Монгол Улс мэргэжлийн боксын дэлхийн гурван аваргатай. Эхнийх нь WBA /дэлхийн боксын холбоо/-ны Дэлхийн аварга Дугарбаатарын Лхагва, хоёр дахь нь WBC /Дэлхийн боксын зөвлөл/-ийн Дэлхийн Залуучуудын аварга Ганбатын Баяртогтох, гурав дахь нь WBU, WBF /Дэлхийн боксын холбоо/-ны аварга Чойжилжавын Цэвээнпүрэв билээ.
Тэдний нэг болох Г.Баяртогтох энэ сарын 11 буюу ирэх ням гаригт БНСУ-ын тулаанчтай хүч үзэх гэж байгаа. Энэ нэр хүндтэй тулааны өмнө түүнтэй ярилцлаа.
-Тамирчны замнал тань хаанаас эхэлж байв?
-Би 1996 онд Дорнод аймагт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбаатарын удирдлага дор мэргэжлийн боксын спортод хөл тавьсан. 1997-2000 онд Улсын шигшээ багийн тамирчин, 1998 оны Ази тивийн аварга, 2000 оноос мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн.
-Дорнод нутгийн уугуул уу?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Гэхдээ намайг нэг настай байхад манайх Дорнод руу шилжиж, тэнд би дунд сургууль төгстлөө амьдарсан.
-Та мэргэжлийн боксын Дэлхийн аварга хэмээх амжилтад хүрсэн гурван тамирчны нэг. Гаргасан амжилтуудаасаа хуваалцаач?
-2002 оны WBC холбооны Дэлхийн залуучуудын аварга, 2002-2007 оны БНСУ-ын хоёр жингийн аварга болж байлаа. Ер нь тэр хугацаанд тивийн тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, I-III байрт орж байсан. Үүнээс гадна АНУ-ын Лас-Вегаст болсон тэмцээн зэрэг олон улсын чанартай тэмцээнүүдэд эх орноо төлөөлж оролцсон.
-Мэргэжлийн боксоос баргийн тамирчин халширдаг гэдэг. Хатуу ширүүн энэ спортыг яагаад сонгов?
-Ер нь мэргэжлийн боксыг сонирхогчийнхтой харьцуулахад ялгаа их. 12 раунд тулалдана, мөн бараг нүцгэн гараараа тулж байгаа юм шиг нимгэн бээлийтэй. Толгойн хамгаалалтгүй. Ер нь л эрсдэл өндөртэй. Хүчтэй цохилт ирнэ. Тамирчнаас маш их тэсвэр, тэвчээр, эр зориг шаарддаг спорт. Баргийн амжилт гаргаад боксчин гэж танигдахгүй, нэрлүүлэхгүй. Том тулаанд орж, хүчтэй өрсөлдөгчтэй хүч үзсэн цагт сая жинхэнэ боксчин гэж хүлээн зөвшөөрөгддөг.
Би 20 настайдаа мэргэжлийн бокст хүч сорьж эхэлсэн. Тэр үед манай нийгэм ямар байлаа. Боксын спортын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл хомс. Тэмцээн уралдаанд оролцох, гадаадад гарч тулалдах боломж бараг байхгүй байсан юм. Анх Лхагваа ахыг дагаад гарсан даа. Тэгэхэд л мэргэжлийн бокст хүч сорьё гэж эргэлт буцалтгүй шийдсэн.
-Хэчнээн удаа рингэнд гарсан бэ. Та нэг хэсэг завсарласан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Нийт 29 тулаанд орсон. Эдгээрээс 23-т нь ялж, нэг тэнцсэн. Үүнээс 20-д нь хүнд цохилтоор ялсан.
