МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Эдийн засаг хүндэрлээ, хямарлаа л гэлцээд байна. Яг хямрал мөн үү. Ямар нөхцөлд эдийн засаг хямардаг вэ?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан. Гэхдээ эдийн засгийн хямрал гэж болохгүй. Эдийн засгийн тодорхойлолтоор тухайн улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал дараалан хасах утгатай гарсан тохиолдолд эдийн засаг хямарчээ гэж үзнэ.
-Тэгэхээр эдийн засгийн хүндрэл байж таарлаа?
-Эдийн засаг хямраагүй ч 2014 онд хүндэрсэн гэдэг нь улс орны эдийн засгийн байдал , иргэдийн амьдралд ч мэдрэгдэж байна.
-2014 онд Мөнгөний бодлого, Төсвийн бодлоготойгоо уялдаж чадав уу?
-Инфляцийг найман хувьд барина гэсэн ч хоёр оронтой тоонд орсон. Мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Тэгэж байж эдийн засгийн нөхцөл байдал сайжирна.
-Шалтгаан нь юу вэ?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Эдийн засгийн ерөнхий төлөв байдалд нөлөөлөх байсныг харгалзаж үзэхгүйгээр Засгийн газар зорилго тавьсан нь нөлөөлөх шалтгаан болоод зогсохгүй тавьсан зорилгодоо хүрээгүй.
-“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа . Үнэ тогтворжсон уу?
-Хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сайн хэрэг. Шатахуун, шатах тослох материалын үнийг бол тогтворжуулж чадлаа.
-Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсан. Төвбанкнаас 2015 оны мөнгөний бодлоготой холбоотой гаргасан мэдээлэлд ингэж дурьдагдсан байсан?
-Гол нөлөөлөл нь экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн уналт. Манай улсын эдийн засгийн бараг 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унангуут гаднаас манай улсад орж ирэх шууд хөрөнгө оруулалт саарахаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа юм.
-Засгийн газрын гадны зах зээлээс босгосон “Чингис”, Самурай бондын зарцуулалт зөв үү?
- Дотоодоос мөнгө олох боломж хомс байсан учраас гадны зах зээлд бонд гаргаж санхүүжилт оллоо. Энэ бол зээл болохоос өр биш шүү. Олж ирсэн зээлээрээ баялаг бүтээгээд олсон орлогоороо зээлээ хүүтэй нь төлөөд явах ёстой.
-“Чингис” бондоос дэд бүтэц, барилга, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд зарцуулж байна. Орлого бүтээж, зээлийг төлөх нь аль төсөл байх боломжтой вэ?
-Зээлийг аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох, нийслэлийн замуудын уулзварыг сайжруулах, орон сууцжуулах хөтөлбөр, “888” төсөлд зарцуулсан. Зарцуулж ч байна. Барилгын салбар, “888” төсөл орлого бүтээнэ. Эндээс зээл, зээлийн хүү төлөгдөх учиртай юм.
-Дэд бүтцэд зориулсан зээлд иргэд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Тийм хэдий ч бодит байдал өөр. Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжүүддээ бизнес эрхлэх орчинг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ утгаараа дэд бүтцийг өөлж болохгүй. “Чингис” бондын зарцуулалт орлого нь уг бондоос зарцуулагдсан хэсгийн хүүг нь төлөх боломж байна уу гэдгийг сайн тооцоолох хэрэгтэй л дээ.
-Банкны систем сайжирсан гэж Монголбанкны мэдээлэлд дурьдсан байсан?
-Манай улсын санхүү банк тогтолцоо, төвтэй. Банкны эрсдэл даах чадвар сайн байх ёстой. Үүнийг хангахын тулд шалгуур үзүүлэлтүүдийг Монголбанкаас тавьдаг. Арилжааны банкууд Төвбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангана гэдэг нь тухайн банкны үйл ажиллагаа тогтвортой гэсэн үг. Гэхдээ ганцхан банкны салбар манай улсын санхүүгийн чадварыг бүрэн дааж чадахгүйд л гол учир байгаа юм. Богино хугацаатай мөнгө эргэлддэг биш урт хугацаагаар үнэт цаас эргэлдүүлдэг тогтолцоо үнэхээр дутагдалтай.
-Үнэт цаасны зах зээл хөгжих боломж харагдах юм уу?
