НӨАТ буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн орлогын найдвартай, тогтмол эх үүсвэр, эдийн засагт нөлөөлөх гаж нөлөө багатай, өргөн суурьтай, бага зардлаар хураах боломжтой, далд эдийн засгийг татварт хамруулдаг, олон улсын жишигт нийцсэн гэхчлэн олон давуу талтай гэж эдийн засагчид хэлдэг. Манай улсад энэ татварыг нэвтрүүлээд 16 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тэгэхдээ ерөнхийдөө энэ татварын талаарх мэдээлэл тааруу бөгөөд хууль батладаг төрийн түшээд нь ч энэ татварын талаарх мэдлэг хомс байж ирснийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн НӨАТ-ын босгыг өндөрсгөе гээд яриад байгаатай зэрэгцэн чухам ямар үндэслэлээр нэмэх гээд байна вэ? Нэмсний үр ашиг юу вэ гэдэг асуулт тавигдаж байгаа бөгөөд Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа энэ үед уг асуудал бүр ч анхаарал татаж буй юм.Засгийн газраас шинээр боловсруулсан хуулийн төсөлд НӨАТ-ын босго хэмжээг 50 сая, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая болгон өөрчилсөн байгаа юм. Босгыг ийнхүү өндөрсгөснөөр татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөнө гээд байна. Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн гэх мэдээллийг өгч байгаа.
Тэгвэл Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор тус хуулийн талаар монголын хувийн хэвшлийнхэн, бизнесийн төлөөллийн байгууллагуудын зүгээс байр сууриа бас илэрхийлж байна.
Тэдний үзэж буйгаар Засгийн газар шинээр хуулийн төсөл боловсруулахдаа түүнд хамрагдах субъектуудын санал хүсэлтийг авах, нарийн судалгаа шинжилгээнд үндэслэх, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх зэрэг олон талт байдлаар ажиллаагүй тул хуулийн үзэл баримтлал, оруулж буй өөрчлөлтүүд нийт бизнесийнхний ашиг сонирхол, хүлээлттэй нийцээгүй, өнгөц заслын төдий хууль болжээ гээд байна. Мөн Монгол улсад 1998 оноос хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулинд өнгөрсөн 16 жилийн хугацаанд 30 гаруй удаа өөрчлөлт оруулж хөнгөлөлт чөлөөлөлтийг хэт хавтгайруулснаар татварын тогтолцоог гажуудуулж, төсөв бүрдүүлэх нэг гол эх үүсвэр болгосон нь уг хуулийн мөн чанар, үзэл баримтлалтай зөрчилдөж ирсэн бөгөөд монгол улсын татварын тогтолцоонд өнөөг хүртэл “нутагшиж” огт чадахгүй байгааг анхааралдаа авахыг хүсч байна гэж буй.
Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгаар оруулсан зарим заалтууд нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хүлээн авах боломжгүй, бизнесийн орчинг хэт муутгасан, зөвхөн төсөв бүрдүүлэх зорилго бүхий, Иргэний хууль болоод бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн байгаа тул тус хуулийг хүлээн авах боломжгүй гэж байна. Тухайлбал, шинэ хуулиар НӨАТ-ын босгыг 50,0 сая төгрөг болгож өсгөснөөр эдийн засаг хэрхэн эрчимжих нь тодорхой бус, тэгээд ч тус албан татварын өөрийн мөн чанар, суурь зарчимтай нийцэхгүй байна. Босгын ойлголтыг өөгшүүлэх нь аж ахуйн нэгжүүд жижгэрэх, хуваагдах замаар татвараас зайлсхийх санаархлыг нэмгдүүлэх бөгөөд нэг талд эдийн засаг дахь компаниудын үйл ажиллагаа, санхүү бүртгэлийн зардал өсөхөөс гадна нөгөө талд төрийн зохицуулалт, хяналтын зардал өсөх сөрөг талтай. Түүнчлэн зах зээл дэхь шударга бус өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бууруулах, улмаар эдийн засгийн эрчимжүүлэх бус харин ч сааруулахаар байна гэж үзэж байгаа аж. Хуулийн шинэчилсэн найруулгаар нэмж оруулсан үндсэн хөрөнгийг бий болгоход НӨАТ ногдуулдаг болгох заалт нь бизнесийн эхлэлийн хөрөнгө оруулалтын хэмжээг шууд 10 хувиар өсгөхөөр байгаа нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг эрс муутгахаар байгаа гэхчлэн хэд хэдэн асуудлыг хөнджээ. Мөн төсвийн орлогын 85 %-ийг бүрдүүлдэг татварын нийт орлогын 34 хувийг бүрдүүлж буй НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүд нь нийт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн дөнгөж 1,25 хувийг эзэлж байгаа нь тус хуулийн хэргэжилт маш хангалтгүй байгаа, татвар төлөгчдийн суурийг өргөжүүлэх арга хэмжээ авахын оронд харин ч цөөлөх бодлого барьж байгаа нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал, дарамтыг улам нэмэгдүүлнэ гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж.
За ямартай ч НӨАТ нь манай тухайд хамгийн тогтворгүй татваруудын нэг байсаар ирсэн гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг. Эрхзүйн орчныг нь өөрчлөхгүй бол болохгүй байна гэж дандаа яригддаг энэ хууль шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш өнөөг хүртэл 31 удаа нэмэлт, өөрчлөлт орж, эдгээр өөрчлөлтөөс гадна НӨАТ-аас чөлөөлөх тухай 26 бие даасан хууль гарсан гээд аваад үзэхээр яах аргагүй ортой л доо. Түүнчлэн энэ удаагийн өөрчлөлт нь оновчтой байгаасай гэдэг асуудал яах аргагүй тавигдаж байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )