Хагас тэрбумын хүлээлт...

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 13

 

Өнгөрсөн  оны наймдугаар сараас хойш ам.долларын ханш монгол төгрөгийн эсрэг чивчрэн чангарсаар өнөөдрийг хүрч байна. Яг өнөөдрийн тухайд Монголбанкны албан ханшийг харахад 1 ам.доллар       1,808.13 төгрөгтэй тэнцэж байгаа бол, арилжааны банкуудаас Хаан банк гэхэд 1798-аар авч, 1817-оор зарж байна. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар 16 сая ам.долларыг 1811 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдсан мэдээлэл байна.Ерөнхийдөө Төв банкны зүгээс ханшийн өсөлттэй холбоотой мэдээлэл хийхдээ тунчиг тайван байгаа. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад эерэг хандлага давамгайлж байгааг тодотгож буй бөгөөд ам.доллар төгрөгийн эсрэг чангарсныг улирлын чанартай гэж буй.

 

Тухайлбал, улсын эдийн засаг хавар эрчимждэг тогтсон жишиг хадгалагдаж, импорт, гадаад валютын гарах урсгал нэмэгдсэн  нь төгрөгийн ханшид тодорхой хэмжээгээр дарамт үзүүлсэн. Харин энэ тавдугаар сараас  экспортын урсгал нэмэгдсэнээр энэ байдал арилна гэж байгаа юм. За мөн Монголбанкнаас гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд 1 дүгээр сард урт хугацааны своп хэлцлийн журмыг батласнаар, банкууд гадаад зах зээлээс бүрдүүлсэн бонд болон зээлийн эх үүсвэрийн ханшийн эрсдэлээ Монголбанктай санхүүгийн хэрэгсэл ашиглан удирдах боломжтой болсон. Тэгснээр  урт хугацаатай гадаад валютын орох урсгал нэмэгдэнэ. Бас банкууд эх үүсвэрээ төгрөгт шилжүүлж төгрөгөөр зээл олгосноор гадаад валютын зээлийн өсөлт буурч эдийн засаг дахь ханшийн эрсдэл буурах тогтолцоо бүрэлдэх эерэг үр дүнг гарна. Бидний хүлээлтээр ойрын 2-3 сарын хугацаанд 200-500 сая ам.долларын эх үүсвэр банкуудад орж ирэх төлөвтэй байна гэсэн зүйлийг Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа ярьсан байгаа юм. Тэгэхээр ам.доллараар гачигдсан манай эдийн засаг мөдхөн хагас тэрбум ам.долларыг тосон авч таарах нь. Харин тэгээд ханшийн чангаралт саарах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал юм.

 

За ямартай ч  оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буюу 219.9 сая ам.доллараар өссөн гэх мэдээллийг  Үндэсний Статистикийн хорооноос өгөөд байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ сарын экспортын идэвхжил нэмэгдэнэ гэж тооцохоор эерэг үзүүлэлтүүд ойрхон байгаа байж болох юм. Манай экспортын эрдэс бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх ханшийн тухайд нүүрс тогтвортой байгаа бол, төмрийн хүдрийн ханш буурсан үзүүлэлттэй байна.

 

Ер нь бол манай улсад хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85  орчим хувь нь эрдэс баялгийн салбар луу ирдэг гэсэн статистик тоо бий. Хөрөнгө оруулалтын орчноо хуулийн талаас нь өөрчилж засварласнаар татраад байсан хөрөнгө оруулалтын урсгалыг татна гээд байсан. Гэхдээ эрх баригчдын хэлж ярьж байсан шиг учиргүй урсаж цутгасан их хөрөнгө оруулалт орж ирээгүй л байна. Хөрөнгө оруулалт болон  экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн  ханшийг нь сулруулах учиртай тул бид их хүлээлт тээж өдийг хүрч байгаа юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top