-Үнэт цаасны зах зээлд худалдагч, худалдан авагч, бүтээгдэхүүн нь байх шаардлагатай. Манай хөрөнгийн зах зээл бараагүй учраас үйл ажиллагаа нь урагшлахгүй байна. Гурвууланг нь бий болгох хэрэгтэй. Мөнгө босгох сонирхолтой компаниуд, худалдан авагч, хөрөнгө оруулагчид шаардлагатай байна.
-Үнэт цаасны зах зээл идэвхжихгүй байгаагийн гол саад юу вэ?
-Хамгийн том бэрхшээл нь иргэдэд үнэт цаасны зах зээлд оруулах хуримтлал алга.
- Долларын ханш өсөхөөр иргэдийн амьдралд нөлөөлж, бухимдаад эхэлдэг. Хуулиараа ханшийг тогтмол барьна гэж заагаагүй. Монголбанк бодлогоо зөв тодорхойлж чадаж байна уу?
-Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшийг долларын эрэлт, нийлүүлэлтээр тооцдог. Монголбанкныхан тооцоо, судалгаагаа маш сайн хийдэг. Санаанаас зохиосон зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр тодорхой тоо хэлэхийн давуу тал нь ам.долларын тухайн ханш дээр хүлээлт үүсгэчихдэг. Аж ахуйн нэгжүүд ажлаа суурилж төлөвлөнө гэсэн үг. Таны хэлсэнчлэн ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох учиртай. Шаардлагатай үед огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор Төвбанкнаас захад оролцдог.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр худалдаа, гүйлгээ хийнэ гэсэн хуультай ч хэрэгжихгүй юм. Нөгөөтэйгүүр долларын өсөлтөд нөлөөлөөд байдаг?
-Ёстой буруу зүйл. Энэ чинь эргээд манай санхүүгийн зах зээлд ам.долларын хөөсрөл үүсгэчихэж байгаа юм. Эрсдэл гарах нь, эдийн засаг муудах нь гэх сургаар бэлэн мөнгөтэй хүмүүс ам.доллар худалдаж аваад, хэрэглэхгүй, хөөсөн эрэлт үүсгэдэг. Ингээд даамжраад байдаг. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн дэвсгэрт болох төгрөгөөр худалдаа, гүйлгээ хийнэ” гэдэг заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хяналттай ажиллах хэрэгтэй. Арилжааны банкинд ам.долларын харилцах, хадгаламж нээхэд ч хяналттай байх хэрэгтэй.
-Хувь хүний хөрөнгө мөнгөний асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг болох юм биш үү?
-Тийм зүйл болохгүй. Зайлшгүй ам.доллараар харилцах шаардлагатай тохиолдолд зөвшөөрдөг байж болно. Өөр бусад тохиолдолд доллар, валютын хадгаламж нээхийг хязгаарлах хэрэгтэй. Ингэснээр ам.долларын хөөсрөл, өсөлтийг хязгаарлана.
-Ийм болсон тохиолдолд хаанаас хянах вэ. Монголбанк уу, Санхүүгийн зохицуулах хороо юу. Эсвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар уу?
-Санхүүгийн зохицуулах хороон дээр төвлөрөх байх л даа. Монголбанк хяналтаа тавиад явах ёстой болов уу гэж бодож байна.
-Монгол төгрөгөөр худалдаа хийсэнгүй гээд торгоод өнгөрөх төдий арга хэмжээтэй байдаг?
-Арга хэмжээ хангалтгүй. Яг үнэндээ төгрөгөөр худалдаа хийсэнгүй гэхээр торгуулийг нь төлчихөөд ам.доллараар худалдаагаа үргэлжлүүлэх сонирхолтой хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд бий нь үнэн. Тиймээс хатуухан арга хэмжээ авдаг болох. Тухайлбал, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг хуулийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ тэгж л хандах хэрэгтэй.
-Хөрөнгийн дотоодын зах зээлд Засгийн газрыг үнэт цаасыг гаргаж иргэдэд худалдах шийдвэр бараг гарч байх шиг?