Би боксын спортоос долоон жил орчим завсарлага авсан. Ийм шийдвэр гаргахад хүргэсэн тодорхой шалтгаанууд байсан. Менежертэйгээ таарахгүй гээд шалтгаанууд байлаа. 26 настайдаа зодог тайлж байсан юм. Гэхдээ буцаад рингэн дээрээ гармаар санагдсан. Энэ спортыг орхихыг хүсээгүй. Надад зорилго, хүсэл, бас чадал байна. Тиймээс л спортдоо эргэж ирсэн.
Тэгээд өнгөрсөн онд Монголд болсон тэмцээнд орсон. Харин энэ онд Өмнөд Солонгосын хүнд жингийн тамирчинтай халз тулалдах гэж байна. Энэ нь хүнд жингийн тэмцээн. Тэмцээнийг би өөрөө зохион байгуулж байгаа. Үүнийхээ хажуугаар бэлтгэлээ хийж байна. Надтай халз тулах тамирчин тив, дэлхийд нэрээ гаргасан, сайн боксер. Надаас нэлээд өндөр, жингээр ч илүү.
-Урьд нь ийм тэмцээн манайд болдог байсан уу?
-Ер нь мэргэжлийн боксын тэмцээн болдог. Гэхдээ тун ховор. Энэ спорт манайд нэг их хөгжөөгүй, тамирчин ч цөөн. Тулалдах гэдэг миний хобби гэхэд болно. Тиймээс энэ спортыг эх орондоо таниулж, сурталчлахыг хүссэн юм.
-Манайд мэргэжлийн боксын хөгжил аль түвшинд байгаа вэ. Холбоод, клубууд бий юу?
-Тун цөөн дөө. Цэвээнпүрэв зодог тайлчихлаа. Өөр тууштай хичээллэж, тулааны рингэнд гарч байгаа тамирчин ер нь байхгүй шүү. Мэргэжлийн боксын холбоо гэхээр яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан гурван ч холбоо бий. Гэхдээ тогтвортой ажиллаж, тамирчин бэлдэж байгаа гэхэд хэцүү. Тамирчин бэлдэх тал дээр үнэндээ ямар ч сэтгэл гаргахгүй байна. Ер нь мэргэжлийн бокс хаягдсан гэхэд болно. Дээрээс дэмжиж байгаа юм байхгүй. Амжилт гаргасан тамирчдад шагнал урамшуулал бас байхгүй. Би л гэхэд Дэлхийн Залуучуудын аварга болсон гэхэд улсаас ганц диплом ч авсангүй.
-Та өөрөө холбоо байгуулах талаар боддог уу?
-Боддог. Сайн тамирчин бэлдэхийг хүсдэг. Тиймээс өөрөө холбоо байгуулах, эсвэл одоо ажиллаж байгаа холбоодод санал тавьж, нэгийг нь дааж аваад тогтмол ажиллуулах талаар бодож байгаа. Яг таг шийдсэн зүйл байхгүй ч эх орныхоо нэрийг цуурайтуулсан мэргэжлийн боксын шилдэг тулаанчдыг бэлтгэх зорилготой.
-Танд ивээн тэтгэгч бий юү?
-Надад ивээн тэтгэгч, спонсор байдаггүй. Ойрын үед гадагшаа тэмцээн уралдаанд ч оролцсонгүй. Энэ удаагийн тэмцээнийг би хувиараа зохион байгуулж, ах, дүүс, найз нөхдийнхөө тус дэмээр урагшилж байна.
-Монголчууд нэг үеэ бодвол спортыг, тэр дундаа боксыг сонирхох нь нэмэгдсэн. Олимпийн медальтай болсноос хойш хичээллэх сонирхолтой хүмүүс ч олширч. Харин сонирхогчид мэргэжлийн бокс руу орох хандлагатай боллоо. Тухайлбал, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэх гэж байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Би Төгсцогттой уулзсан. Гэхдээ энэ талаар ярилцсангүй. Сонсох нь мэргэжлийн боксыг судалж, сонирхож л байгаа юм билээ. Надад нарийн мэдсэн зүйл алга. Яах вэ, Төгсцогт залуу хүн. Амжилтад хүрсэн. Сонирхогчийн боксоор Олимп, дэлхийд нэрээ гаргасан сайн тамирчин. Тиймээс одоо мэргэжлийн бокст хүч үзэхэд болохгүй гэх зүйлгүй. Харин үүний тулд биеэ маш сайн бэлдэж, илүү ихийг сурч авах хэрэгтэй.
