Дэлхийн худалдааны ихэр цамхгууд 9-р сарын 11-ний өдөр нурснаас хойш бараг 13 жилийн дараа Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төв дахин хаалгаа нээлээ. Тэнгэрт тулсан энэхүү барилгыг нийтдээ 3.8 тэрбум ам.долларын өртгөөр барихад найман жилийн хугацаа зарцуулсан бөгөөд АНУ-ын хамгийн өндөр барилгаар тодроод байна.
541 метрийн өндөртэй энэхүү төвд 9-р сарын 11-ний хохирогсдыг хүндэтгэх дурсгалын танхим болон музейг байгуулжээ. Мөн цамхагийн хамгийн дээд хэсэгт байрлах ажиглалтын тавцан олон нийтэд нээлттэй байх гэнэ.
Худалдааны цамхагийн талбайг эзэмшигч, “Port authority” компанийн захирал Патрик Пое энэ барилгыг Америкийн хамгийн аюулгүй, бөх баригдсан барилга хэмээн онцолж байна. Гангаар бэхжүүлсэн энэхүү барилгын дизайныг “TJ Gottesdiener of the Skidmore”, “Owings & Merrill” фирмүүд хамтран гаргажээ.
2015 он гэхэд шинэ худалдааны төвд 3000 гаруй албан хаагч нүүж очих аж. Дэлхийн шинэ худалдааны төв нь өмнөх ихэр худалдааны төв байршиж байсан 16 акр газарт баригдсан юм. 2001 оны 9-р сарын террорист халдлагаар 2700 гаруй хүн амиа алдсан билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )