Хэзээ ч нээгээгүй хаалттай бүсүүдийг нээнэ гэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

 

Монголын эдийн засгийг урагш ахиулахад чухал нөлөөллийг үзүүлэх  худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсүүдийг байгуулна гэж хэдэн засаг дамнан яригдаж буй. Өдгөөгийн Ерөнхий сайд эрхэм өмнөх засгийн үед Тэргүүн шадар сайд байх үедээ  чөлөөт бүсийн асуудлыг хөндөн ярьж , Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлыг  2012 оны намар гэхэд эхлүүлнэ гээд байсан.  Тэгвэл тэр сайхан үгс нь хоёр жил шахам царцаж байгаад саяхнаас арай нааштай юм дуулдах болов. Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийг  ирэх сарын 22-нд албан ёсоор нээхээр боллоо гэж нэр бүхий нөхөр дуулгаад байна. 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдсэн гээд байгаа тус бүсийн үйл ажиллагааг эхний ээлжинд туршилтаар явуулах юм гэсэн. Тэгэхээр багагүй хугацаанд хүлээлт үүсгэсэн асуудалд ахиц гарц байгаатай зэрэгцэн, лавшруулан харах ёстой зүйлс байна. Тухайлбал, худалдааны бүсийн үйл ажиллагаанаас үр ашгийг нь хүртэе гэвэл Хиагт-Алтанбулагийн  боомтод анхаарах ёстой юм. Хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон  шинэ гэгддэг тус  боомт хамгийн урт дараалалтай, чирэгдэлтэй тул хилээр орж гарахын тулд доод тал нь 4 цаг, тэгээд бүтэн өдрөө зарцуулдаг.   Авто машины боомт учраас явганаар хил гарах боломж байхгүй, тэгээд л гацдаг гэдгээ нутгийн иргэд хэлдэг.

 

Гэтэл худалдааны бүсэд 15-20 мянган иргэд байнга оршин сууна гэхээр хилээр гарах, орох иргэдийн тоо ихээхэн нэмэгдэнэ гэсэн үг. Уг нь Оросын талаас боомтын үйл ажиллагааг шуурхай, аятайхан болгох талаас нь нааштай шийдэхийн тулд манайд хэд хэдэн санал тавьсан байдаг. Тухайлбал, энэ боомтыг бүтэн хоногоор ажилладаг болгох,  зөвхөн авто машиных биш явган хүнийх болгох саналыг манай талд хүргүүлсэн байдаг юм. Гэвч одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Ер нь бол монголын гаалийн байгууллага ийм горимоор ажиллахад бэлэн бус байгааг Элчин сайд Виктор Самойленко хэлж байсан. Оросын  талаас асуудлыг шийдвэрлэе гээд байхад манай талаас хөдлөхгүй байгаа дүр зураг харагдаж ирсэн юм. Уг нь орчин үеийн энэ терминал хоногт 500 машин гаргах, оруулах тооцоотой ч,  өнөөдөр 50 хүрэхгүй машин гаргаж байгаа аж. Тус боомт хоногт 9-хөн цаг л ажиллахдаа, дамжин өнгөрөхөд шаардлагатай дарааллын журам баримтлах гэхчлэн наад захын журмуудыг мөрддөггүйд ч Оросын тал дургүйцээд байдаг юм.

 

За ер нь бол тус Чөлөөт бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд 2003-2010 онд хийгдэх эхний шатны дэд бүтцийн ажилд 43.3 сая ам.доллар, 6.0 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Гэвч энэ хугацаанд 11.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтын дөнгөж 20 орчим хувийг эзэлж байсан юм. Түүнчлэн  хилийн гарцын асуудлыг шийдээгүй нь үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүйг илтгэж байсан. Мөн  тус бүсийн  захирагчийн ажлын алба нь гадаад, дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай 609.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч тэдгээрийн хугацаа, хамрах хүрээ, шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тусгасан төсөл хөтөлбөр тодорхой бус байгааг Үндэсний Аудитын газраас гаргас ан тайлан мэдээлэлд дурдсан байдаг. Тус бүс 2008 оноос өөрийн эзэмшилд байгаа 165.7 га талбайг 78 гаруй аж ахуйн нэгжид түрээслүүлэн 626.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж бүсийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад зарцуулсан нь Алтанбулаг ХЧБ-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1-т5-5.1.2-т6 заасныг зөрчсөн байгаа юм.

 

Харин энэ удаа хэзээ ч нээгдээгүй бүсээ нээсэн шиг нээх үү гэдгийг харах хэрэгтэй болж байна. Бидний тухайд Чөлөөт бүс гэдэг нэр томъёотой танилцаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч, бодит  ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.

 

 Судалгаанаас харахад дэлхийн 120-иод улс оронд худалдааны болон эдийн засгийн, санхүү банкны, аялал жуулчлалын, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн чиглэлийн 3500 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх тоо байна. Уг нь Чөлөөт бүс байгуулах нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, улс орны хөгжилд тус дөхөм үзүүлж эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэхчлэн ихээхэн ач холбогдолтой.

 

Түүнчлэн манай тухайд ч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тус тус  Худалдааны чөлөөт бүс байгуулахаар, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд, Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолуудын дагуу шийдвэрлэсэн юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар:  Чөлөөт бүс байгуулах зохих шалгуурыг хангасан, харьцангүй бага зардал шаардах, илүү тохиромжтой нутаг дэвсгэрийг сонгон авах; Эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал болон улсын хил орчмын нутагт “Худалдааны чөлөөт бүс”-ийг энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр эдийн засгийн чөлөөт бүсийг нутгийн гүнд үйлдвэрлэл, худалдаа хосолсон хэлбэрээр үе шаттай хөгжүүлэх;

 

Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөл бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэдгээртэй эдийн засгийн ижил орчинд өрсөлдөх нөхцөлөөр хангахад чиглэгдсэн байхаар харьцангуй бага зардал шаардах энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр хөгжүүлэх ѐстой атал дээрх дөрвөн газарт эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн нь цагаа олоогүй хэрэг гэх нь бий. Гэвч нэгэнтээ төр засгийн зүгээс шийдвэрлэчихсэн учраас ажил явах ёстой. Гэтэл чөлөөт бүс урагшлаагүй нь дээрх жишээнээс харагдаж байдаг юм.

 

За мөн худалдааны болон Эдийн засгийн чөлөөт бүс гэдгийн зааг ялгааг гаргахад:

 

Худалдааны чөлөөт бүс гэдэг нь бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, савлах, агуулах, тээвэрлэх чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулан гааль болон худалдааны татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаа эрхлэх;

 

Эдийн засгийн чөлөөт бүс нь гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт техник технологитой үйлдвэр байгуулж, эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх;   үндсэн чиглэлтэй байдаг аж.

 

Тэгэхээр эдийн засагт чамгүй үр ашиг дагуулах учиртай гэж үзээд хөрөнгө мөнгө зарчихсан төрөлжсөн чөлөөт бүсүүдийг нээвэл нээсэн шиг нээх нь чухал байгаа юм.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top