-Ер нь Монголын тулаанчид тив, дэлхийд амжилттай тулалдаж байна. Таныг гадны рингэнд тулалдахад яаж хүлээж авдаг вэ. Мөн өөрийгөө зоригжуулж, хүч авдаг зүйл тань юу вэ?
-Монголчууд бол баатар дайчдын үр сад. Бидний цусанд үл бууж өгөх тэсвэр хатуужил, эрэмгий зориг, тулаанч чанар бий. Тиймээс хаана ч, аль улсын дэвжээнд Монгол гэдэг үгийг хүндэтгэж хүлээж авдаг. Тогтмол дасгал сургуулилт, нөхцөл боломжийг хангаад өгвөл дэлхийд бидний өмнө гишгэх хэн ч олдохгүй. Олимп, дэлхийн боксын аваргуудтай болчихлоо. Мэргэжлийн боксын дэлхийн аварга гурав байна. Миний хувьд эх орныхоо газар шороо, эцэг дээдэс, аав, ээждээ залбираад тулаанд гардаг. Энэ залбирал намайг хүчтэй болгодог. Монголоо гэх сэтгэл намайг зоригжуулж, хүч нэмдэг юм.
-Шантарч байсан үе бий юү?
-Мэдээж хүнд үе бий. Гэхдээ ялсан ч, ялагдсан ч тулаан гэдэг зүйлээс би эрч хүч авдаг. Яагаад гэвэл би тамирчин хүн.
-Сэтгэлд хамгийн тод үлдсэн тулааныг хаана хийв?
-АНУ-ын Лас-Вегаст Мексикийн тамирчинтай тулалдсан. Ер нь Лас-Вегасын дэвжээнд гарна гэдэг мэргэжлийн боксчны хувьд нэр төрийн хэрэг. Би Монголоос тэр дэвжээнд гарсан анхны тулаанч. Тэр тулаанд би мексик боксчныг эхний раундад ялсан. Өрсөлдөгч маань дэвжээнээс эмнэлгийн насылктай буусан юм. Тэгэхэд надад нэг тийм хэмжээгүй их омогшил төрж байлаа.
-Дэлхийд данстай тамирчдаас хэнтэй тулалдахыг хүсдэг вэ?
-Одоо бол надад дэлхийн аваргад өрсөлдөх бодол нэг их байдаггүй. Гэхдээ хэнтэй ч тулалдаж чадна. Халшраад байх зүйл байхгүй. Би одоо хүнд жингийн тамирчин. Харин надтай одоо тулалдах Солонгосын тамирчин надаас бараг 10 кг-аар илүү, бас нэлээд өндөр залуу бий. Насаар бага, 23-тай. Нийт 13 тулалдсанаас найм ялсан.
-Яагаад заавал энэ тамирчныг сонгосон бэ?
-Солонгос руу санал тавихаас өмнө Хятадын тамирчинг халз тулаанд дуудсан. Тэгэхэд Австри руу тэмцээнд явах гэж байгаа гэсэн. Өөр надтай тулалдах тамирчин үнэндээ гарч ирсэнгүй. Тиймээс Солонгос руу халз тулааны санал тавьсан. Тэгэхэд ганц тулаанч зөвшөөрсөн нь энэ залуу. Бусад нь татгалзсан хариу өгсөн. Би өмнө нь Солонгост хоёр жинд аварга болж байсан юм. Тэдний мэргэжлийн боксынхан намайг мэднэ. Би аваргаа хамгаалах гэхэд тулалдах тамирчин олддоггүй байлаа. Одоо ч ялгаагүй, тулалдах тамирчин олдохгүй байна. Үнэндээ тэд надаас айж байна.
-Гэр бүлээ танилцуулаач. Танайд боксын тамирчин бий юү?
-Миний гэргийг Л.Мандах гэдэг. Боксын спортын мастер, дасгалжуулагч, шүүгч хүн бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг. Ер нь спортын гэр бүл дээ. Миний авга ах Хайдавын Алтанхуяг Монголын боксын спортын түүхэнд анх удаа Азийн аваргын алдрыг эх орондоо авчирсан, Азийн хошой аварга, Гавьяат тамирчин. Пан Азийн аварга Нэмэхбаяр гэдэг сайн тамирчин бас миний ойрын садан. Тэгэхээр боксын спортыг сонгосон маань санамсаргүй хэрэг биш. Удам дагасан тамирчин гэсэн үг.
-Аваргын бүсүүдийг тань сонирхъё?
-Нэг нь анх удаа Монгол Улсын аварга болоход ирсэн бүс. Мэргэжлийн бокст хөл тавиад авсан анхны шагнал маань. Хоёр дахь нь БНСУ-ын Мэргэжлийн боксын аваргад гадны тамирчдаас анх удаа ялалт байгуулаад авсан бүс байгаа юм. Би тэнд хоёр жинд аварга болсон. Энэ бүсийг аваргаа хамгаалж гурван удаа тулалдаж байж авдаг. Харин би тэгж тулалдсангүй. Яагаад гэвэл надад өрсөлдөгч байгаагүй.
Харин энэ бүс мэргэжлийн боксын дэлхийн гурван том холбооны нэг WBC-ийн Дэлхийн залуучуудын аваргын бүс. Монгол Улсаас анх Лхагваа аварга болсон. Дараа нь би болж байлаа.
-Та урьд нь үндэсний хөдөлгөөнд байсан. Одоо ч бас харьяалагдаж байгаа юу?
-Байсан. Гэхдээ гараад жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч хөдөлгөөнөөс гарлаа гээд би үндэсний үзлээ орхисон юм биш. Миний ахан дүүс, найз нөхөд бүгд үндэсний хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудад бий. Би эх орны төлөөх жагсаал цуглаанд оролцож, өөрийн үгийг хэлж чадаж байна. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын төлөө болохгүй, бүтэхгүйг илчилж, шүүмжилж, залруулахын төлөө явж байгаа.
Хамгийн гол нь үндэсний үзэл, эх оронч сэтгэлээр бамбай хийж луйвар, дээрэм хийдэг хүмүүс олширсон. Тийм этгээдүүд өнөөдөр эх оронч залуусын нэр хүндийг гутааж байна. Арван хүн байлаа гэхэд хоёр этгээдийн хөгийн үйлдлээс болж олонд буруутай болж харагдах жишээний. “Даяар Монгол” хөдөлгөөний Бямбатулга бол наад захын жишээ. Тэр бол зүгээр нэг дээрэмчин. Үндсэрхэг үзэлтэй залуус энд эх орныхоо төлөө жагсаад явж байхад тэр тэнд залуусын нэрийг бариад хятад, солонгос ресторануудыг дарамталж мөнгө салгаж байна. Мөнгө аваад зүгээр яваад өгнө. Газар шорооны төлөө дуугарч байна уу гэхээр үгүй. Уурхайнуудаар яваад үнэхээр болохгүй бүтэхгүйгийнх нь ажлыг зогсоож болох байтал тэгэхгүй, мөнгө аваад дуугүй өнгөрөөх маягийн. Бид хүн чанартай байж, найз нөхдөө дээдэлж, хэлсэн амандаа хүрэх монгол эр хүний занг дүрэм болгосон байтал тэр хүн зөрчсөн.
-Үнэндээ иргэний нийгмийн байгууллагууд шантааж хийдэг гэх яриа бий?
