгохгүй бол улам хэцүүднэ шүү гэдэг анхааруулыг өгсөн Азийн хөгжлийн банкныхны үгийг Монголын дарга нар сонсдог болоосой. Тэгвэл аахар, шаахар ашиг багатай төсөл хөрөнгө үрж, эдийн засгаа хямраах шаардлагагүй болно.
Инфляци 12 хувьд хүрэх магадлалтай гэв
Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай учраас гадны хямралаас хамгаалах “зөөлөвч” бодлогыг Монголын төр засгаас хэрэгжүүлж чадахгүй байгаа гэж АХБ-наас үзэж байгаагаа дуулгав. Инфляци өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 10.4 хувьтай байсан бол энэ оны байгаа байдлаас үзэхэд 12 хувьд хүрэх эрсдэл ажиглагпаж буйг тэд хэллээ. Төгрөгийн ханш сул, иргэдийн худалдан авах чадвар муу, цалин, тэтгэвэр, тэтгэмж доогуур байхад инфляци нэмэгдэх эрсдлийг хаах хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засгийн бодлого, тэр дундаа төсөв, мөнгөний бодлогыг чангатгах хэрэгтэйг гэж Азийн хөгжлийн банкныхан зөвлөж байна.
Төлбөрийн тэнцлийн дарамтад орсон Монгол Улс
Монголын хувьд одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш өмнөх жилийнхээс 400 орчим төгрөгөөр нэмэгдсэн, нүүрсний экспорт үе үе тэг зогсолтоо хийж байгаа үед олон улсын судлаачдын үг, зөвлөгөө нэмэр болно гэхээс илүүдэхгүй. “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2013 онд эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ жил 9.5 хувь хүрч, 2015 онд 10 хувь болно гэж таамаглаж байгаа ажээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, нүүрсний экспорт “унаж” буй энэ үед төсөв, мөнгөний тэлэх бодлого хүчтэй явуулсан нь төлбөрийн тэнцлийн дарамт үүсгэж байгааг өнөөдөр болсон хурлын үеэр онцоллоо. Хэрэв эдийн засгийн, ялангуяа мөнгөний бодлогыг чангалвал төлбөрийн тэнцлийн дарамтаас бага ч атугай гарч, эдийн засгийн өсөлт ирэх жил 12 хувьтай байхыг тэд хэлсэн юм.
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтворжино
Харин бүс нутгийн хувьд байдал өөр байна. Одоо үед “хөгшин” европоос илүү Азийн хөгжиж буй орнууд эдийн засгийн хөгжлөөрөө “толгой цохих” шинэ эрин гарч ирж байгааг олон улсын судлаачид хэлдэг. Үүнтэй адилаар Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жилдээ тогтвортой байхыг АХБ-ныхан онцоллоо. Үүнийг БНХАУ эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө хурдыг сааруулах үеэр хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэж байгаа нь бүрдүүлж байна гэв. “Азийн хөгжлийн төлөв” тайланд энэ бүс дэх хөгжиж буй орнуудын ДНБ-ний өсөлт энэ онд 6.2 хувь, 2015 онд 6.4 хувьтай байхыг дурджээ. Голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг эрчимтэй сэргэж буй бөгөөд үүн дунд Япон ДНБ-ний өсөлт сүүлийн үед дээшээ гарч ирж байгаа гэх юм билээ. Бүсийн хэмжээнд ийнхүү тогтвортой байдлыг хангана гэдэг нь гадаад орчноос ихээхэн хамааралтай байдаг Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, ханш тогтвортой байлгах нэг хүчин зүйл болох учиртай.
Сэтгэгдэл ( 0 )