Төрийн эргэлт: Буркино Фасогийн арми удирдагчаа сонголоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Африкийн Буркино Фасо улсад төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан армийнхан дэд хурандаа Айсаак Зидаг удирдагчаараа нэрлэлээ. Ингэснээр өмнө нь ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дэд коммандлагч байсан Айсаак Зида баруун Африкийн Буркино Фасо улсын төрийн тэргүүн болоод байна. Армийг захирах болсон Зида ням гаригийн өглөө олон нийтийн радиогоор өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсныг зарласан юм.

Африкын төрийн эрхийг хамгийн удаан барьсан хүний нэг болох Компаоре улсаа 27 жил удирдах эрх авахын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж оролдсон. Үүнийг Буркино Фасогийн иргэд эсэргүүцэн хоёр өдрийн турш жагссан юм. Мөргөлдөөний үеэр гурван хүн амиа алдсан бөгөөд жагсагчид парламентын ордонд нэвтэрч, гал тавьсан билээ.

Харин одоо тэмцэгчид нийслэл Оуагадуогоу хотын утаат гудамжаар 1987 оны төрийн эргэлтээр Засгийн эрхийг гартаа авсан Компаорег буулгасны баяраа тэмдэглэж байна.

Тус улсын 1991 онд баталсан Үндсэн хуулийн дагуу хэрвээ ерөнхийлөгч огцорвол парламентын тэргүүн удирдлагыг гартаа авч, 90 хоногийн дотор сонгууль явуулахыг заасан байдаг. Хэдий тийм ч армийнхан хуулийг үл тоомсорлож, Үндсэн хуулийн хэрэгжилтийг түр зогсоогоод байгаа аж.

Айсаак Зидаг Баруун Африкын холбоо болон үндэсний 44 эвсэл хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд засгийн эрхийг иргэдийн гарт өгч, шударга сонгууль явуулахыг шаардаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top