Цаасан дээрх цариг газарт буух нь...

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

 

Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг гадныханд атгуулаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа бидний хувьд Тавантолгой гэж том хөзөр бий. Хөрсөн дор агуулагдах 6 тэрбум гаруй тонн нүүрсийг жинхэнэ баялаг болгох гол хөдөлгөгч хүч  нь төмөр замын шинэ төслүүд гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэрчлэн сүүлийн үед төмөр замын дэд бүтэцтэй холбоотой мэдээллүүд дараалан гарах болсныг сайн анзаарах ёстой юм. Өнгөрөгч сарын сүүлийн өдөр Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар эрх баригчид царигийн асуудлыг нэг тийш болгохоор тогтож гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тогтоолд тусгаснаар Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн  царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн буюу өргөн  царигтайгаар барихаар оруулсан байгаа юм.

 

Улстөрчид ийн чамгүй хугацаанд хүлээлгэсэн асуудлыг хөдөлгөөнд оруулсны араас Монголын төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Дэлхийн банк концессын гэрээгээр явагдах төмөр замын төслүүдэд оролцох боломжтой гэдгээ илэрхийлж байгаа юм.Ер нь бол Дэлхийн банкнаас мөн Өмнөд бүсийн дэд бүтцийн стратегийг өөрсдийн судалгааны үндсэн дээр тодорхойлж ирсэн байдаг. Тэдний зүгээс  Монгол Улсын эдийн засгийг өсөлтөд хүргэх боломжийг бий болгох уул уурхайн томоохон төслүүдийн ашиг нь төмөр замын шинэ төсөлтэй шууд хамааралтай ч, өмнөд бүсийг Транс-Монгол төмөр замтай холбох нь тийм ч тулгамдсан асуудал гэж тэд үзэхгүй байгаагаа илэрхийлж ирсэн. Тэгвэл одоо манай төмөр замын дэд бүтцийг урагшлуулахад гар бие оролцох гэнэ. Тэдний зүгээс Оросын талыг манайхтай хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байсан.

 

Тэгвэл арван оноос яригдаж эхэлсэн чиглэлийн хувилбар дээр талууд ойлголцсон янзтай байгаа юм. Түүнээс гадна анхаарал татсан бас нэг мэдээлэл бол хойд хөрш Тувагийн Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулсан явдал юм. Гол нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг  Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гараад эхэлсэн.  Энэ нь Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байгаа нь, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулна гэдгийг өмнө нь хөндөж бичсэн билээ.Түүнчлэн энэ тал дээр манай нөхдүүд хойд хөршийн нөхдүүдтэй ярилцаж таарах болов уу.

 

За мөн хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын “Шенхуа Энержи” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран  нарийн цариг бүхий төмөр зам барих  “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км  буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Одоогийн нөхцөл байдлаас харвал  манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай харагдаж байгаа. Тэгэхдээ манайд үлдэх үр ашгийн асуудал тусдаа томоохон асуудал болж тавигдаж байгаа юм.

 

Энэмэтчилэн харвал төмөр замын дэд бүтцийг тойрсон анхаарал татсан асуудлууд шил шилээ дараа яригдаж эхэллээ. Одоогоор цаасан дээр байгаа зам хэдийгээр газарт буух нь хүлээлт үүсгэж таарна.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top