-Хадгаламжийн хүүгээс бондын хүү өндөр тохиолдолд иргэд хөрөнгө оруулалт хийнэ. Саяхан манай нэг эрдэмтэн судалсан. Үнэт цаасны ногдол ашиг бондын хүү хадгаламжийн хүүнээс бага тохиолдолд үнэт цаасны зах зээл ажиллахгүй гэсэн судалгаа гарсан байв. Бас бондын үнэ 100 мянга, нэг сая төгрөг байх зэргээс шалтгаална. Засгийн газрын үнэт цаасыг дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаж, иргэдийн хуримтлалын мөнгийг татая гэж байгаа бол эл хоёр зүйлд анхаарах хэрэгтэй.
2015 онд эдийн засаг хүндэрнэ гэлцээд эхэллээ?
-Шууд хэлэх боломжгүй. Улс оронд ч хувь хүнд ч мөнгө санхүүжилт зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ санхүүжилтийг яаж олох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энд нэг гаргалгаа бий. Нэг сайн зүйл ажиглагдсан нь манай иргэдийн хадгаламжийн хэмжээ өсч 10 их наяд төгрөгт хүрсэн. Япон, Хятад улсад ард түмэн нь хуримтлал ихтэй учраас Засгийн газар нь дотооддоо бонд гаргаад иргэддээ худалдаж, санхүүжилтээ олоод явчихдаг. Ингэж хөгжсөн.
-Улс орныхоо санхүүд туслах хэмжээний хадгаламжтай болохын тулд иргэд яах ёстой вэ?
-Хадгаламжтай болохын тулд хэрэглээгээ багасгах, бэлэнчлэх сэтгэлгээгээ болих, хэмнэж сурах хэрэгтэй. Эргээд улс орныхоо эдийн засагт иргэн хүний оруулах том хувь нэмэр болж хувирдаг.
-Та Япон, Хятад улсын иргэд ийм хадгаламж үүсгэсэн тухай цухас ярьсан. Тодруулбал, сонирхолтой байх болов уу?
- Япон улс. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь доройтсон. Ийм үед ард түмэн нь бүсээ чангалж, мөнгө хуримтлуулсан. Ингээд дотоодын санхүүгээ босгочихсон. БНХАУ ч ялгаагүй. Хэрэглээгээ багасгасан. Бүгдээрээ тодорхой хугацаанд нэг ижил дүрэмт хувцас өмсдөг болсон. Үр дүнд нь яасан. Иргэд нь хуримтлалтай болж, улсныхаа эдийн засгийг сэргээсэн. Эргээд иргэд нь чинээлэг болж, хэрэглээд эхэлсэн.
-Манайхан эл хоёрын улсын жишээнээс эсрэгээр явдаг юм байна шүү дээ?
-Яг тийм. Энэ тал дээр би судалгаа хийж, ярьж ч байна. Манайхан мөнгөтэй, орлоготой хүнийг дагаж, дууриаж, хэрэглээгээ өсгөөд байдаг. Өөрөө орлого багатай байтлаа орлоготой хүнийг дууриаж, эцэстээ цалингаас цалингийн хооронд, өрөөс өрийн дунд амьдардаг болчихсон.
-Гэхдээ буруугаа хүлээдэггүй. Засгийн газар, зээл өгсөн банкыг ч буруутгаж мэднэ?
-Зах зээлийн нөхцөлд санхүүгийн мэдлэг, хэмнэлтийн талаархи ойлголт иргэдэд дутмаг байна. Эцэстээ амьдрал нь дэвжихгүй байгаагийн бурууг Засгийн газар, эсвэл зээл олгосон арилжааны банкинд өгөх гээд байдаг гэмтэй нь үнэн.
-Иргэдээс шалтгаалахгүй төрөөс анхаарах ямар боломж байна вэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварыг төр маш зөв тогтоож авах ёстой юм. Далд эдийн засгийг илрүүлж, татварыг нэмэгдүүлэх шилдэг арга. Манай дотоод нөөц. Анхаарах л хэрэгтэй.
-Хууль тогтоогчид далд эдийн засгийг илрүүлэхийн тулд жилд 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын тодорхой хувийг буцааж олгох зэргээр арга хэмжээ авахаар яриад л байна. Зөв үү?
-Нэг их үгүйсгэмгүй байна. Үр дүн нь адилхан санагддаг. Татварт төлсөн 100 төгрөгийн 90 төгрөгийг нь буцаагаад өгөхөөр далд эдийн засаг илрүүлэхэд үр дүн өгч магадгүй. Улс орны эдийн засагт үзүүлэх дэм, нөлөөл нь ямар байх вэ гэдэг эргэлзээтэй.
-Татвараар л эдийн засгийг зохицуулж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж болмоор гэж ойлгогдлоо. Улс орон бүр онцлогоосоо шалтгаалаад татварын тогтолцоо нь өөр байх. Таны хувьд манайд зохих, хэрэгжүүлмээр татварын тогтолцоо гэвэл?
-Сүүдрийн татвар гэж байна. Энгийнээр тайлбарлая. Манайд нэгнийхээ цонх, нар тусах боломжийг хаагаад өндөр барилга барьдаг даа. Үүнтэй л адилхан утга юм. Айлын байшингийн цонх хаагаад өндөр барилга бариад амьдарч болно. Тэр айлын байшингаас дээш гарсан давхар бүрийнхээ тоогоор өндөр татвар төлөөрэй гэдэг шаардлага тавигддаг. Татварыг зөв хэрэглэж чадвал сайхан арга болдог.
-Төсвийн алдагдал заавал байх ёстой юм уу?
-Төсвийн алдагдалд хоёр хүчин зүйл буюу орлого багасах, зарлага ихсэх нөлөөлнө. Төсвийн алдагдлыг аюултай гэж хүмүүс ойлгодог. Тийм биш. Байдаг л үзэгдэл. Төсвийн орлогоос давсан зарлага нь эргээд орлого бүтээж ирээдүйнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна уу гэдгээр тодорхойлогдоно. Өндөр хөгжилтэй орнуудын төсвийн алдагдал маш өндөр. Тэр хэмжээгээрээ тухайн улсын Засгийн газар нь иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна гэж ойлгогддог.
-2015 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2.5 дахин нэмнэ. Хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг сар бүр олгоно гээд орсон байсан. Мөнгө нь байгаа юмуу ?
-Шаардлагатай учраас санхүүжилийн эх үүсвэрийг олох хэрэгтэй. Түрүүн яриандаа арга замуудаас нь дурьдсан. Инфляцитай үед орлогыг зайлшгүй индексжүүлж байх учиртай. Гаднаас олсон зээлээрээ орлого болгож, дотоодоос олсон орлогоороо цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүдийн мөнгийг өгвөл болж байна.
-Ирэх жил хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд л горьдоод ...?
-Хууль нь гайгүй болсон шиг билээ. Хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Гэхдээ зөвхөн уул, уурхайг битгий хараарай гэж л хэлэх байна. Хөдөө аж ахуйн салбарт, хөнгөн үйлдвэрлэл, түүхий эд боловсруулах үйлдвэр зэрэгт гадны хөрөнгө оруулалтыг түлхүү оруулахад анхаарал хандуулах нь зөв.
-Та бид хоёрын яриа өндөрлөх дөхөж байна. Таньд ер нь зав бага гардаг байх?
-Зав гардаг. Дуртай зүйлээ хийдэг хүнд ажил түвэг болдоггүй юм.
-Сүүлийн үед ямал зүйлд голчон анхаарч байна вэ?
-Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг ойлгосон учраас судалгаа хийж байна. Иргэдийг мөнгөө зарцуулах боловсролтой болгочихвол....
-Бас сонин гаргаж байгаа гэв үү?
-Иргэдийн санхүүгийн боловсролд нэмэр болох үүднээс “Санхүүгийн лавлах мэдээ” долоо хоног тутмын сонин гаргаж байна. Таван лекцээ DVD болгож, “Өрхийн төсөв” гэсэн товмхимол хэвлүүллээ. Хот, хөдөөгүй байгууллага, хүмүүсийн урилгаар очиж лекц уншиж байна.
-Урилга, заллага их байна гэдэг иргэд санхүүгийн боловсрол, мэдлэгтээ анхаарч байгаагийн илрэл байх?
-Харин тийм. Нэг ч гэсэн хүн, байгууллага, хамт олонд хуримтлалтай болох сэдлийг өгөхсөн гэж бодох юм. Иргэд идэвхтэй яриад эхэлж буй нь олзуурхууштай гээд их баярлаж явна.
Сэтгэгдэл ( 1 )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик