Улс орнуудын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж зээлжих эрхийн үнэлгээ гаргадаг “Fitch” корпораци Монголын банкуудын тухай мэдээлэл гаргажээ. “Fitch” Монголын арилжааны банкууд төрийн оролцоотой зээлийн асуудлаас болж дампуурах эрсдэлтэй байна хэмээн дэлхий нийтэд зарлалаа.
“Fitch” корпораци Ази-Номхон далайн орнуудын банкуудын энэ сарын тайландаа, “Монголын Засгийн газрын бага болон дунд орлоготой өрхүүдэд өртөг багатай орон сууцны зээлээр хангах, инфляцийг хязгаарлах амлалтын дагуу монгол банкуудын зээл олгох тэсрэлт одоо хүртэл үргэлжилсээр л байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Мөн “Монголын Ипотекийн Корпорациас гаргаж буй үнэт цаас нь банкуудын хөрвөх чадварыг дэмжсэнээр иргэдийн орон сууцны зээлэнд суурилсан үнэт цаасны дээд шатны санхүүжилттай Монгол банк санхүүжилтийн 90 хувийг эргүүлэн төлөх боломжтой болж байна. Нөгөө талаар үнэт цаасжуулах нь банкуудын хүүгийн тархалтыг нэмэгдүүлдэг. Хэдий тийм ч зохицуулалтын хөрөнгө оруулалтын зорилгод нийцүүлэн банкууд 1.250 хувийн эрсдэл бүхий үнэт цаас гаргалтыг хадгалж үлдэж байгаа нь зээлийн эрсдлийн ихэнх хэсэг энэ салбарт үлдэж буйн баталгаа” юм гэжээ. Уул уурхайн салбар болон тогтворгүй үйл ажиллагааны орчин нь Монголын банкуудын хувьд гол дарамт болж байгааг тайланд анхааруулсан байна.
Арилжааны банкууд дампуурч болох эрсдэл үүрч буй тухай Fitch-ийн тайлан АНУ-гийн эдийн засгийн хямрал Монголд давтагдаж болох дүр зургийг харуулж байна.
1980 оны сүүлээр яг манайх шиг АНУ-ын Сангийн яам бага орлоготой иргэдийг дэмжихээр орон сууцны зээл олгож эхэлжээ. Аажмаар эдийн засгийн хямрал эхлэнгүүт Америкийн төв банк зээлийнхээ хүүг нэг хувиар бууруулсан бөгөөд энэ бууруулалтаа 1-3 жил орчим хадгалсны улмаас иргэд бэлэн мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь асар их болжээ. Өмнө нь орон сууцны зээл авахад 20 хувийн урьдчилгаа төлдөг байсан бол хүүг тэглэснээр нэг хүн 4-5 байр худалдаж авах болсон байна. Маш олон хүн зээл авсан учраас яг Монголын ипотекийн корпораци шиг зээлүүдийг багцалж бонд болгожээ. Бондуудаа хөрөнгө оруулалтын фондуудад зарахдаа 7 хувь нь л дампуурах эрсдэлтэй хэмээн тооцоолж байсан байна. Гэтэл энэ хувь 15 болж өссөнөөр орон сууцны үнэ унаж эхэлжээ. Үнэ нь унасан байрнууд бүгд өмнө нь банкны барьцаанд тавигдчихсан учраас банкууд алдагдалд орж энэ том гүрний эдийн засаг унаж эхэлсэн хэмээн эдийн засгийн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.
Америкчууд судалгаагаа 40-50 жилээр тооцон долоон хувийн эрсдэл тооцож байв. Харин Монголын банкуудын 1.250 хувийн эрсдлийг хэдэн жилээр тооцсон нь тодорхой биш. Мөн мөнгөний ханш унаж буй ийм үнэт цаасны бодлогоос банкуудын үүрэх эрсдэл нэмэгдэх юм бол манайх шиг жижиг эдийн засагтай улсад арилжааны банкууд дампуурч, эдийн засгийн хямрал нүүрлэхгүй гэх баталгаа маш бага байна. Ийм аюул тун ойрхон байгааг “Fitch”-ийн тайлан анхааруулж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
manaih ter amerikaas chin shaal uur e.z-tai sh de