2008-2009 оны хямралын дараа эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн таатай жилүүд байв. Гэтэл 2012 оны сүүлийн улирлаас гадаад секторын нөхцөл байдал муудаж, даамжирсаар 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурчээ.
2009 оныг эргэн сөхвөл гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 сая ам.доллараар буюу 32 хувиар буурахад Монголын эдийн засаг -1.3 хувиар буурч, эдийн засаг бүхэлдээ хямарч байсан. Гэтэл 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буюу 55 хувиар буурч байхад эдийн засгийн бодит өсөлт 2013 онд +11.7 хувьтай, 2014 оны эхний улиралд +7.4 хувьтай гарсан. Асар их импортын хэрэглээтэй болчихсон хэврэг эдийн засагт тэр хэрэглээг нь тэтгэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ийм огцом буурчихаад байхад зүй нь 2009 оных шиг, түүнээс ч илүү гүнзгий хямралд 2013 онд орохоор л байлаа. Үүний цаад учир нь асар их мөнгөний дутагдлын зарим хэсгийг нь нөхсөнд оршиж байна. Гэхдээ л Монголд мөнгө, гадаад валют дутагдсаар байна.
Эдийн засгийн биеийн байдал сайнгүй байгааг хүн бүр л мэдэж байгаа. Он гарсаар энэ байдал дорвитой өөрчлөгдсөнгүй, тэр ч бүү хэл найдлага тавьж байсан Оюу-толгойн далд уурхайн хоёр дахь шатны санхүүжилт хүртэл хойшилсон.
Бизнесийн үйл ажиллагаа суларч тэдний ашигт ажиллагаа буурч, алдагдалд орох, ажилчдын цалинг бууруулах, үйл ажиллагаагаа хумих, бүр хэцүүдвэл зарим ажилчдаа цомхотгох байдал руу орж байна. Үүний гол шалтгаан нь эдийн засгийг хэвийн, тогтвортой байлгахад хэрэгцээтэй мөнгө нь дутагдаж байгаад оршино. Аргагүй шүү дээ, манайд орж ирдэг валютын урсгалын тал нь байхгүй болсон ийм нөхцөлд харин ч энэ зэрэгтэй байгаа нь гайгүй мэт.
Тэгвэл энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэсэн асуудал үүсч байна. Хамгийн гол шийдэл нь валютын урсгалыг нэмэгдүүлэх явдал юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдээ яаравчлах, экспортын орлогыг нэмэгдүүлэх зэргээр ямар валют ордог бүх сувгаа идэвхижүүлэх нэн шаардлагатай байна. Ингэж байж валютын хомсдолоос гарч эдийн засгийн бодит өсөлт тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг утгатай болж, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих учиртай.
С.Саруул
Сэтгэгдэл ( 0 )