РЖД эргэн ирэх гэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

Уул уурхайн баялгийн үнийг жинхэнэ үнээр нь тодорхойлох чухал үүрэгтэй төмөр замын дэд бүтцийн төслүүдийн гацаа хэзээ арилах вэ гэдэг асуудал чухлаар тавигдсан хэвээрээ байгаа энэ үед анхаарал татсан бас нэг мэдээлэл байна. Тэр нь хойд хөршийн РЖД компани Тавантолгойн төмөр замын төсөлд гол үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа мэдэгдээд байна. Манай тал өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдад тавьсан санал болзолдоо өөрчлөлт хийсний улмаас өдийг хүртэл төслөө хөдөлгөж чадаагүй гэсэн бурууг хүлээгээд байгаа. Гэвч төмөр замын дэд бүтцийн асуудал нь стратегийн чухал шийдлийг хүлээж байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Өмнө нь Дэлхийн банкны зүгээс уул уурхайн баялгийг агуулж байгаа өмнөд бүсийг Транс-Монголын төмөр замтай холбох нь тийм ч тулгамдсан асуудал биш хэмээгээд ОХУ одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, төмөр замын багтаамжаа нэмэгдүүлэн, тарифандаа зохицуулалт хийн, боомт зогсоолуудаа ашиглуулах тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай гэж байсан юм.Тэгсэн одоо Дэлхийн банк өөрөө манай  төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж буй.  Дэлхийн банк концессын гэрээгээр явагдах төмөр замын төслүүдэд оролцох боломжтой гээд байгаа юм.

 

За ямартай ч  Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар эрх баригчид царигийн асуудлыг нэг тийш болгохоор тогтож гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Тогтоолд тусгаснаар Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн  царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн буюу өргөн  царигтайгаар барихаар оруулсан байгаа юм. Ер нь бол арван оноос яригдаж эхэлсэн чиглэлийн хувилбар дээр талууд ойлголцсон янзтай байгаа юм. Түүнээс гадна анхаарал татсан бас нэг мэдээлэл бол хойд хөрш Тувагийн Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулсан явдал юм. Гол нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг  Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гараад эхэлсэн.  Энэ нь Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байгаа нь, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулна гэдгийг өмнө нь хөндөж бичсэн билээ.Түүнчлэн энэ тал дээр манай нөхдүүд хойд хөршийн нөхдүүдтэй ярилцаж таарах болов уу. Мөн БНХАУ-ын “Шенхуа Энержи” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран  нарийн цариг бүхий төмөр зам барих  “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км  буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Одоогийн нөхцөл байдлаас харвал  манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай харагдаж байгаа юм.

 

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.193.19) 2014 оны 06 сарын 16

Orosuudtai chuhal salbart hamtarch bolohgui..!!!! Ukrainiig har.... UBTZ-d amerikuud 185 saya $ iin tuslamjiig ugye gehed Orosuud zuvshuuruugui.... UBTZ-iin 50:50 iig 51:49 bolgohiig zuvshuuruhgui bna..... Ene bugd Orsuud hen be gedgiig haruulj bna..... Orsuud Mongol Ulsiig hugjingui bolohod durgui...

0  |  0
junnu(103.26.193.19) 2014 оны 06 сарын 15

Orosuudyn tuhai saihan bodloo chi uurtuu l teej yavah, Mal aa...

0  |  0
банди(202.179.20.188) 2014 оны 06 сарын 14

Энэ нь дээр дээ Орсууд монголд хэзээ ч муу юм хийгээгүй гэдгийг хэлье

0  |  0
zochin(89.82.89.190) 2014 оны 06 сарын 14

Orosuud manaihniig ym hiih geheer teriig ni gatsaadag aragtai hls tavan tolgoid oroltsono geed baisan chal hudlaa

0  |  0
Top