Комд орсон гэж хуулийнхныг хоёр жил хуурчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

Английн иргэн Алан Найт дөрвөн мөч нь саажилттай болсноос ухаангүй байгаа гэж хуулийн байгууллагыг хоёр жилийн турш хуурсан хэргээр шүүгдэх болжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө мартамхай өвчтэй хөршийнхөө 64 мянган долларыг мэхэлж авсан бөгөөд үүнийхээ төлөө шүүхийн хаалга татахгүйн тулд башир арга хэрэглэжээ. Алан Найт  гражийн хаалганд даруулсан гэж эхнэртэйгээ хуйвалдсан аж. Тэд комд орсон тул гэртээ хэвтэрт байгаа гэж шүүхийнхэнд мэдэгдсэн бөгөөд зохих бичиг баримтыг ч бүрдүүлсэн байна. Мөн энэ хугацаанд хөдөлмөрийн чадваргүй гэж Засгийн газраас сар бүр тэтгэлэг авсаар иржээ. Гэтэл тэдний ногооны дэлгүүрт хүнс цуглуулаад явж байгаа бичлэгийг хуулийнхан олсон байна. Энэ талаар эхнэрээс нь асуухад уг бичлэгийг үзэх хүртлээ “Манай нөхөр ухаангүй гэртээ хэвтэж байгаа” гэж хэлсээр байсан гэнэ.

Хоёр жилийн турш гэртээ бүгсэн хэрэгтнийг хууран мэхэлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хулгай хийсэн гэх 19 үйлдлээр нь ирэх сард шүүх юм. Шүүгч Пол Томас “Би амьдралдаа ийм хачин хэрэг сонсож байсангүй. Гэмт хэрэгтнүүдийн ял шийтгэлээс зугтах арга нь улам нарийсч байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top