-Дээр хэлсэн дээ, бүгд тийм биш. Маш цөөн, хэдхэн тооны хөгийн хүмүүсээс болж ийм яриа гарсан. Дахиад Бямбатулгаар жишээ авъя. Эх орныхоо төлөө явж байна гэж итгэсэн залуусыг ийш тийш оруулж дарамтлуулаад, ар хударгаар нь эздээс нь мөнгө салгаж амьдарч байна, энэ хүн. Ийм байхад тийм яриа гарах нь аргагүй.
Над руу Бямбатулга “Ална шүү” гэж утсаар ярьсан. Би яагаад айна гэж. Тэгээд тэрэн рүү яриад “Уулзъя” гэхэд утсаа салгаад алга болсон. Тэр хүн надтай жинхэнэ эр хүн шиг нүүр тулаад ярих хэрэгтэй. Чадахгүй бол ийм юм яриад хэрэггүй. Би өмнө нь нэгэн цагт хамтдаа явсан хүнийг муулж байгаа юм биш. Харин нэр төр гэдэг зүйлийг тэр хүнд ойлгуулах гэсэн юм.
-Энэ нийгэмд сэтгэл эмзэглүүлж явдаг зүйл?
-Монгол Улсыг, монголчуудыг бодлогоор ядуу амьдруулж, дорой буурай байлгахыг хүсдэг бүлэг төрд байна. Олон жил ард түмнийг хуурч, мэхэллээ. Цалин нэмж байна гэж 20 мянган төгрөг өгөх жишээний. Харийнхны бодлогоор гэсэн үг.
Өвөг дээдсийн цусаар угаагдаж, бидэнд үлдсэн газар нутгийг ухаж, сүйтгэж, байдаг бүхнийг нь цөлмөсөн. Тэгсэн атал ханаж цадахаа мэдэхгүй, одоо бүр даварч уранаар оролдож эхэллээ. Цөмийн хаягдал булшилна гэж байна.
Залуучууд нь голд машинаа угаагаад зогсоно, ухамсрын доройтолд орчихсон. Эх орноо хайрлах сэтгэл гэж алга. Компьютерийн дэлгэцийн цаанаас, фейсбүүкээр дүүрэн цээжээ нүдсэн хүмүүс. Яг гараад жагсах болохоор хэд нь гарч ирдэг билээ. Залуусын ийм хөгийн, аймхай, хулчгар байдалд би эмзэглэдэг.
Залуус та нар, үр хойчдоо сайн сайхнаар дурсагдахыг хүсч байгаа бол, хар муугаар хэлүүлэхгүй гэж байгаа бол бүгд нэгдэж эх орныхоо төлөө тэмцэх ёстой. Та нарыг ингэж доройтож, айж, амиа хичээж байх хооронд дээр цугларсан хүмүүс эх орныг чинь худалдаж идээд дууслаа. Би энэ бүгдэд эмзэглэж, шатаж явдаг.
-Энэ тэмцээнийг хүмүүс их сонирхож байна. Урьд нь зохиогдож байсан тэмцээнүүдээс юугаараа ялгагдах вэ?
-Эзэн Чингис хаан мэндэлсний 852 жилийн ойд зориулж энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Би Эзэн хаанаа шүтэж, дээдэлдэг монгол хүн. Тиймээс үндсэрхэг үзэлтэй монголчуудад зориулсан халз тулаан гэж ойлгож болно. Энд реппер Жи, дуучин Т.Дэлгэрмөрөн, П.Хэрлэн нар үзэгчдэд уран бүтээлээ толилуулна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
jinxene chingiciin udam mongolchuud deed zayatai ard tumen mongolchuud ezen chingicee mongol bichig coeloo curax ex ornoo xairlax eblen negdexiig demjij baina. mongol bichig gazar shoroo ard tumen bol tor zacag niileed mongolchuud um
tugsgul hesgiin yariltslaga ih taalagdlaa